Д.Дамдинсүрэн жинхэнэ Монгол зураач байжээ

Д.Дамдинсүрэн жинхэнэ Монгол зураач байжээ

 

Зураач Д.Дамдинсүрэн гэхээр өнөө үеийнхэн тун бага мэдэх бололтой юм. Энэ хүний гол уранбүтээл нь шашин, монгол ахуйн талыг харуулсан зургууд байдаг бөгөөд жирийн нэгэн зураач биш урлаг судлаач хүн байж. Тэр “Их хүрээний нэрт урчууд” гэж судалгааны номоо өнөө үеийнхэнд үлдээсэн байдаг. Уг номоос Богд хаант Монгол Улсын үеийн зураач, урчуудын ажил амьдрал, уран бүтээлтэй танилцаж болохын гадна өөрийнх нь зурсан монгол зургууд түүх өгүүлсэн байдаг тухай урлаг судлаачид ярьж байна. Уншигч таны өмнө дэлгэн үзүүлж буй “Их Хүрээ” гэдэг зураг хэдийгээр 1940-өөд онд бүтээгдсэн боловч тухайн үеийнхээ дүр зургийг яруу тод харуулаад зогсохгүй шашны өв соёлын үнэт зүйлийн нэг болж байдаг юм билээ.
 
 
Д.Дамдинсүрэнг социализмын үед шашны талын зураач гэж илэрхий хавчиж байсан боловч тэр шантарч ухарсангүйгээр уран бүтээлээ хийж явж чадсан хүн юм. 1950-иад оны сүүлчээр болсон Дэлхийн залуучуудын оюутны их наадамд оролцож монгол ахуйг харуул­сан зургийн бүтээлээрээ хүрэл медаль хүртэж байв. Тиймдээ ч үнэлэг­дэж Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх цол хүртсэн байдаг. 
 
 
Түүний охин математикч Д.Дариймаа гуай ярихдаа, -Миний аав уран бийрийн эзэн урлаг судлаач хүн байлаа. Бүтээлээ монгол зургийн аргаар голдуу зурдаг бас сүүлийн үед тосон зургийн олон бүтээл хийсэн. Үүнийг нь нэгт­гэж бид бүтээлийнх нь цомгийг гаргасан. Залуу зураачдад гарын авлага болохуйц болжээ гэж урлаг судлаачид хэлж байгаад баяртай байна. Гэхдээ бид олон бүтээлийг нь олж авч чадаагүй. Заримыг нь санаатай үгүй болгосон ч байж магадгүй гэж боддог. Нэг л жишээ хэлэхэд Л.Дандар баатрыг алаг морьтой нь, залуу жанжин Ж.Лхагвасүрэнг хүрэн халзан морьтойгоор зурсан тосон будгийн томоохон зургууд нэг удаа үзэсгэлэнд тавигдсан. Үзэсгэлэн буусны дараа тэр зургуудыг эрж сураад олоогүй. Энэ мэтээр аавын минь зөндөө сайхан уран бүтээл алга болсон гэлээ. Одоо Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд шашны зарим зүтгэлтнүүдийн хөрөг бас “Хүрээ майдар” цом харайх ёслол зэрэг олон зураг хадгалагдаж үзэгч түмний хүртээл болж байдаг юм. Нэрт зураачийн мэндэлсний 110 жилийн ой энэ үед тохиож байгаа билээ.
 
 
“Их Хүрээ” тосон зураг.
 
 
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen