Монголчууд...

 

Тэнэг улсыг мэхлэхэд (хэдий өрөвдөлтэй ч) хялбархан агаад эрсдэлгүй. Яагаад гэвэл дүнхүү духнууд залилсан хорлогчоо үнэнч туслагч минь хэмээн бурханчлан мөргөсөөр үхдэг. Тэнэгүүдийг залидахад гоё байгаа биз. Канадын компанид 70 сая ам. долларын өрөнд унасан мунхаглалаа сонирхьё.               

ОХУ-ын улс төрийн тоймч Владимир Ворсобины "Чингисийн Монгол Оросоос тусламж гуйж байна” гэх гашуухан нийтлэлийг "Нээлттэй хаалга” сонин орчуулж тавьсан. 2 жилийн өмнө. В.Ворсобин тоймчийн бичсэн нь: "Улаанбаатар хийсэн гэрээ, байгуулсан хэлцлээсээ яаж ийгээд зальдан бултчихдаг тул дэлхий дээрх хамгийн хачирхалтай түншийн нэгд ордог болоод удаж байгаа. Монголд ирсэн хүн болгоныг стратегийн түнш хэмээн зарладаг нь бараг ардын уламжлал болжээ” гэж даажигнасан.

Канад Фридланд Оюутолгой ордын хайгуулд ямар их хөрөнгө хаясан гээч. Оюутолгойд агуу их баялаг оршиж байсанд ганц Фридланд бус монгол хүн бүр баярласан. Тийм их хөрөнгөө хайгуулд цацчихаад юу ч гараагүй бол яах вэ ноён Фридланд?! Түүний ажил бүтсэн нь яамай. Эх болсон хамаг амьтны тусын тулд гэх бурхны шашинтай монголчууд хүнийг байтугай хорхойг алагчлах ёсгүй гэсэн энэрэнгүй сургаалтай. Хайгуулд барууны Фридланд хэдий анзайны хөрөнгө зарсныг Монгол, ОХУ, БНХАУ тоймлож суусан нь тодорхой. Гэтэл ОХУ манайхыг Оюутолгойнхоо лицензийг өг гэж тулгасан. Хайгуулд асар их зардал дагнан гаргаж, Оюутолгой ордыг нээсэн Фридландаас лицензийг нь монголчууд хэдий бүдүүлэг ч гэсэн булаан авч ОХУ-д өгч чадалгүй В.Ворсобинд дооглуулаад сууж буй нь энэ.  

Хэдхэн жилийн өмнөх хэвлэлийн түүх сөхье: ОХУ-ын өдөр тутмын сонин "Коммерсант”-ын тоймч Александр Габуев тухайн үед бичихдээ "Москва Улаанбаатартай хэлэлцээ явуулахдаа энэ орны хамгийн баялаг орд болох нүүрсний Таван толгой, алт зэсийн Оюу толгойн лицензийг авахаар чармайсан. Өөр нэг хүчин зүйл бол Монголын засгийн газраас төмөр замын сүлжээг өргөтгөхдөө орос стандартын 1520 мм-ийн цариг бүхий зам тавих тухай шийдвэр юм. Монгол нүүрсээ Транссибирийн төмөр замаар тээвэрлэнэ гэж Москва тооцож байгаа. Оросын албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар энэ нь Таван толгойн төлөөх тэмцлийн гол аргын нэг юм” гэж мэдэгдэж байв.

Оросын "РИА Новости” агентлаг энэ талаар юу гэж вэ: "ХХ зууны Монгол нь Зөвлөлтийнх байсан. Манайх Монголын үйлдвэрлэдэг зэс, молибден, нүүрс, цинк, мал, мах, арьс гээд барааных нь 90 хувийг авдаг байсан бол 2009 оноос Хятад 79, Канад 9, Орос 3 хувийг нь худалдан авдаг болжээ. Тиймээс булаалгаснаа бараг дайтаж байж эргүүлэн авахад хүрээд байна. Монголчууд Хятад Япон гээд чинээлэг хөшүүдтэй. Тэд нар дээр Америк Канад нэмэгдсэн. Тиймээс бидний итгэл найдвар нэг л зүйл дээр тогтоно. Ирээдүйд газар зүйн байрлалд өөрчлөлт орохгүй л бол Монгол Оросоос холдохгүй. Тийм болохоор цаашид ч бид энэ улстай түүхий эдийн худалдаа эрхэлнэ гэсэн үг. Харин ойрын ирээдүйд бид хятад эзэнтэй, эсвэл АНУ, Японы тоног төхөөрөмжтэй үйлдвэрүүдэд боловсруулсан монгол бүтээгдэхүүн худалдаж авахдаа тулах вий” гэжээ. 

Зөвхөн "түүхий эдийн” худалдаа эрхэлнэ гэж буй хөрштэйгөө түүхий эдээ хагас боловсруулж нэмүү өртөг шингээнэ гэж буй манай төрийн бодлого хэрхэн зохицох билээ. Хятадын хилд ойрхон Тавантолгой ордынхоо нүүрсийг 5000 км тойруу оросын төмөр зам, хөлддөг боомтоор тээвэрлэвэл Монголын тарчиг эдийн засаг сүйрнэ. Хохирох замаар яв гэж залилахыг анд нөхрийн тусламж хэмээн зөвхөн тэнэгүүд л маанагтана.  

Монгол улс цөмийн энергийн тухай хуультай болов. Уг хуульд "хамтран байгуулах компаний хувьцааны 51-ээс доошгүй хувийг Төр үнэ төлбөргүй шууд эзэмшинэ” гэж цодхийтэл заав. Мардайн ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг "Төв азийн уран” ХХК дахь Канадын "Хан ресурсес” 58 хувийг, Оросын "Атомредметзолото” 21 хувийг эзэмшиж байв. Ердөө 21 хувийг эзэмшиж буй Монголын хувийг шинэ хуулийн дагуу 51-д хүргэхийн тулд Канад Орос хоёроос манайх 30 хувийг татах хууль гаргажээ. Манай хуулийн дагуу Канадын компани өөрийн 58-аасаа зохих хувийг Монголд өгөхөөр ярилцаж эхэлтэл Орос 21 хувиасаа манайд зохих хувийг Канадын адил өгч тэвчсэнгүй. Тэр ч байтугай оросууд "Төв азийн уран” компаниас Канадын компанийг Монголын засгийн газраар жийлгэх хор найруулав.

Ах нар "Канадын хөрөнгө оруулагчид Монголын хуулийг зөрчиж байна” гэх худал мэдээ дэлхий дахинд цацаж, тэдний хувьцааны үнийг унагаад, өөрсдөө Торонтогийн биржээр дамжуулан Канадын нэгж хувьцаа тутмыг 0,65 ам. доллараар авах санал дэвшүүлэв. Орос ийм замаар Мардайн ураны ордуудад гуравдагч оролцогчгүй, зөвхөн гэнэн дүү Монголтойгоо хоёулхнаа хамтрахыг эрмэлзэв. Элэг барьж байхад амар гэсэн биз. Яг энэ үед хятадын компани канадын хувьцаа тутамд 0,96 ам. доллар санал болгож Оросыг чаджээ. 

ОХУ-ын улс төрийн тоймч В.Ворсобин цааш юу гэж вэ: "Москва энэ үеэр харин ухаалаг хүлээцтэй хандаж, "Росатом”-ын тэргүүн Сергей Кириенког Монголд илгээснийг монголчууд бас л стратегийн түнш хэмээн хүлээж авсан. С.Кириенко монголчуудтай ярилцсаар канадуудтай байгуулсан ураны гэрээгээ цуцлахаар болгож чадсан. Цочирдсон канадууд олон улсын шүүхэд хандаж, Москва дахиад л аз нь шовойж ирлээ. Үр дүнд нь Барууны хөрөнгө оруулагчид цөөрч Монголын Засгийн газрын мөнгө дуусав” гэж тавлажээ.

В.Ворсобины бахархан бичсэнээр С.Кириенко Канадын компанийг манай засгийн газраар хөөлгөж дөнгөсөн байна. Канадын "Хан ресурсес” компани олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаж, Монгол нутагт хайгуулд зарсан 350 ам. долларын сүйтгэлийг манайхаас нэхсэн. "Хан ресурсес” л монголчуудыг гэрээ хэлцлээсээ яаж ийгээд зальдан бултдаг дэлхийн хамгийн найдваргүй түнш гэдэг байх. Тэгэхээс ч аргагүй. Тэдний зөв. Харин буруутан нь хөөсөн бид юм уу, хөөлгүүлсэн оросууд юм уу. Оросын эрхшээлд өөрийн эрхгүй дээрэлхүүлж явдаг ядмаг дорой Монголын зовлонг олон улсын арбитрын шүүх мэдэрч 350 сая ам. долларын нэхэмжлэлийг 100 ам. доллар болгосон бол канадууд мөн хүлцэж 70 сая доллар болгон буулгасныг ойворгон монголчууд манай сангийн сайд муусайн канадуудыг дөнгөчихөөд ирлээ гэж сагсуурав. 70 сая долларын өр ийм түүхтэй.                   
    
Оросын www.asiarussia.ru цахим хуудаст шинжээч Василий Иванович Монголын уул уурхай, төмөр замын асуудлаар бичсэнийг товчлон хүргэе.

"Монгол улс бол Путины онцгой анхааралд өртсөн орон. Хятад-Киргизийг холбох төмөр замын төслийг ОХУ нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэлтэд хориг тавих шийдвэр гаргахаар заналхийлэн байж, дарж авч, зогсоож чадсан билээ. Энэхүү улс төрийн дарамт шахалтыг В.Якунин боловсруулсан ба "1520-ийн цариг” нэртэй комбинац бөгөөд үүнд Монгол улсыг ч мөн оруулсан юм. ОХУ-ын хувьд Монголын хамгийн хүнд асуудал тэдний Төрийн тогтолцоо. Путин улс орныхоо бүх засаглал, эрх мэдлийг гартаа атгасан цорын ганц лидер хэдий ч монголчуудтай одоохондоо ажиллаж чадахгүй л байгаа. Монгол улс нь парламентын засаглалтай улс бөгөөд үүнд л тэдний өвөрмөц агуулга оршиж буй юм. 

ОХУ эрчим хүчний салбарт дэлхийн тэргүүлэгч лидер болохыг хүсэж байгаа. Тийм болоход бүх зүйл бий. Технологийн хоцрогдлоосоо болоод нарны эрчим хүчний үүсгүүр гэх мэт экологийн энергийн бусад салбарт өрсөлдөхгүй. Оросод энэ салбар хэрэггүй. Харин Орост нефть, хий, нүүрс, уран байна. Яг энэ эрэмбээрээ энэ салбарыг чухалчлан үзэх ёстой. Эдгээр жагсаалтын сүүлийн 2-т бичигдсэн эх үүсвэр буюу нүүрс, уран нь Монголд байна. Иймээс л Монгол улс ОХУ-ын онцгой чухалчлах ашиг сонирхлын 1-д бичигдэж буй юм. Зөвхөн нүүрсээр л гэхэд Монгол улс дангаараа ОХУ-ын нүүрсний экспортод шууд аюул учруулна. 90-ээд оны дунд үед Орос Европын нүүрсний зах зээлээс шахагдсаныг сануулах нь зүйтэй. Тийм учраас ОХУ илүү шинэлэг зах зээл буюу Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэлээ өөрчилсөн юм. Үүнд Хятад, Солонгос, Япон, Тайвань гэх улс багтана.

Путин В.Якунин болон О.Дерипаска нарт бооцоо тавьжээ. Нэгд, төмөр замын асуудлыг шийдвэрлэх, хоёрт, нүүрсний магнат болох. Путины Якунинаар дамжуулсан бооцоо нь Таван толгойн нүүрсний ордыг транс-монголын төмөр замтай холбох явдал байв. Учир нь УБТЗ-ын нийт хувьцааны тал хувийг ОХУ эзэмшдгийн хувьд Таван толгойн ордыг ОХУ автоматаар хяналтандаа авах боломжийг олгож байв. Дерипаскагаар дамжуулан тоглосон тоглолт нь Таван толгойг оролцуулан Монгол дахь хамгийн их нөөцтэй нүүрсний ордуудыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн эзэмшихэд агуулагдаж байв. 

Гэтэл монголчуудын тоглолт оросуудыг хожив. Тэд Таван толгойн хамгийн амтат хэсэг болох Ухаа худгийг "Энержи Ресурс” нэртэй Монголын компанид өгчихөв. Харин бусад хэсгүүдийг тасдаж гадаадын компаниудад өгөхөөр шийдвэр гаргалаа. Энэ үед оросууд яаж ч гүйж хөөцөлдөөд, яаж ч оролдоод бүх хүчин чармайлт бүтэлгүйтэв. Гэтэл тэд зүгээр л хэнд ч юу ч өгөхөө болчихлоо. Энэ нь ч оросуудад нааштай шийдвэр байж. Хамгийн гол нь уурхайн ордын хяналтыг авахад л зорилго оршиж байсан шүү дээ.

Тэгтэл өнөөх "Энержи Ресурс”-ийн залуус Якунин Дерипаска нарын хамаг хөзрийн модны утга учрыг үгүй хийв. Тэд төмөр зам барих төсөл дээрээ 700 мянган ам. доллар босгоод иржээ. Манай залуус ОХУ-ын төмөр замаас үл хараат бие даасан төмөр замыг уурхайгаас Хятадын хил рүү татахыг яахан зөвшөөрч чадахсан билээ. Энэ төсөл хэрэгжсэн бол ОХУ-ын нүүрсний үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийг бүхэлд нь нураах аюул авчрах байсан юм. Тиймээс Монголын Засгийн газар дахь чухал хүмүүст энэхүү төмөр замын бүтээн байгуулалтыг яаралтай зогсоох тушаал өгсөн билээ” гэж бичжээ.

Ахын тушаал хэрэгжснээр манай экспорт олон тэрбумаар хохирч, дүнхүү монголчууд гэдсээ хүүлэлцэхээр тэмцэлдэж, үр дүнд нь туршлагагүй гэнэн хэдэн монгол үрс минь шоронгийн хадаас болох гай нөмрөв. Эх оронд халтай тулгалтыг тэд дэмжиж, хар санаалсан хойно өөрсдийн болчимгүй шуналын горыг биеэр эдлэхээс яахав. Төмөр зам гацсан шалтгааныг энэ өнцгөөс нь харахыг монголчууд хүсэхгүй юм чааваас. Орос хэвлэлд бичсэнийг нэмэр хачиргүй толилуулсан шүү.   

Нийтлэлч: Ц.Доржготов

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen