ШИНЭ ХАНДЛАГААР, ШИНЭ СЭТГЭЛГЭЭГЭЭР АЖИЛЛАНА
Нийгмийг өөрчилсөн цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас хойш даруй 27 жил өнгөрчээ. Зөвхөн Монгол төдийгүй дэлхийн улс орнуудын өнөөгийн байдал, цаг үе, амьдралыг харахад нэгэн том өөрчлөлт, том давалгаа эхлэх гэж буй мэт санагдаж байна. Улс орны хувь заяатай холбоотой асар том сорилттой тулгарч, нийгмийн шинэчлэл хийх шаардлага дахин гарч байгааг Монгол хүн бүр мэдэрч байгаа гэж бодож байна. Эдийн засгийн хямралыг даван туулах хүнд үед та бид бүгд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Ардчилсан намын хувьд 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд томоохон ялагдал хүлээснийг бүгд мэдэж байгаа. Бидний хувьд юуны өмнө эхлээд өөрсдийгөө, намаа шинэчилэх нь чухал болоод байна. Намын даргын сонгуулиа аль ч намынхны зориглож хийж чадаагүй тэр л жинхэнэ ардчилсан зарчмаар, бүх гишүүдийнхээ санал дээр тулгуурлан амжилттай явуулсан. Яг энэ зарчмаараа намын анхан, дунд шатны дарга нарыг сонгох болж байна. Ингэж намын хамт олныхоо олонхийн дэмжлэгийг авсан хүмүүсээр намаа удирдуулах нь шинэчлэлийн үндэс болох юм. Намын шинэчлэлээ амжилттай хийж, гишүүдийнхээ хүссэн, төлөвлөсөн тэр л түвшинд хүрч чадвал улс орныхоо хөгжлийг тодорхойлогч, манлайлагч нэгэн цул хүчин болж цогцлох нь тодорхой. Ийм л итгэлтэйгээр би намын даргын сунгаанд оролцож байна.
Ийм хүнд үед хариуцлага хүлээх чинь тийм зөв шийдвэр мөн гэж үү? Нэг үгээр хэлбэл цөөнх болсон Намын дарга болох гэж зорих чинь эрсдэлтэй алхам биш үү?
Улс орныхоо тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдлыг хангахын төлөө бүгдээрээ хүчин зүтгэхгүй бол энэ улс орон чинь бусдын хараат байдал уруу гулсаж байна. Олон түмний олонхи нь ядуу тарчиг амьдарч байна. Ардчилсан намаа шинэчилж, улс орноо авч явах хэмжээний улс төрийн хүчин мөн гэдэг итгэлийг ард түмэндээ эргэн төрүүлэх хэмжээнд хурдан төлөвшүүлэхгүй бол үндэсний хэмжээний энэ том намын шинэчлэлээс Монгол орны улс төр, нийгмийн хөгжил тодорхой хэмжээгээр хамааран саатаж, хүлээгдэж байна.
Улс орноо сэргээн босгож, хөгжүүлсэн дэлхийн улс орнуудын туршлагаас үзвэл "Өөрийн" гэсэн өвөрмөц, оновчтой хөгжлийн бодлогыг тодорхойлж, түүнийгээ тууштай хэрэгжүүлсэний үр дүнд л иргэдийн амьдрал нь сайжирч, нийгмийн дундаж орлоготой иргэд нэмэгдэж, улмаар улс орныхоо өрсөлдөх чадварыг дээшлүүлсэн байдаг. Яагаад бид оюун ухаанаа уралдуулж, хамтран ажиллаж, хөгжлийн зөв бодлогоо дэвшүүлж, хэрэгжүүлж болохгүй гэж. Талцал хуваагдал, хий хоосон улстөржилт, хийрхэл улс орныг доройтуулж, бидний хүчийг тарамдуулж байна. Нэг үгээр хэлбэл тогтсон хэв маягийг эвдэж, боломж хүчээ шавхан ажиллаж үзье л гэж шийдсэн. Хожвол бүгдээрээ хожно, хожигдвол бүгдээрээ хожигдоно. Тиймээс ялагдаж, огцрохоос айх биш хөгжиж, урагшлахад тэмүүлнэ. Тэмүүлэл, хичээл зүтгэл бол эрсдэлтэй алхам биш гэж би бодож байна.
