Ч.Хүрэлбаатар Хотгор шанагын уурхайг Солонгосын компанид 2 сая доллараар зарсан гэх баримтыг нийтэд дэлгэлээ
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд хэсэгчилсэн хориг тавьсан ч МАН-ын бүлэг уг асуудлыг хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргад илгээсэн албан бичигтээ, "Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар тавин таван тэрбум төгрөг тараах санал гаргаж байна.Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлдэг, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй. Өнөөдөр төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж хүсээгүй, сар бүр авдаг цалин орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд байсан Монгол төрийн иргэдийнхээ элбэг хангалуун амьдрах хүсэл тэмүүллийг нэг удаагийн хавтгайруулж аргацаасан энэ мэт халамжийн бодлогоор удаа дараа дарж, өр зээлд ээрэгдсэн өнөөгийн түвшинд нь барьж ирсэн бодлогыг бүрэн халах цаг болсон гэж үзэж байна.Ерөнхийлөгч миний бие цаашид улсын төсөв, эдийн засгийг хямраан туйлдуулах зорилготой энэ мэт бодлогыг гүйцэлдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавих болно.Иймд Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон Улсын Их Хурлын тогтоолын зохих хэсэгт тавьсан энэхүү хоригийг хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” хэмээн албан бичигтээ онцолсон байдаг.
Улмаар Ерөнхийлөгчийн энэхүү хоригийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь өөрийн цахим хуудастаа, "Гурван талт хэлэлцээрийн үр дүнд төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өглөө гээд хориг тавьсан юм байх аа. Өмнөх Засгийн газар өргөн бариад өнөөдөр УИХ баталсан 2017 оны төсвийн тодотголд туссан асуудлаар надад хориг тавьсан аж. УИХ олонхоороо шийдсэн төсвийн асуудалд нэг хүнийг буруутгах ч гэж дээ. Чааваас даа..." хэмээн бичиж News.mn сайтад өгсөн тодруулгадаа, "Намайг Сангийн сайдаар томилогдох үеэс яригдаж эхэлсэн сэдэв юм. Энэ бол шинэ зүйл биш. Би хувьдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хийж буй цэвэр улстөржилт гэж харж байна. З.Энхболд 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Увс аймагт очоод шившигтэйгээр хөөгдөж ирсэн. Тэрэндээ өс зангидаад байгаа юм болов уу" гэх зүйлийг ярьсан байдаг.
Тэгвэл Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой ноцтой байж болохуйц баримтуудыг цахим хуудсаараа дамжуулан ил болголоо.
Тэрбээр, "Сангийн сайд Чимидийн Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайг Солонгосын компанид 2 сая доллараар заржээ. Монгол улсын үндсэн хуулийн 6.1-д заасан ард түмний мэдэлд байх нийтийн өмчийг лиценз нэрээр авсан сангийн сайдын хамаатнууд зарж л байг уу? Төрийн өмчийн нэг муу амбаарыг хүртэл дуудлагын худалдаагаар зарж мөнгийг нь улсын төсөвт оруулдаг биз дээ. Ийм хүмүүсийг ядаж битгий сайд болооч гэж Ерөнхийлөгч хориг тавьсан, энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэнэ. МАН-ын бүлгийн 65-аас хэд нь өөрсдийн бүтээгээгүй ард түмний өмч байгалийн баялгийг үнэгүй хувьчилж авсан 30-н гэр бүлийн талд кнопдохийг харах л үлдлээ” хэмээн бичэээд дараах баримтуудыг хавсаргажээ.
Х.Онон
Эх сурвалж: Zuv.mn
http://www.zuv.mn/page/newsmore/15428