Мадурог баривчилж, дэглэмийг нь унагаав

Мадурог баривчилж, дэглэмийг нь унагаав

 

Энэ сарын 3-нд АНУ Венесуэлийн эсрэг цэр­гийн ажиллагаа явуулав. Венесуэлд цо­хилт өгч, Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилж, улсаас нь гадагш гаргаснаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нотлов. Ма­дуро болон түүний гэргийг Нью-Йорк хотноо аваачаад “мансууруулах бодисоор алан хя­дах ажиллагаа үйлдсэн”, хар тамхи дамлан ху­далд­сан, зэвсэг хадгалсан гэсэн хэрэгт буруут­гасан байна. Түүгээр ч барахгүй Мадурог “Одоо Ерөнхийлөгч биш, эрх мэдлийг нь хэн нэ­гэнд шилжүүлтэл Венесуэлийг АНУ удирдан чиг­лүүлнэ” гэж Дональд Трамп мэдэгдсэн байна. Мадурог хулгайлсантай холбогдуулж түү­ ний үүргийг түр гүйцэтгэхийг Венесуэлийн Дээд шүүх Дэд Ерөнхийлөгч Дельси Родригест даал­га­жээ. 

Венесуэлийн холбоотнууд Америкийн үйлд­лийг буруутгасны дотор Оросын Га­даад хэр­гийн яам “Венесуэлийн эсрэг зэвсэгт тү­ рэм­гийлэл хийлээ” гэж мэдэгдэв. Вене­суэлийн ард түмэнтэй эв санаа нэг байгаа бө­гөөд үн­дэс­ний эрх ашиг, улсынхаа тусгаар тогтнолын төлөө бодлогыг нь дэмжиж буйгаа уг мэдэгдэлд өгүүлсэн байна. Каракаст байгаа ОХУ-ын ЭСЯ Венесуэлийн эрх баригчидтай бо­лон энд байгаа иргэдтэйгээ тогтмол хол­боотой буй, тэднээс хохирсон хүмүүс одоо­гоор байх­гүй гэж тэмдэглэжээ. АНУ-ын үйл ажиллагааг Куба, Иран улс ч буруушаажээ. Энэ үйл явдалд оролцохыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Иран уриалав. “Хоёр улсын залгаа хил дээр “аюул­гүй байдлыг хамгаалах хүчин”-ээ бөөгнүүл­сэн, дүрвэгчид олноор орж ирэх гэвэл бүх нөөц боломжоо ашиглана” гэж Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро мэдэгджээ. Бас нэг хөрш Гайаны Ерөнхийлөгч Ирфаан Али аюул­гүй байдлын төлөвлөгөөгөө ашиглахад бэ­лэн гэсэн байна. Европын Холбооны гол дип­ло­матч Кая Каллас ямар ч нөхцөл байдалд олон улсын эрх хэмжээг мөрдөхийг онцолжээ. Тэр­бээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мар­ко Рубио болон Элчин сайдтайгаа утсаар ярьж, байдлыг бид анхааралтай ажиглаж байна гэ­жээ.