Мэдээж ямар ч байгууллагын үйл ажиллагааг явуулахад хөрөнгө санхүүжилт шаардлагатай. Та Аймгийн Ардчилсан намыг санхүүжүүлэх хэмжээний бэлтэй хүн үү.
Манай намын 2016 оны сонгуулийн ялагдлын нэг шалтгаан нь намын үйл ажиллагааг цөөн хүмүүсийн санхүүжилтээс хамааралтай болгож, намын үйл ажиллагааг хаалттай, явцуу хүрээгээр хязгаарласантай холбоотой. Нөгөө талаас цаг үе өөрчлөгдсөн. Ардчилсан намыг олон нийтэд нээлттэй болгох, намын санүүжилтийг цөөн хүний хараат байдлаас гаргах, намыг мөнгөтэй нь биш, харин сайн бодлого тодорхойлогч, менежерээр удирдуулах шаардлага, цаг нь нэгэнт бий болсон. Иймээс би орон нутгийн намын тогтолцоог сайжруулан хөгжүүлэгч, түүнийгээ хэрэгжүүлэгч сайн менежер байж чадна гэж үзэн Өмнөговь аймгийн намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа юм.
Намын үйл ажиллагааг удирдахад мөнгөнөөс илүүтэй хүний хичээл зүтгэл, удирдах, манлайлах ур чадвар үнэ цэнэтэй.
Өмнөговьчууд Таныг хэрхэн хүлээж авах бол, Та тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадна гэж итгэж байна уу.
Өмнөговь аймагт төрж, өсөж, хүн болсон. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд сургуулийн мөр хөөж Улаанбаатар хотод ирсэн. Гэхдээ миний ажил, амьдрал нутагтайгаа ямагт холбоотой байсан. 2003-2005 онд Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга, даргаар ажиллаж байсан он жилүүдэд ч нутгийнхантайгаа холбоотой л ажилладаг байсан. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогчоор 2010-2012, Засгийн газрын Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн гишүүнээр 2008-2016 онуудад тус тус ажиллаж байлаа. Тиймээс би шинэ орчин, шинэ хүмүүс, шинэ асуудалтай нүүр тулна гэж бодохгүй байна. Харин ч хуримтлагдсан асуудлыг илүү шинэ арга барилаар, өргөн хүрээгээр, шинэ хандлага, сэтгэлгээгээр шийдвэрлэж ажиллана гэдэгтээ итгэлтэй байдаг. Өмнөговьчууд, тэр дундаа Ардчилсан намын журмын нөхөд маань дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Нөхөд гэснээс таньтай дунд сургуульд хамт суралцаж байсан олон найз нөхөд чинь Өмнөговь аймгийн удирдлагад одоо ажиллаж байна. Тэдний сөрөг хүчин болсон намыг орон нутагтаа удирдаж ажиллахаар сонгуульд орж байна. Тэд таны өрсөлдөгчид болох нь ээ?
Тиймээ, дунд сургуульд, нэг ангид суралцаж байсан нөхөд маань Өмнөговь аймгийн удирдлага, аймгийн МАН-ын удирдлагад ажиллаж байна. Би тэднийг өөрсдийнхөө намын хамт олны өмнө, мөн Өмнөговьчуудынхаа итгэлийг хүлээж, хариуцлагатай албанд ажиллаж байгааг нь хүндэтгэдэг. Гэхдээ бид одоо хүүхдүүд биш л дээ. Улс орон, нийгэм, олон нийтийн өмнө хариуцлага хүлээсэн хүмүүс болжээ. Бүхэлдээ бид улс орноо, нутаг усаа хөгжүүлж, говьчуудаа сайн сайхан амьдруулахын төлөө ойлголцож, харилцан хүндэтгэлтэй ажиллаж чадна гэж боддог.
