"Эм Ди Өү" ХХК-ийн хаяг тодорхойгүйн улмаас дуучин Д.Болдыг эрэн сурвалжилжээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг эрэн сурвалжилж байна гэсэн мэдээлэл Цагдаагийн ерөнхий газрын сайтад байршуулсан мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байв. Тэгвэл энэ талаар холбогдох хууль хяналтын байгууллагаас тайлбар хийлээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит ААТҮГ-аас гэрэээний төлбөр гаргуулах маргаанд "Эм Ди Өү" ХХК-ийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан боловч байгууллагын байрлах хаяг тодорхойгүй улмаас шүүх хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Үүний дараа Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит ААТҮГ-аас "Эм Ди Өү" ХХК-ийн хаягийг олох боломжгүй байгаа учир хуульд заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлтийг тухайн шүүхэд гаргасныг шүүх 2020 оны тавдугаар сарын 1-ний өдөр "Эм Ди Өү" ХХК-ийг эрэн сурвалжилж шийдвэрлэсэн байна. Шүүх уг шийдвэрийг 2020 оны тавдугаар сарын 4-нд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст албан бичгээр хүргүүлжээ. "Эм Ди Өү" ХХК-ийн захирал нь Д.Болд юм байна.

Харин энэ талаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Дуучин Д.Болдын тухай Хан-Уул дүүргийн шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллагад даалгасан. Журмын дагуу шүүхээс тухайн иргэн оршин суугаа хаягтаа байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулдаг. Эрэн сурвалжлагдаж байгаа хүн болгоны дата мэдээлэл ЦЕГ-ын цахим сүлжээнд байршдаг. Эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд өргөн хэмжээтэй зохион байгуулдаг. Энэ асуудалтай холбогдуулан дуучин Д.Болд цагдаагийн байгууллагад ирж уулзсанаар эрэн сурвалжлах ажиллагааг дуусгавар болгосон" гэсэн мэдээллийг өглөө. 

DURSAMJ.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen