Гундсан өнгөө сэргээсэн байгаль эх инээмсэглэж эхэлжээ
Улмаар аймгийн төв орж нутгийн иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон бичил уурхай хэрхэн хөгжиж байгаа болоод иргэдээ зохион байгуулалтад оруулсанаар гарсан ахиц дэвшилийг аймгийн засаг дарга Г.Батжаргалаас тодруулга авснаар эхэлсэн юм. "Одоогоор аймгийн хэмжээнд яг тогвортой бичил уурхай эрхэлж байгаа 600 гаруй хүн байна. Гэхдээ өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үе үе гарч байгалийн ашигт малтмалыг олборлодог бичил уурхайчдыг тооцвол 2000 орчим хүн ажиллаж амжиргаагаа дээшлүүлэн амьдарч байна. Харин "Швейцарийн хөгжлийн агентлаг”-ийн хэрэгжүүлж байгаа "Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн хүрээнд бидний ярьж заншаад байсан нинжа хэмээх бичил уурхайчдыг зохион байгууллалтад оруулж төрийн бус байгууллага болгосноор ухаж хөндсөн байгаль орчноо эргэж нөхөн сэргээх үйл ажиллагаа орхигдохоо больсон. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 700 гаруй га талбайд ашигт малтмал олборлож байгаль дэлхийг сүйдсэнээс 300 орчим га талбайд нөхөн сэргээлт хийгээд байна. Мөн орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний төсөв төвлөрдөг” гэдгийг онцолж байсан юм.
|
Энэхүү мэдээллийг аваад цаашаа Баян-Овоо сумын Цагаан цахирын чулуун орд буюу алтны үндсэн ордод ажиллаж байгаа "Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” ТББ байгуулж 40 гаруй нөхөрлөлийн 400 гаруй иргэдийг тогтвортой ажлын байраар хангаад байгаа аж. "ХАМОДХ” ТББ нь 2009 онд байгуулагдсан бөгөөд уг газар ажиллаж байсан иргэдийг нэгтгэж нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулснаар байгалиа эргэн нөхөн сэргээх үйл ажиллагааг орхигдуулахгүй хамтад нь авч явдаг болсон. Мөн орон нутагт төсөв төвлөрүүлэх мөн гишүүдийнхээ нийгминй даатгал төлөх, мөн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хангаж ажиллах давуу тал бий болсон ажээ. Мөн сонирхуулахад "ХАМОДХ ТББ нь дэлхийд үнэлэгдэж ОУ-ын хариуцлагатай уул уурхайн холбооноос олгодог шудрага олборлолтын "ЭКО АЛТ” гэрчилгээг 6000 ам.долларын хамт хүртсэн явдал юм. Энэ бол тэдний олборлосон алт байгальд халгүй, цианет болон мөнгөн ус ашиглаагүй хамгийн эко алт гэсэн 200 гаруй шаардлагыг хангасан баталгаа юм. Өнөөдөр дэлхийн нэртэй брендүүд байгальд ээлтэй, ямар нэгэн химийн бодис ашиглаагүй ашигт малтмалыг сонгон бүтээгдэхүүнээ хийх сонирхолтой болсон. Энэ ч утгаараа эко алт нь дэлхийд үнэлэгдэх үнэлгээ арай өндөр төвшинд байдгийг тус төрийн бус байгууллага ашиглаж чадсан нь олзуурхууштай юм.
|
Баян-Овоо сумын Цагаан цахирын уурхайгаас олсон хүдрээ "Хонгорын хүдэр” компаниар баяжуулдаг аж. Энэхүү хүдэр баяжуулах үйлдвэр нь баруун таван аймгийн дунд ганц байдаг юм байна. Тиймдээ ч биднийг очиход Говь-Алтай аймгаас ирж хүдрээ баяжуулуулж байгаатай таарлаа. Ёстой л галын урсгал гэдэг шиг АЛТНЫ УРСГАЛ-ыг сэгсрэгч ширээн дээрээс харж болохоор аж. Уг үйлдвэрийн хувьд хүдэр бутлагч машинаар эхлээд будалдаг бөгөөд үүнийгээ сэгсрэгч ширээн дээр шилжүүлж усаар угааж ялгадаг ажээ. Үүнээс дараагийн дамжлага лабораторит ирэхэд гар аргаар нарийсгаж хамгийн сүүлд үлдсэн шликийг шингэн азотоор ууршуулах замаар алтаа цэвэршүүлдэг гэнэ.
|
Харин алтны шороон ордны алт олборлолт арай өөр зохион байгуулалттай явагдаж байна. Учир нь энд чулуунаас алтаа салгаж авахгүй, харин шороог үлээлгэх мөн усаар зайлж нарийсгах замаар алтыг гаргаж авдаг "БатСайхан Сэтгэл” ТББ буюу Баянхонгор аймгийн Галуут сумд орших шороон ордод очлоо. Биднийг очиход тус ТББ-ын гишүүд их дотно хүлээж авсан бөгөөд өөрсдийн нөхөн сэргээлт хийсэн 20 орчим га талбай болох Шар хуруут гэдэг газрыг үзүүлсэн юм. Уг газарт биологийн нөхөн сэргээлтийг гар аргаар хийсэн хэмээн гэнэ. Нөхөн сэргээлт хийхдээ тухайн газрынхаа хөрсний онцлогт тохирсон, өмнө нь ургадаг байсан ургамлыг тарьж үрслүүлснээр одоо байгаль эх сэргэж байгаа хэмээн ам сайтай байлаа. Үнэхээр ч 2000 оны эхэн үед байсан шиг онгорхой нүх, халцгай газаргүй тэгш сайхан өвстэй болтлоо өөрчлөгдсөн нь бахархал өөрийн эрхгүй төрүүлж байлаа.
Ийнхүү бидний хэсэг сэтгүүлчид тогтвортой бичил уурхай эрхлэгчдийн өнгөрсөн ба өнөөгийн байдлыг сурвалжилсан бяцхан аялал маань буцах шатандаа орсон юм.
Эх дэлхийн хөрсөн дор нуугдсан байгалийн баялагт шунан дурлагсад өнгөрсөн хугацаанд алтыг нь аваад л авдрыг нь хаяхын үлгэрээр хандаж байсан цаг саяхан. Гэхдээ хүн гэгч байгаль эхээ хайрлан хамгаалж эргүүлэн сэргээж унаган төрхөнд нь биш юм аа гэхэд онгойж харласан нүх, малын хамар хатгах өвсгүй халцгай газар үлдээхгүй гэсэн нөхөрлөл холбоод, ТББ-уудын зөв сэтгэл сэргэж байхад байгаль өөрөө инээмсэглэдэг
ажээ.
Эх сурвалж: ORD.MN
Ч.МӨНХБАТ