Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт: Их бурхантын цогцолбор

Соёлын өвийн үндэсний төв нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжүүлэлтийн хүрээнд Монгол Улсын газар нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалж хамгаалах, бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах үйл ажиллагаа явуулдаг.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын газар нутагт нийт 86157 түүх соёлын үл хөдлөх дурсгал бүртгэлтэй байна. Тэдгээрийн нэг болох улсын хамгаалалтад авсан “ИХ БУРХАНТЫН ЦОГЦОЛБОР” түүх, соёлын үл хөдлөх дурсгалд Соёлын өвийн үндэсний төвийн зүгээс хийсэн сэргээн засварлалтын ажлыг энд танилцуулья.
Дорнод аймгийн Халхгол сумын төв Сүмбэрээс хойш 35 км-т, Халх голын баруун эргийн тохойн налуу энгэрт оршино. Их бурхантын цогцолборыг Халхын Сэцэн хан аймгийн Илдэн Жун ван То ван хэмээх Бат-Очирын Тогтохтөр (1797-1868)-ийн санаачлаг, удирдлагаар бүтээсэн бөгөөд “Их шүтээн”, “Их бурхант” хэмээн олноо алдаршжээ.
Найман аюулаас аврагч Жанрайсиг (Жигжаджав) бурхны дүр эл шүтээн бүхий тус цогцолборыг То ван хийгээд Сэцэн хан аймгийн хошуу ноёд чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж аймаг, хошуу нутгийнхны хандив хөрөнгөөр зуу шахам гар урчуудыг оролцуулж 1859-1864 оны хооронд урлан бүтээсэн байна.
Уг цогцолбор дурсгалын гол шүтээн Жанрайсиг (Жигжаджав) бурхны өндөр нь 30 метр (дунджаар 94 тохой, 1 тохой 32 см) өндөртэй. Тус бурхан нь 8 мутартай бөгөөд мутар бүр нь найман төрлийн аюулаас аврахыг билэгдсэн барьцтай урласан. Их бурхан том бага хоёр хүрээтэй ба том хүрээ нь 220х97 м хэмжээтэй бөгөөд язгуурын гурван бурханы тарныг 16.5х1.1 м хэмжээгээр 20 ланз үсгийг хэвтээ байдлаар шигтгэн залсан. Бага хүрээн дотор 2х1.1 м хэмжээтэй 12 суваргыг мөн чулуу шигтгэн бүтээжээ.
Энэхүү цогцолбор дурсгал нь он цагийн уртад байгалийн элдэв гамшиг, үер ус, газар хөдлөлт, түймэр, хил орчмын самуун, мөргөлдөөн, социалист нийгмийн үзэл сурталд өртөж эвдэрч сүйдэн, гулсаж ихээхэн гэмтсэн байна. Харин 1990-ээд оноос уг дурсгалыг сэргээн бүтээх санаачлаг гарч, холбогдох судалгаа шинжилгээ, малталт, сэргээн засах ажил тэнд өрнөсөн байна. Энэ ажлын хүрээнд 1995 онд ШУА-аас Их Бурхантын чулуун дурсгалыг судлан шинжлэх баг томилон ажиллуулснаар уг дурсгалын ойролцоо оршдог болон Их Бурхантын дурсгалтай холбоотой хэд хэдэн бурханы дүрс бүхий чулуун дурсгалыг олж бүртгэсэн байна. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр”-ийн хүрээнд 2012-2016 онд тус дурсгалыг Соёлын өвийн үндэсний төвөөс сэргээн засварлажээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen