Судалгаа: Залуусын дунд 6 төрлийн хорт хавдар хурдтай нэмэгдэж байгааг анхаарууллаа

Судалгаа: Залуусын дунд 6 төрлийн хорт хавдар хурдтай нэмэгдэж байгааг анхаарууллаа

 

Дэлхийн хэмжээнд хийсэн шинэ судалгаагаар дор хаяж таван улсад зургаан төрлийн хорт хавдар залуу насанд хүрэгчдийн дунд ахимаг насныхнаас илүү хурдтай нэмэгдэж байгааг тогтоожээ. Ялангуяа бүдүүн, шулуун гэдэс болон умайн хүзүүний хорт хавдар залуучуудын дунд илүү түгээмэл болж, зарим оронд нас баралт ч өсөх хандлагатай байна.
Судлаачид 2000–2017 оны хоорондох хорт хавдрын хоёр том мэдээллийн санг ашиглан 50-аас доош насныхны өвчлөлийг шинжилжээ. Уламжлалт ойлголтоор хорт хавдрыг ахимаг настай хүмүүст илүү тохиолддог өвчин гэж үздэг ч сүүлийн жилүүдэд энэ хандлага өөрчлөгдөж байна.
Судалгаагаар дор хаяж 10 улсын 50-аас доош насныханд 13 төрлийн хавдар нэмэгдэж байгааг тогтоожээ. Үүнээс бүдүүн, шулуун гэдэс, умайн хүзүү, нойр булчирхай, түрүү булчирхай, бөөр, олон голомтот миелома зэрэг зургаан хавдар залуу насныханд ахимаг насныхнаас илүү хурдтай өссөн байна.
Бүдүүн, шулуун гэдэсний хавдрын өсөлт Хойд Америк, Европ, Далайн орнуудад онцгой анхаарал татсан байна. Одоогоор дэлхийн нийт тохиолдлын 10 хувь нь 50-аас доош насныханд бүртгэгдэж байгаа бөгөөд 2030 он гэхэд 20–34 насныхны дунд өвчлөл 90 хувиар, 35–49 насныхны дунд 46 хувиар нэмэгдэх магадлалтай гэж тооцоолжээ.
Харин ахимаг насныхны дунд бүдүүн, шулуун гэдэсний хавдрын тохиолдол зарим улсад буурч байгаа нь урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн хөтөлбөрүүдтэй холбоотой гэж үзэж байна.
Судалгааны ахлах зохиогч, Харвардын Анагаахын сургуулийн багш, судлаач Томотака Угай залуу үеийн дунд таргалалт, барууны хэв маягийн хооллолт, хөдөлгөөний дутагдал нэмэгдэж буй нь гол нөлөө үзүүлж байж болзошгүй гэж тайлбарлажээ. Гэхдээ уг судалгаа бүх улсыг хамраагүй, ялангуяа Азийн, Африкийн болон Өмнөд Америкийн зарим бүс нутаг дутуу орсон нь хязгаарлалт болжээ.
Угайн хэлснээр улс бүрт залуу насанд эхэлж буй хавдрын талаарх илүү нарийвчилсан ойлголт шаардлагатай бөгөөд ингэснээр урьдчилан сэргийлэх үзлэгийн удирдамжийг шинэчлэх зэрэг арга хэмжээг зөв төлөвлөх боломжтой гэлээ.
quote photo
Залуу үеийн дунд таргалалт, барууны хэв маягийн хооллолт, хөдөлгөөний дутагдал нэмэгдэж буй нь хорт хавдар үүсэхэд голлон нөлөөлж байж болзошгүй.
Харвардын Анагаахын сургуулийн багш, судлаач Томотака Угай
Судлаачдын үзэж буйгаар, залуу насныхны дунд хавдар нэмэгдэж буй нь таргалалтын өсөлттэй нягт холбоотой бөгөөд ялангуяа чинээлэг улс орнуудад илүү хурдтай нэмэгдэж байна. Цаашид олон улсын хамтын ажиллагааны хүрээнд илүү нарийвчилсан судалгаа хийж, томоохон хэмжээний өгөгдлийг хавдрын эд эсийн түвшний шинжилгээтэй хослуулан, хавдрын биологи болон бичил орчны өөрчлөлтийг гүнзгий судлах шаардлагатай гэж Угай онцоллоо.
Тэрээр “Манай болон бусад олон судалгаа дэлхийн олон бүс нутагт эрт эхэлж буй хавдрын тохиолдол нэмэгдэж байгааг харуулж байна. Гэхдээ бүх төрлийн хавдар, бүх улсад ижил хандлагатай өсөж байна гэсэн үг биш. Дэлхий даяар нөхцөл байдал маш их ялгаатай тул одоогийн нөхцөл, эрсдэлийн хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх арга замыг илүү сайн ойлгох шаардлагатай” гэж хэлжээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen