Цаазын ялтай хоригдлын гэр бүлдээ бичсэн захидал
Ааваа, ээжээ!
Маргааш намайг цаазлах гэж байна, миний амьдрал яагаад ийм болсныг мэдэхгүй ч өнгөрсөн амьдралын минь үйл явдлууд нүдний өмнө эргэлдэж байна...
Би 3 настайдаа дэндүү хурдан гүйж байгаад чулуунд бүдэрч унахад та сандран, намайг тайтгаруулахын тулд бүр чулуу өшиглөж байсан. Би таныг тэврээд удаан уйлахад миний унасан нь чулууны буруу байсан гэж хэлэхдээ уйлуулахгүйн тулд л ятгаж байсныг би мэдээгүй.
Би 4 настай байхдаа зурагт их үзээд хоолоо иддэггүй байлаа. Та өөрөө надад хоол халбагадан өгдөг байв. Амьдрал үнэхээр сайхан гэдгийг та надад ойлгуулсан ч зүгээр л миний хувцас бохирдож, дараа нь угаах болно гэж төвөгшөөсөндөө хоол халбагадаж өгдөг байсныг чинь би мэдээгүй.
Намайг 6 настай байхад та намайг тоглоомын дэлгүүрт аваачиж зул сарын бэлэг сонгуулав. Би Трансформерс худалдаж авсны дараа дахин онгоц авахыг хүссэн ч та зөвшөөрөөгүй учир би газарт хэвтээд тийчилсэн. та ч авч өгсөн. Энэ аргаар таныг буулгаж авахыг та надад ойлгуулсан ч үнэн хэрэгтээ бусдын өмнө нэр нүүрээ алдахыг хүсээгүйдээ авч өгдөг байсныг чинь би мэдээгүй.
Би 8 настай байхдаа оймсоо өөрөө угааж сурмаар байсан ч та намайг цэвэрхэн гүйцэд угаахгүй гэж бодоод угаалгаагүй, Би аяга таваг угааж сурмаар байсан ч та намайг аяга унагаад хагалчихна гэж бодоод угаалгаагүй. Миний нүүр тулж, давж гарч чадахгүй маш олон бэрхшээл, аюул байсныг би мэддэг байсан ч та намайг сургахын тулд тулгарах олон бэрхшээлээс айж, нэг ажлаа дахин хийхийг хүсээгүй гэдгийг би мэдээгүй.
Намайг 10 настай байхад та намайг 3 дугуйлан, авьяас чадварын 2 ангид бүртгүүлсэн. Миний хичээл ч оройтож, та өөрөө ч ажлаа орой тарж маш их ядарч байсан ч та найз нөхөд, хамаатан садныхаа нүдэнд мундаг хүн болж харагдах гэж л хичээдэг байсныг чинь би мэдээгүй.
Би 13 настайдаа хөл бөмбөг тоглож байгаад хөршийнхөө цонхыг хагалсан.Та төлбөрт нь их мөнгө өгсөнийхөө дараа намайг хөршөөсөө уучлалт гуйлгах гэж дагуулж явсан. "Уучлаарай" гэж хэлэхэд таны санаа амарсан ч цаанаа та хөршийг их мөнгө нэхсэнд нь маш их гомдоллож үлдсэнийг чинь би мэдээгүй.
Би 15 настайдаа төгөлдөр хуур сурмаар санагдсан учир та мөнгө зээлж байгаад надад төгөлдөр хуур авч өгсөн ч би нэг сар болоод л дахиж тоглоогүй. Төгөлдөр хуурын жишээн дээр ч дураараа байж болох юм байна гэдгийн та надад ойлгуулсан. Мөнгөгүй байсан ч та тэр өрөө төлөхөд 3 жил зарцуулсан гэдгийг би мэдээгүй.
Намайг 19 настайдаа их сургуульд элсэн ороход та хуульч мэргэжилтэй бол гэсэн. Таны төлөвлөсөн тэр замаар явах ёстой гэдгийг би ойлгосон. Гэвч та өөрөө хуулийн тэнхимд орж чадаагүй мөрөөдлөө биелүүлэхийн тулд намайг ашигласныг чинь би мэдээгүй.
Би 20 настайдаа шинэ гар утас авмаар санагдан, байн байн танруу залгаж байна аа гэж гуйхад та шууд л 30 мянган юань шилжүүлсэн. Гэвч би гэррүүгээ тийм ч олон залгадаггүй байсан. Та миний АТМ л гэж би харж байснаас та намайг залгахыг, төрсөн өдрийн мэнд хүргэхийг хэчнээн их хүлээж байсныг би мэдрээгүй.
Намайг 24 настай сургуулиа төгсөхөд та нэг танилаасаа хүүг маань томоохон компанид сайн ажилд ороход нь туслаач гэж гуйсан.Та надад их сургуульд сайн сураагүй ч гэсэн сайн ажилд орж болдог гэдгийг ойлгуулсан. Та өөр хэдэн ч хүнээс үүнийг хүссэнийг би мэдэхгүй.
