“Давхар дээл”-ээр гоёсон ЗАСГИЙН ГАЗАР гараандаа гарлаа

“Давхар дээл”-ээр гоёсон ЗАСГИЙН ГАЗАР гараандаа гарлаа

 

Мэргэжлийн гэх тодотголтой засгийн газраа унагаан байж гарч буй У.Хүрэлсүхийн засгийн газрыг өнөөдөр УИХ батлах учиртай.

Хачирхалтай нь хэдхэн сарын өмнө "давхар дээл”-тэй сайд байхаас татгалзаж сайдын суудлаас огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Гэтэл өнөөдөр У.Хүрэлсүхийн сонирхол 360 градус эргэчихсэн харин ч өөрийн шинэ засгаа бүхлээр нь ДАВХАР ДЭЭЛТЭНГҮҮД болгочихоод орж ирж байгаа нь сонирхолтой.

 

 

Тэрээр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гишүүдээ танилцуулж батлуулах үедээ "Давхар дээл гэдгийг олон нийтийн зүгээс шүүмжилдэг. Энэ удаа би кабинетаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа. Ерөнхий сайд өөрөө УИХ-ын гишүүн биш. Ерөнхий сайд Засгийн газрын танхимынхаа 50 хувьтай тэнцдэг гэдэг. Ерөнхий сайд парламентын гаднаас томилогдсон учраас танхимаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн. Судалгаа хийж үзэхэд дэлхийн хөгжилтэй, хөгжлөөрөө тэргүүлж яваа улс орнууд Засгийн газраа парламентын гишүүдээсээ бүрдүүлсэн байдаг юм байна. Европт ИБУИНВУ, ХБНГУ, Азиас Япон, Сингапур, Малайз, Австрали, Шинэ Зеланд байна. Мөн Канад байна. Энэ улсууд Засгийн газраа парламентын гишүүдээсээ бүрдүүлж, Засгийн газар нь тогтвортой байдаг. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг парламент дээр хамгаалж авч гардаг. Ялангуяа эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй үед Засгийн газрын гишүүдийг УИХ-аас бүрдүүлэх нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, харилцааг сайжруулж, тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд тус дөхөмтэй юм.” хэмээсэн.

 

 

Ийнхүү эрх баригч хүчин МАН-ынхан хөнжил дотроо хөлөө жийлцсэн асуудал зэгцрэх шатандаа орж байх шиг. Өөрөөр хэлбэл эрх баригчдын талцал, тодруулбал 32-ын болон 33-ын бүлэг хэмээн сандал ширээний төлөөх тулаан нь үүгээр дуусгавар болж байна гэсэн үг.

 

 

Харин шинэхэн давхар дээлтэй засгийн газрын маань анхны ажил бол төсвийн тодотгол. Учир нь сөрөг хүчин болох АН-ын бүлгээс "Баялаг бүтээгчид нийтдээ нэг их наяд төгрөгөөр төсвийн орлогыг давуулан биелүүлэхээр зураг гарч байгаа. Энэ оны эхний найман сарын байдлаар аль хэдийн 800 тэрбум төгрөгөөр давсан. Энэ орлого нь ихэнхдээ уул уурхай болон НӨАТ-ынурамшуулалтай холбоотой хуулийн дагуу далд орлого илболсоныилрэл болж 300 орчим тэрбум төгрөгөөр НӨАТ-ынорлого давуулан биелэгдээд байгаа. Баялаг бүтээгчид маш их хөдөлмөрлөж байж татвар төлдөг. Гэтэл буцаагаад, Засгийн газрын сайд нар түүнийг үр ашиггүй зардалд нийтдээ 500 орчим тэрбум төгрөгөөр төсвийн зарлагыг нэмэгдүүлж оруулж ирж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг эс тооцвол 400 орчим тэрбум төгрөгөөр улсын төсвийн зарлага үр ашиггүй байна гэж үзэж байна. Он гараад зайлшгүй төлөх өрийн асуудал байгаа. Тиймээс төсвийн давсан орлогыг хуримтлуулж байгаад, өр төлөх нь илүү үр дүнтэй. Энэ байдлаараа бид төсвийн зардлаа нэмэгдүүлээд яваад байвал ирэх жилийн бондын төлбөрийг дахин бонд босгож төлөхөөс өөр аргагүй болно” гэх байр суурийг илэрхийлж байгаа. Учир нь энэ удаагийн төсвийн тодоголоор улсын төсвийн алдагдлыг ДНБ-ний 9,9 хувьд хүргэж, нийтдээ 2,7 их наядаар оруулж ирсэн. Энэ алдагдал түүхэнд байгаагүй өндөр тооцогдож байгааг сануулах гишүүд ч олон байгаа юм.

 

 

Ямартаа ч Давхар дээлтэй Засгийн газар өнөөдөр УИХ дээр батлагдах нь. АН-ын бүлэг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход нь бүх талаар дэмжин ажиллана гэж байсан ч засгаа бүхэлд нь давхар дээлтэй болгосныг Үндсэн хуулийн 4.1.2, 4.1.3 гээд олон зүйл заалтыг зөрчиж байгааг мэдэгдсэн юм. Гэхдээ өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийсэн 32 болон 33-ын бүлгийн тохиролцоо өнөөдөр У.Хүрэлсүхд сөрөг хүчин байсан байгаагүй засгийн газраа УИХ-д батлуулчихна. Ингэснээр түүний "давхар дээл”-тэй засгийн газар гараандаа гарна.

 

 

 

 

 

 

Эх сурвалж: BOLOD.MN


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen