С.Баярыг татаж байгаа бол Сү.Батболдыг ч түдгэлзүүлэх болно
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайд С.Баярыг эргүүлэн татах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргажээ. Түүний хувьд үүсээд байгаа нөхцөл байдал түүнийг дагасан дуулианы улмаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг ч энэ нь түүний туйлын хүслэн биш учраас Ж.Эрдэнэбатын Засгийн газар үүнийг огт авч хэлэлцээгүй. Яагаад гэвэл энэ бол үүсээд байсан дуулиан шуугианыг түр ч атугай саармагжуулах шоу байсан юм. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар их л зоримог шийдвэр гаргаж байгаагаас харвал Ерөнхийлөгч Х.Баттулга, У.Хүрэлсүх нар чамгүй гар нийлж байгааг харуулна. Ж.Эрдэнэбатын ч бай, У.Хүрэлсүхийн ч бай тахимын сайд нар энэ тал дээр хөдлөхгүй байх нам журмын ариун үүрэгтэй. Тийм ч учраас үүсээд байсан дуулианыг дарах зорилгоор хүсэлтээ илгээсэн учраас өмнөх Засгийн газар авч хэлэлцээгүй хэрэг. Харин У.Хүрэлсүх тэргүүтэй намынх нь журамт нөхөд энэхүү шийдвэрийг гаргасан нь хэний ч анхаарлыг татна.
Хэрвээ У.Хүрэлсүх намаа хоёр хуваан Х.Баттулгатай үгссэн шигээ хамтдаа шударга ёсыг тогтоож, хуулиар амьсгалсан орчин бий болгохын төлөө явж байгаа бол сайн хэрэг. Эмх замбараагаа алдсан нийгэм, тэр тусмаа хуулийг гууль болгосон улстөрчдөд "Төрийн төмөр нүүр” гаргах гэж байгаа бол Х.Баттулгатай бүү хэл бадар барьсан харийнхантай нэгдсэн ч яадаг юм. С.Баярыг ийнхүү хууль ёсны хариуцлгад татаж зөв бурууг шүүх хэтийн бодлоор эргүүлэн татаж байгаа бол бүр ч сайн хэрэг. Хэрэв иймдээ тулсан бол УИХ-ын гишүүн Сү.Батболдыг ч бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах нь зүйд нийцнэ. Зөвхөн Сү.Батболдоор зогсохгүй олон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хэрэгтэй. Шударга шүүх ажиллуулж, үнэн бодит мэдээллийг түмэндээ өгөх юм бол У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрын үерхэлийн үнэ цэнэ оршино. Ард түмний дэмжлэг ч эрхэм хоёрыг нөмрөх болно гэдгийг сануулахад буруудахгүй.
Түүнээс бус улстөрчдийн талаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл ихээр тарж, төр улс гэх хүндэтгэл ч нийгэмд алга болжээ. Захын нэг нөхөр ТББ байгуулаад хэн нэгэн УИХ-ын гишүүнийг идэж уусан хэмээн цоллох юм. Арван жил, 20 жил ийнхүү цоллуулаад өнөөдөр ч гэм буруутай, буруугүй эсэхийг нь мэдэхгүй төөрөлдөж сууна. Тиймээс үүнийг нэг талд нь гаргаж төрийнхөө нэр хүндийг ч цэвэрлэх шаардлага тулгарч байна. Ингэхийн тулд хардагдаж сэрдэгдэж мөрдөгдөж байгаа УИХ-ын гишүүдийн эрхийг түдгэлзүүлэн шагах ёстой. Хардагдаж сэрдэгдэж байгаа түшээд ч иргэний зориг гарган шалгуулах хэрэгтэй. Та үнэхээр гэм зэмгүй бол түүнийгээ тогтоолгоод бүрэн эрхээ сэргээж болно. Тийм ч эрх зүйн орчин бий.
Х.Баатар
Шуурхай.мн