Та 27 настай намайг олон найз охин сольсоор байгааг харсан. Тэдгээр охид бүгд намайг хариуцлагагүй гэж хэлээд хаяад явдаг байсан. Та хэлэхдээ тэд л чамд тохирохгүй байгаа гэж хэлсэн. Та зөвхөн миний л зөв гэж ойлгуулж олон сохор болзоонд явуулдаг байсан.
Би 32 настайдаа мөрийтэй тоглоом тоглож хэдэн арван саяын өрөнд орсон. Та хэчнээн уурлаж шаналсан ч өрөө төлөхөд минь тусалсан. Би юу ч хийсэн та надад тусалсаар байх болно гэдгийг ойлгуулсан. Гэвч тэр мөнгө таны тэтгэвэрт гарахаараа ашиглах хадгаламж байсныг би мэдээгүй.
35 нас хүрэхэд маань та надад тусалж чадахгүйд хүрсэн учир, би бүлэглэн дээрэм хийж, хүн алж одоо ингээд цаазын ял сонсоод бурхныг загнаж, харин та үүний үр дүнд насаараа зовох боллоо.
Хайрлаж байгаа нэрээр та намайг ахин дахин өсөх боломжийг минь булааж, амьд үлдэх чадварыг минь боомилж, амьдралын төлөө хариуцлага хүлээх үүргийг олгоогүй гэдгийг би ойлгов!
Би үхэхээсээ өмнө том болж амжсангүй!Хүүхдийг буруу хайрлах нь хоёр үеийг зовлонд унагадаг юм байна гэдгийг ойлгов. Буруу хүмүүжилтэй бол эрдэм боловсрол сураад ч ямар ч нэмэргүй. дахин засах ямар ч боломжгүй юм байна.Та намайг өөрөө энэ тавцанруу явуулсан ажээ...!
Хайрт аав минь биеэ бодоорой! Би маргааш явна, нөгөө ертөнцөд өөрөө өөрийгөө хариуцлагатайгаар авч явч чадна байх аа гэж найдаж байна.
Үүний дараа та хүүгээ хайрлах уу эсвэл үзэн ядах уу гэдгийг би мэдэхгүй байна. Баяртай.
Гүйцэтгэх захирлын гэр бүлдээ илгээсэн захидал:
Аав ээжээ :
Маргааш би шинэ үйлдвэрээ нээх гэж байна, энэ бүхэн надад өөртөө хариуцлагатай байхыг зааж өгсөн таны ач юм. Баярласан сэтгэлээс минь өнгөрсөн үеийн дүр зураг нүдэнд минь бууж байна...
Би 3 настайдаа хэтэрхий хурдан гүйж байгаад, чулуунд бүдэрсэн.Та намайг өөрөө бос гэж хэлээд хоёр удаа цохисон. "Дараагийн удаа унавал 4 цохино шүү !" гэж хэлсэн. Хайхрамжгүй байдлынхаа төлөө хариуцлага хүлээхийг та надад заасан.
Би 4 настайдаа зурагт үзээд хоол идэхийг хүсдэггүй байлаа. Чи одоо л идэхгүй бол маргааш хүртэл өлсөнө шүү гэж та надад хэлсэн. Би таныг зүгээр л тоглож байна гэж бодсон ч гал тогоонд ядаж жигнэсэн боов ч үлдээхгүй гэж хэн мэдлээ.Та надад өөрийнхөө замбараагүй байдлын төлөө хариуцлага хүлээхийг заасан.
6 настай байхад та зул сарын бэлэг авахаар намайг тоглоомын дэлгүүрт аваачиж, зөвхөн нэгийг нь авахаар тохиролцсон. Гэхдээ Transformers-ийг худалдаж авсны дараа би загварын онгоц авахыг хүссэн ч та зөвшөөрөхгүй, би газар хэвтээд уйлсан ч та эргэж хараад орхиод явчихсан. Би босож нулимсаа арчаад дуулгавартай дагалаа. Та надад сонголтондоо хариуцлагатай байхыг заасан.
Би 8 настай байхдаа оймс угааж сурахыг хүссэн, та надад оймсыг хэрхэн цэвэрхэн угаахыг зааж өгсөн, Би аяга таваг угааж сурахыг хүссэн, та надад аяга таваг хагалахгүйгээр хэрхэн угаахыг зааж өгсөн, Би өөрөө хоолоо бэлдэхийг хүсэхэд та яаж болгоомжтой байхыг зааж өгсөн ч би түлэгдсэн. Та л надад амьдралынхаа төлөө болгоомжтой байж, бас хариуцлага хүлээхийг заасан.
Би 10 настай байхдаа ангийнхан маань хичээлийн дараа дугуйлан секцрүүгээ яаран гүйхийг хардаг байлаа. Та харин хичээлдээ нухацтай хандаж, хичээ сайн хийснийхээ дараа тоглож, зав гарвал илүү ихийг уншсан нь дээр гэж хэлсэн. Та надад өөрт хэрэгтэй, ашиг сонирхлынхоо төлөө хариуцлага хүлээхийг заасан.
