Саудын Араб дахь АНУ-ын Элчингийн байр дроны халдлагад өртжээ
АНУ, Израиль улсууд Иран руу дайрснаас хойш 1250 бай хэдийнэ цохилтод өртөөд байгааг Трамп мэдэгдсэн. Түүнчлэн өргөн цар хүрээтэй байлдааны ажиллагаа үүгээр зогсохгүй цаашид ч үргэлжлэнэ гэжээ. Ираны дэглэмийн устгах эцсийн бөгөөд хамгийн зөв сонголт нь дайн эхлүүлэх байсан гэдгийг Трамп хэлж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ч ерөнхийлөгч Трампын үгийг бататгаж, Иранд өгөх хамгийн хүнд цохилтоо хараахан өгөөгүй байна гэж хэллээ.
Дашрамд дурдахад, өнгөрсөн Бямба гаригт Ираны охидын сургууль халдлагад өртөж, нийт 153 хүн амь үрэгдсэнийг хэвлэлд мэдээлээд буй. Энэ талаар сэтгүүлч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогоос асуужээ. Түүнийг энэ талаар мэдэж байгаа эсэхийг асуухад "Би энэ талаар мэдсэн. Хэрэв энэ манай өгсөн цохилт мөн бол Батлан хамгаалах яам мөрдөн шалгах болно. АНУ санаатайгаар сургуулийг онилохгүй. Хэрвээ үнэхээр хүүхдүүд амиа алдсан бол үр дагавар нь маш эмгэнэлтэй байх болно" гэж хариулжээ.
АНУ, Израилийн хамтарсан цохилтын хариуг Иран барьж эхэлснээр, Ойрхи Дорнод тэр аяараа үймж эхлээд буй. Тэгвэл Саудын Арабын нийслэл Эр-Рияд дахь АНУ-ын Элчин сайдын яамны байр дроны халдлагад өртсөнийг "BBC" өнөө өглөө мэдээлжээ. Хоёр дроноор тус байгууламжид цохилт өгсөн бөгөөд жижиг хэмжээний гал гарч, барилгад бага зэрэг гэмтэл, хохирол үүссэн гэдгийг Элчин сайдын яам мэдэгдэв. Нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын Элчин сайдын яам Жидда, Эр-Рияд, Дахран хотуудад хоргодох байр байгуулах тухай мэдэгдэл гаргаж, тус бүс нутагт байрлах цэргийн байгууламжуудаар шаардлагагүй бол зорчихгүй байхыг олон нийтэд санууллаа.
Харин Израилийн тал Ираны төрийн хэвлэл мэдээллийг онилжээ. "IRIB" буюу Исламын бүгд найрамдах Иран улсын өргөн нэвтрүүлгийн байрны зарим хэсэг цохилтод өртсөн бөгөөд энэ нь худал мэдээлэл, дарангуйллын машины зүрхэн тус газарт онилсон үйлдэл гэдгийг Израиль мэдэгдэв. Тус байгууламж нь өнгөрсөн оны зургадугаар сард дэгдсэн 12 өдрийн мөргөлдөөний үеэр ч бай болж байлаа.
Дайны улмаас дэлхийн газрын тос, байгалийн хийн хамгийн чухал тээврийн зам болох Ормузын хоолой хаагдаад буй. Тус хоолойгоор нэвтрэхийг завдсан хөлөг онгоцонд хэнийх гэдгээс нь үл хамааран цохилт өгнө гэж Иран мэдэгдээд байна. Ираны Исламын хувьсгалт гвардын ерөнхий командлагч Эбрахим Жаббари "Тэд ийшээ ирэхгүй байсан нь дээр. Ирэх юм бол бидний зүгээс ноцтой хариу үйлдэл үзүүлэх болно. Америкчууд бүс нутгийн газрын тосоор одоо цангаж байгаа. Иран бүс нутаг дахь тэдний хоолойнуудад цохилт өгч, эндээс газрын тос экспортлох боломжийг нь хаана" гэжээ.



