УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Энэхүү Ажлын хэсэг нь айл өрхүүд гэр, амины сууцаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй сууц шинээр барих, цахилгаан болон дулааны хангамжаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, утаагүй халаалтын болон хөрс бохирдуулдаггүй бие даасан ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхийг цогцоор нь дэмжих чиглэлд ажиллах юм. Мөн “Эко өрх”-ийн шалгуур, дэмжлэгийн хэлбэр, нөхцөлийг тодорхойлно. Түүнчлэн амины орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон зээлийн хугацааг уртасгах, хүүг бууруулахад шаардагдах зардлыг 2027 оны улсын төсөвт тусгуулах санал, тооцоо судалгааг боловсруулах чиг үүргийг тус Ажлын хэсэгт даалгасан байна. Ажлын хэсэг холбогдох санал, дүгнэлтийг УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулж, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллах юм.

Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Г.Очирбат, Л.Соронзонболд, А.Ундраа, С.Цэнгүүн, М.Энхцэцэг нар ажиллана. Мөн захирамжийн хавсралтаар баталсан Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүнд холбогдох яамд, төрийн болон нийслэлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулжээ.
Гал түлэхгүй, гадаа гарч бие засахгүй, үнс нурмаар орчноо бохирдуулахгүй амьдрах айлын тоогоор ажлын үр дүнг хэмжинэ

Үргэлжлүүлэн дээрх захирамжийн дагуу байгуулагдсан "Эко өрх"-ийг дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр (2026.10.08) боллоо. Хуралдаанаар Ажлын хэсгийн хүрэх үр дүн, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар хэлэлцэж, агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад өрхийн болон аж ахуйн нэгжийн түвшинд хэрэгжүүлэх шийдлүүдийг тодорхойлов. Тухайлбал, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний эх үүсвэрийг бие даан шийдвэрлэх, уурын болон нам даралтын зуухыг утаагүй технологид шилжүүлэх боломжийг судалж, дэмжихээр боллоо. Энэ хүрээнд УИХ-ын дарга С.Бямбацогт хуралдааныг чиглүүлж дараах үүргийг өгөв.

Үүнд: Өрхийн түвшинд: Гэр, амины сууцаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй сууц шинээр барих, цахилгаан болон дулааны хангамжаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, утаагүй халаалт болон хөрс бохирдуулдаггүй бие даасан ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхийг цогцоор нь дэмжих шийдэл гаргах
Аж ахуйн нэгжийн түвшинд: Хэрэгцээт эрчим хүчний эх үүсвэрээ бие даасан байдлаар шийдвэрлэх, уурын болон нам даралтын зуухаа утаагүй технологиор солихыг дэмжих
Дээрх зорилтын хүрээнд Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох холбогдох яам, агентлаг, мэргэжлийн байгууллагуудаас тодорхой санал, эдийн засгийн тооцоолол, журмын төсөл боловсруулж, дараагийн хуралдаанд танилцуулах үүргийг өглөө. Тэрбээр хурлын төгсгөлд, "Гал түлэхгүй, гадаа гарч бие засахгүй, утаа уугиулж үнс нурмаар орчноо бохирдуулахгүй амьдрах айлын тоогоор энэхүү Ажлын хэсгийн бодит үр дүнг хэмжих болно" гэдгийг онцгойлон санууллаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.




