Гүйцэтгэх засаглалын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлэх саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Тамгын газрын багийнхан 8 дугаар сарын 07-14-ний өдрүүдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг Өмнөговь, Өвөрхангай, Төв аймгийн 9 суманд хийхээр болж, хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.08.07) Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас эхлүүллээ.
Хэлэлцүүлэгт тус аймгийн Цогтцэций, Цогт-Овоо, Манлай, Ханбогд, Баян-Овоо сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ИТХ, ИНХ-ын төлөөлөгчид болон сум, багийн иргэд зэрэг 180 гаруй хүн хамрагдав.
Хэлэлцүүлгийг нээж Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир хэлсэн үгэндээ, "Аливаа улс орны Үндсэн хууль бол тухайн улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болж, үндэсний түүх соёл, уламжлалаа хамгаалж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт амжилтыг хүндэтгэн, улс орноо хөгжүүлэх үндэс суурь нь болж байдаг. Тиймээс Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд ард нийтээрээ хэлэлцүүлж, улсын өнөө ба ирээдүйг төсөөлөн нухацтай хандах нь зүйн хэрэг мөн” гэлээ
Дараа нь УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зөвлөх Б.Мөнхцэцэг, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Эрх зүйн шинжилгээний албаны ахлах зөвлөх С.Доржханд, Үндсэн хууль судлаач, Улсын Бага хурал, УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нар төслийн талаарх танилцуулгыг хийсэн юм.
Хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, уг төслийн талаар санал, бодлоо чөлөөтэй хуваалцлаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн иргэн Д.Хүүхэнхүү "Үндсэн хууль батлагдаж байсан тухайн үед газар доорхи баялгаа ашигладаггүй, уул уурхайн олон компаниуд үйл ажиллагаа эрхэлдэггүй байсан. Уул уурхайг даган орж ирсэн хөгжил дэвшлийг бид зөв зүйтэй ашиглах ёстой. 25 жил мөрдөгдсөн Үндсэн хууль маань улс орныхоо хөгжлийг бас даган хөгжих хэрэгтэй” гэсэн бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн Л.Өлзийнэмэх "2000 оны УИХ-ын сонгуулийн дараа Үндсэн хуулинд оруулсан өөрчлөлт засаглал хуваах онол, гүйцэтгэх, хууль тогтоох засаглалыг алдагдуулсан гэдэгтэй санал нийлдэг. Энэ удаагийн Үндсэн хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр засаглал хуваах онолыг бодитоор хэрэгжүүлж, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь танхимаа өөрөө бүрдүүлдэг байхыг дэмжиж байна” гэлээ
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хууль тогтоох эрх мэдэл бүхий Улсын Их Хурал нь Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Засгийн газрын тогтвортой, үр бүтээлтэй ажиллах, алдаа гаргавал хариуцлагаа хүлээдэг зарчмыг бүрдүүлэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүх болон шүүгч хараат бусаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан шийдвэр гаргах боломжийг илүү сайн бүрдүүлэх алхмыг л хийх ёстойг иргэд хэлж байлаа.
Хэлэлцүүлгийг хааж Цогтцэций сумын Засаг дарга О. Бадарч үг хэлсэн юм. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулагдаж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө.
Төслийн хэлэлцүүлэг маргааш Өмнөговь аймгийн Даланзадгад хотод үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.