Аймгийн Ардчилсан намын даргын сонгууль бас л өрсөлдөөн. Та энэ өрсөлдөөнд ялна гэж итгэж байна уу.
Аймгийн Ардчилсан намын даргын сонгууль бол эрх мэдэл, албан тушаалын өрсөлдөөн биш. Энэ бол Намын хамт олны өмнө үүрэх хариуцлага, Намаа шинэчлэх нөр их ажлын төлөөх хүчин чармайлт. Ардчилалын үнэт зүйлийг эрхэм болгосон журмын нөхдийнхөө итгэлийг дааж ажиллаж чадна гэж бодож байна.
Таны Аймгийн Ардчилсан намын даргын сонгуульд оролцож байгаа хөтөлбөр юугаараа давуу вэ.
Ардчилсан намын хамт олны дэмжлэгийг хүлээсэн хөтөлбөртэй уялдуулан, аймгийнхаа намын гишүүдтэйгээ зөвлөлдөж, зөвшилцөж хөтөлбөрөө боловсруулсан тул амьд, хэрэгжих бүрэн боломжтой болсон болов уу. Журмын нөхөд маань танилцаж, үнэлж дүгнэн улмаар дэмжинэ гэдэгт итгэж байна.
Өмнөговь аймгийн Ардчилсан нам Улс орон, үндэсний хэмжээний томоохон Төрийн болон бизнесийн байгууллагыг удирдаж байсан туршлагатай сайн менежер, эрч хүчтэй идэр залуу даргатай болох азтай улс юмаа гэж би бодож байна. Таны сонгуулийн ажилд амжилт хүсье.
Таны урмын сайхан үгэнд баярлалаа. Журмын нөхдийнхөө хүсэл эрмэлзлэл, Ардчилал, шударга ёсны төлөөх итгэл үнэмшил, Өмнөговьчуудын сайн сайхан амьдрал, ирээдүйн төлөө ажиллах болно.
ИЛГЭЭЛТ
Өмнөговь нутагтаа оршин суугаа нутгийн ахан дүүс, журмын нөхдийнхөө амар амгаланг эрэн мэндчилье!
Монгол оронд өрнөсөн цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үрээр нийгэмд төсөөлөшгүй их өөрчлөлтүүд гарсаар байна. Улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг Ардчилсан намын санаачлага, оролцоотойгоор, ардчилсан зарчмаар амжилттай шийдвэрлэж ирсэн. Гэвч өнөө цагийн нөхцөл байдал Ардчилсан намын үйл ажиллагаанд зайлшгүй шинэчлэл өөрчлөлт хийх шаардлага нэгэнт бий болсоныг харуулж байна. Монголын ард түмнээс сануулж, сэхээрүүлэх үнэлэлтийг 2016 оны сонгуулиар Ардчилсан намын гишүүд, нөхөд бидэнд өгсөн билээ.
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын хувьд Цэцэгмаагийн Уртнасан миний бие өөрийн төрсөн нутаг Өмнөговь аймгийнхаа ардчилсан намын шинэчлэлийн зорилтыг хэрэгжүүлэх, Ардчилалын үнэт зүйлсийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэл зоригоо илэрхийлж, Өмнөговь аймгийн Ардчилсан намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж байна.
Ардчилалын үйл хэргийн эхлүүлж, ардчилалын үнэт зүйлийг төрөлх говь нутагтаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн анхдагчид, ахмадууд, журмын нөхөд, ардчилалыг төгөлдөржүүлэх хүсэл эрмэлзэлтэй залуус Та бүхэн намайг дэмжиж, Ардчилсан намаа шинэчлэх их аянд дөрөө хоршино гэдэг итгэж байна.
