Ногдол ашгийн хуваарилалт, төсвийн зардлын тэлэлт зэрэг нь үнийн өсөлтийг нэмэгдүүлэхээр байна
2025 он гарснаар Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр ээлжит бусаар хуралдаж эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн ерөнхий төлөв болон гадаад орчны эрсдлийн талаар хэлэлцлээ.
- Тухайлбал, бодлогын хүүг 10 хувь хэвээр хадгалах,
- Банкуудын төгрөгийнболон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгжээр нэмэгдүүлж, 13-18 хувьд хүргэнэ гэв.
2024 оны төгсгөлд буюу 12 дугаар сард улсын хэмжээнд инфляци өсөлттэй буюу 9.0 хувьтай, Улаанбаатар хотод 9.1 хувьтай гарсан. Инфляцийн өсөлтөд тог цахилгаан, мах, импортын барааны үнэ өсч байгаа нь голлон нөлөөлж байна гэв.
Мөн “Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийг дагасан дам нөлөө, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийн хуваарилалт, төсвийн зардлын үргэлжилсэн тэлэлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр үнийн өсөлтийн дарамт нэмэгдэхээр байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах шаардлагыг бий болгож байна” гэсэн юм.
Гадаад дотоод эдийн засгийн нөлөө тогтвортой байх хэдий ч геополитикийн эрсдэл, тодорхой бусад байдал цаашид ч хэвээр байх төдийгүй банкны салбарын зээлийн өсөлт өндөр хэвээр байгаа нь хэрэглээний импорт, дотоодын эрэлтийг өдөөх, санхүүгийн салбарт эрсдэлтэй нөхцөл байдал руу хүрч болзошгүй хэмээн үзэж байна.