Венесуэлд өгсөн цохилтооТрамп “гай­хал­тай ажиллагаа” гэж үнэлсэн байна. Уг ажил­лагаанд АНУ-ын хүний эрхийг хамгаалах байгууллагууд оролцсон гэж тэр хэлжээ. Уг нь Мадурог сайн дураар огцрохыг нь АНУ хэдэн сар хүлээсэн гэж “Axios” агентлаг Трампын хэд хэдэн зөвлөхийн үгнээс эш татан мэдээлсэн байх юм. Аризона мужаас сонгогдсон Сенатын гишүүн Рубен Гальего “Энэ бол хууль бус дайн” гэж үзэж буйгаа илэрхийлээд,“Амьдралд нь тохиолдсон зөвтгөж болшгүй хоёр дахь дайн” гэж хэлээд, нийгмийн сүлжээндээ “Нэг жил хүрэхгүй хугацаанд бид дэлхийн харгис цагдаагаас ярдаг амьтан болж орхив” хэмээн бичсэн байна. БНН-аас сонгогдсон сенатор Майк Ли “Энэ үйлдлээ дайн зарлахгүйгээр, Конгрессын зөвшөөрөлгүйгээр хийснээ хуулийн үүднээс зөвтгөхийг нь тэсэн ядан хүлээж байна” гэсэн байх юм. Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярихад Мадуро АНУ-д харуул хяналт дор байгаа болохоор Венесуэлд цаашид ямар нэг ажиллагаа явуулахаар төлөвлөөгүй хэмээсэн гэж Юта мужаас сонгогдсон энэ хүн мэдээлжээ. Тэгвэл Венесуэлийн Үндсэн хуулийн дагуу эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэгтэй тус улсын Дэд Ерөнхийлөгч Дельси Родригес “Мадуро болон түүний гэргий хаана байгааг бид мэдэхгүй” гэсэн байна. Энэ хатагтай “Тэд эсэн мэнд байгааг даруй нотлохыг шаардаж байна” гэ­жээ. Ве­несуэлийн Батлан хамгаалахын сайд Падрино Лопес АНУ-ын үйлдлийг “цэргийн түрэмгийлэл” гэж нэрлээд, үндэсний хэмжээний цэргийн дайчилгаа зарлажээ. Тэрбээр үндэсний батлан хамгаалах бүх төлөвлөгөөг эхлүүлж, эх орноо бүх талаар хамгаалахад бололцоогоо дайчилна гэж мэдэгдэв. Америкийн “хулчгар” довтолгооноос хойш улс даяар амгалан тайван болсон гэж Венесуэлийн Дотоод хэргийн сайд Диосдадо Кабельо мэдэгдээд, одоогийн улс төр-цэргийн удирдлагад итгэхийг иргэддээ уриалжээ. Америкийн цохилтод жирийн иргэд өртсөн, орон сууцын хорооллуудад тэсрэх бөмбөгүүд унасныг Кабельо нотолсон байна. Нийслэл Каракас хотод дор хаяж долоон удаа дэлбэрэлт болжээ. Америкийн довтолгоонд олон улсын хамтын нийгэмлэг анхаарлаа хандуулахыг уриалав. Венесуэлийн Гадаад хэргийн сайд Иван Хиль ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг хүсжээ. Сая Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Мария Корина Мачадогийн тэргүүлж буй Венесуэлийн сөрөг хүчин одоогоор албан ёсоор мэдэгдэл хийхгүй гэж мэдээлсэн байна.

АНУ энэ довтолгоонд армийнхаа зэвсэглэлд байгаа СН-47 “Чинук” гэдэг нисдэг тэргүү­дийг ашигласан нь Каракасаас дамжуулсан бич­лэгээс харагджээ. Анхны дэлбэрэлт болс­ны дараа Каракас хотын хэд хэдэн дүүрэг гэрэл цахилгаангүй болсны дотор Батлан хам­гаалах яамны төв байр, армийн командлал байдаг өмнөд хэсэг ч өртжээ. Довтолгоон эхэлмэгц Ерөнхийлөгч Мадуро улс орондоо онц байдал тогтоосон байна. Удалгүй хотын гудамжинд хуягт техникүүд орж ирээд Ерөнхийлөгчийн Мирафлорес ордны эргэн тойрныг эзэлж авчээ. Энэ ажиллагааг урьдаас сайтар төлөвлөсөн, түүнд цэргийн чадварлаг алба хаагчид, хүмүүс оролцсон гэж Дональд Трамп мэдэгдсэн байна.

Дээр нэрийг нь дурдсан Майк Ли-гийн мэдэгдсэнээс үзвэл Мадурог олзолж аваад Венесуэл дэх Америкийн цэргийн ажиллагаа зогсжээ. Түүний хэлснээр бол Венесуэлийн Ерөнхийлөгчийг баривчлах тушаалыг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өгсөн байна. Түүний орлогч Кристофер Ландау, Америкийн ерөнхий прокурор хатагтай Пэм Бонди нарын мэдэгдсэнээр Николас Мадуро, гэргий Силия Флорес нарын хэргийг НьюЙоркийн шүүх шийдэх юм байна. Тэднийг тусад нь хорьж байгаа аж. Мадурог тээвэрлэхдээ Америкийн арми онц аюултай гэмт хэрэгтэнд хэрэглэдэг аргаараа хандан баг өмсгөж, гарт нь гав зүүж, шуугиан чимээ сонсогдохгүй чихэвч хийлгэсэн байв.