Ардчилалын үйл хэрэг мандан бадрах болтугай.
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын
Улс төрийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Цэцэгмаагийн Уртнасан
Өмнөговь аймгийн Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Ц.Уртнасангийн мөрийн хөтөлбөр
1. Ардчилалын үзэл санаа, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, Ардчилсан намын Үндсэн дүрмийг ягштал биелүүлдэг хандлагыг төлөвшүүлнэ.
- Намын дотоод ардчилалыг хэлбэрэлтгүй хөгжүүлж, гишүүдийн өргөн оролцоог хангаж, тэднийгээ сонсдож, дэмжиж ажиллана.
- Намын үзэл баримтлалыг олон нийтэд таниулах, намын үндсэн дүрмийг мөрдөж ажиллах шинэ соёлыг төлөвшүүлнэ.
- Ардчилалын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, намыг дэмжигч, гишүүдийн хүрээг тэлнэ.
- Намын гишүүдийн хариуцлагыг өндөржүүлж, сонгуульт гишүүдийн манлайллыг сайжруулна.
2. Ардчилсан нам орон нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх, засаглалыг сайжруулахад тэргүүлэн оролцоно.
- Аймгийн тотвортой хөгжлийн бодлогыг боловсруулна.
- Аймаг, сумын ИТХ-ын Ардчилсан намын бүлгийн тайланг жил бүр хэлэлцэж, нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэхэд оруулсан оролцоонд үнэлэлт, дүгнэлт өгч ажиллана.
- Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж, Засаглалыг сайжруулах талаар санал санаачилга гаргаж, сөрөг хүчний байр сууринаас ажиллана.
- Орон нутгийн талцал, улс төржилтийн хийрхэлийг хязгаарлаж, улс төрийн шударга өрсөлдөөний орчинг бүрдүүлэхэд манлайлна.
- Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын шударга өрсөлдөөний хяналтыг хэрэгжүүлж, "ардчилсан намын гишүүн тэргүүн эгнээнд" гэсэн зарчимыг баримтална.
3. Ардчилсан намын санхүүгийн ил тод, бие даасан байдлыг хангана.
- Ардчилсан намын хорооны санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллана.
- Ардчилсан намын санхүүгийн бие даасан, хараат бус байдлыг бүрдүүлнэ.
- Эрдэм боловсролтой, чадварлаг гишүүнийг дэмжих "хүний нөөцийн бодлого" хэрэгжүүлнэ.
4. Ардчилсан намын ахмад гишүүдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Ахмад гишүүдийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, нийгмийн хамгаалал (тэтгэвэр, тэтгэмж)-ын асуудалд онцгой анхаарч ажиллана.
- Ахмад гишүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх сонирхолын клубуудын үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
- Ахмад гишүүдийнхээ гавьяа зүтгэлийг үнэлүүлж, урамшуулж ажиллана.
5. Ардчилсан намын залуу гишүүдийг хөгжүүлэх, улс төрд бэлтгэх, дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
- Залуу гишүүдийн санаачлагыг дэмжиж, оролцоог хангаж ажиллана.
- Залуу гишүүдийг хөгжүүлэх, улс төрийн боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Залуу гишүүдийн ажил, амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Залуу гишүүдийг үе шаттайгаар бэлтгэх тогтолцоог аймагтай нэвтрүүлж, улмаар шатлан дэвшүүлэх боломжийг хангаж өгнө.
6. Ардчилсан намын эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Эмэгтэй гишүүдийн санаачлагыг дэмжиж, оролцоог хангаж ажиллана.
- Эмэгтэй гишүүдийг хөгжүүлэх, улс төрийн боловсролыг дээшлүүлэх, улс төрчийн чадавхийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн оролцооны асуудлаар хэлэлцүүлэг, арга хэмжээг тогтолжуулна.