Би 13 настайдаа хөл бөмбөг тоглоод хөршийнхөө цонхыг хагалхад, та надад шил, хадаас авч өгөөд, хөршийн цонхыг хамт шиллэж өгсөн. Тэгээд надад өгдөг халаасны мөнгөнөөс шилний зардлыг хаслаа гэсэн. Та надад алдааныхаа төлөө хариуцлага хүлээхийг заасан.
Би 15 настайдаа төгөлдөр хуур сурмаар санагдсан ч та надад гармоник авч өгсөн. Та намайг эхлээд үүнийг сур, дараа нь төгөлдөр хуур тогло гэсэн. Одоог хүртэл би гармоник тоглодог ч би төгөлдөр хуур сурахыг эртнээс хүссэн хэвээр л байна. Та надад хүлээж тууштай байсныхаа төлөө хүссэн зүйлдээ өөрөө хариуцлагатайгаар хүрэхийг заасан.
Би 19 настайдаа их сургуулийн элсэлтийн шалгалт өгсөн. Та миний сонирхож буй хэд хэдэн мэргэжилд дүн шинжилгээ хийж сонгоход тусалсны дараа шийдвэр гаргахаасаа өмнө зүрх сэтгэлээ сонс гэж хэлсэн. Та надад ирээдүйнхээ төлөө өөрөө сонголт хийж хариуцлага хүлээхийг заасан.
Би 20 настай байхдаа шинэ гар утас авахыг хүсдэг байсан. Эвдрээгүй бол битгий солиорой, эс бөгөөс цагийн ажил хийж мөнгө олоод өөр ав гэж хэлсэн. Би цагийн ажил хийж авсан цалингаараа утас худалдаж авахад энэ надад шинэ утас авснаас илүү аз жаргал бэлгэлсэн. Та надад хүсэлдээ хариуцлагатай хандахыг заасан.
Би 24 настай байхдаа сургуулиа төгсөөд бизнес эрхлэхийг хүсдэг байсан. Та надад санаа зовох хэрэггүй, эхлээд бага зүйлээс эхэл, дараа нь туршлага суу гэж хэлсэн. Хоёр жилийн дараа намайг компани байгуулахаар шийдэхэд та хамгийн муу хувилбарыг ч тэсэж гарах чадвартай бол зоригтойгоор хий гэж хэлсэн. Та надад 100 мянган юань өгөөд 4 жилийн дотор буцааж төлөөрэй гэсэн.
БИ танд мөнгийг нь төлөөд зогсохгүй байртай ч болгоно гэж амласан. Та надад карьерынхаа төлөө хариуцлага хүлээхийг заасан хүн.
Би 27 настай байхдаа хөөрхөн найз охинтой болоод гэртээ авч ирэв. Та түүний өмнө намайг магтан сайшааж, бахархалтайгаар: Чи хангалттай сайн байснаараа адилхан сайн хүмүүсийг өөртөө татаж чадна, бас чиний хайр зөвхөн чамаас л шалтгаална, Хэрвээ та нар бие биедээ үнэхээр хайртай бол би аз жаргалтай байх болно гэж хэлсэн. Та л надад өөрийнхөө аз жаргалын төлөө хариуцлага хүлээхийг заасан.
Би 32 настайдаа шинэ байрны түлхүүр танд гардуулахад та авангуутаа шууд л эргэж харсан. Чичирч буй мөрнөөс чинь таныг нууцаар уйлж байгааг тань мэдсэн. Та надад амлалтдаа хариуцлагатай хандахыг заасан.
Намайг 35 настайдаа компанийнхаа шинэ үйлдвэрээ барьж өргөжүүлэхэд, таныг харгис хэрцгий эцэг гэж буруутгаж байсан хамаатан садангууд эцэст нь амаа татсан.
Үүний зэрэгцээ би ч хүүхдүүддээ өөрийнхөө төлөө хариуцлагатай байж сурахыг зааж өгдөг. Ирээдүйд тэр надаас илүү болно гэдэгт би итгэдэг.
Хүүхдээ ингэж л хайрла
Энэ хоёр захидлыг уншсаны дараа танд маш гүн сэтгэгдэл төрсөн гэдэгт би итгэж байна! Еврей эцэг эх хүүхдүүддээ "Хэт зөөлөн сэтгэл бол хор хөнөөл, хатуу хариуцлагатай сэтгэл нь хайр юм. Хүүхдээ буруу хүмүүжлээр “гэмтээсэн” хүн хэзээ нэгэн цагт хүүхдийнхээ шархыг боож өгнө" гэж сургадаг.
Хайртай хүүхдэдээ "сайн" хандах нь хамгийн зүй ёсны хэрэг боловч хүүхдийн ирээдүйн төлөө түүнийг хэт эрхлүүлэхийг азнаж, бие дааж сурган, бүрэнхий нийгмийн ширэнгэн ойд хүчирхэг оюун ухаан, биеэ даасан чадвартай болгох нь хамгийн зөв арга байж болох юм."
Хятад хэлнээс орчуулсан А. Баясгалан
Эх сурвалж: Management Club | Бизнес Хүрээлэн