Венесуэлд агаараас биш, газраас цохилт өгч, Мадурог суудлаа орхиход хүргэнэ, Цагаан орд­ны үзэж буйгаар хар тамхи тээвэрлэж яваа хөлөг онгоцнуудад цохилт өгөхөөр төлөв­лөсөн гэж Трамп урьд нь мэдэгдэж байсан юм. Ма­дуро ч мансууруулах бодисын эсрэг тэмцэлд хамтрахыг АНУ-д санал болгож байжээ. Вене­суэлийн байр суурь тодорхой, дайныг биш, энхийг хүсэж байв. Энэ талаар хэлэлцээр хийхийг тэд (АНУ) хүсвэл бид бэлэн. Нефть авахыг хүссэн ч бид хөрөнгө оруулахаас татгалзахгүй гэж Николас Мадуро хэлж байжээ.

Дэлхийн II дайны дараа тогтсон дэг жаягийг зөр­чиж буйг Америкийн Венесуэлд хийсэн үйлдэл нотоллоо гэж Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо дүгнэв. Тагнуулын салбар дахь давуу байдал, радио электрон тэмцлийн хэ­рэгсэл ашиглаж Венесуэлийн агаарын цэргийн хүчин болон агаараас эсэргүүцэн хамгаалах чадварыг ажиллагаагүй болгосноор Латин Америкийн энэ улсад АНУ цэргийн ажиллагаа явуулах боломжтой болсон гэж Хятадын цэргийн шинжээчид дүгнэсэн байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Мак­рон “Венесуэлийн ард түмэн Мадурогийн дарангуйл­лаас салж буйдаа баярлах ёстой. Тэрбээр эрх мэдэлтэй болмогцоо үндсэн эрх чөлөө, ард түм­нийхээ нэр төрийг үгүй хийсэн юм” гэж урьд нь мэдэгдсэнийг Венесуэлийн Засгийн га­зар эрс эсэр­гүүцэж, манай ард түмэн тусгаар тогт­­ носон, Үндсэн хууль ёсоор сонгогдсон Ерөнхийлөгчтэй, хууль ёсны байгууллагууд, байгалийн нөөцтэй, ард түмнийхээ хүсэл зоригийг удирдлага бол­го­сон Засгийн газартай, Үндсэн хуульт дэг­лэмтэй” гэж хариу мэдэгдсэн байна. 

Николас Мадурог барьж авснаар Вене­суэлийн ард түмэн эрх чөлөө, ардчилал, энх амга­ланд хүрэх боломжтой боллоо хэмээн Канад улс баяр хүргэсэн байна. Венесуэлд наад зах нь 40 хүн амь үрэгдсэн гэж тус улсын мэдээллийн агентлаг үзэж байна. Конгрессын гишүүн Жинн Шахмин Америкийн цэргүүдээс ч шархадсан гэж мэдэгдсэн ч тоог нь хэлээгүй байна. Латин Америк, Карибын орнуудын хамтын нийгэмлэг өчигдрийн Венесуэлд сайд нарын уулзалт хийхээр төлөвлөснийг Бразилийн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Мария Лаура да Роша мэдээлэв. Дональд Трампын түрэмгий үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж олон арван хүн өнгөрсөн бямба гарагт Цагаан ордны дэргэд цуглажээ. Николас Мадурог хулгайлсан нь АНУ-ын үйлдсэн төрийн алан хядах ажиллагаа гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи үзжээ. Тэгвэл АНУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга генерал Дэн Кейн Венесуэл дэх цэргийн ажиллагааг олон сар хийсэн төлөвлөгөө, бэлтгэлийн оргил нь гэж үнэлжээ. Тэрбээр “Манай хүчин тус бүс нутагт байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байж өөрийгөө хамгаалахад бэлэн байна” гэжээ.

Венесуэлийн Гадаад хэргийн сайд Иван Хиль “мансууруулах бодис бол тус улс руу довтлох шалтаг, АНУ-ын гол зорилго нь түүний нефтийн нөөц” гэж үзэж байна.

Р.Жаргалант

https://www.unuudur.mn/a/279577

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen