Нэгдүгээр сургуулийн захирлын орон тоонд ХОЁР хүнийг цалинжуулж байна

Нэгдүгээр сургуулийн захирлын орон тоонд ХОЁР хүнийг цалинжуулж байна

 

Төрийн алба хаагчийн нэг орон тоон дээр хоёр хүнийг зэрэгцүүлэн цалинжуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нь ард түмний татвар буюу төсвийн мөнгөөр төлж буй үйлдэл нийслэлийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль дээр болж байна.

Тодруулбал, тус сургуулийн захирал Б.Төгсжаргалыг 2018 онд ажлаас нь чөлөөлснөөс хойш өнөөдрийг болтол тус сургуулийг Г.Бум-Эрдэнэ, Д.Цогзолмаа, З.Бат-Эрдэнэ, Р.Энхбат гэсэн дөрвөн хүн үүрэг гүйцэтгэгч гэх тодотголтойгоор удирджээ. Өдгөө тус сургуулийн захирлаар физикийн багш мэргэжилтэй Р.Энхбат ажилладаг бөгөөд түүнийг хөл хорионы хугацаанд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй, багш нарын санал дэмжлэггүйгээр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Ингэж томилогдсон Р.Энхбат захирал 2019, 2020 оны хичээлийн жилүүдэд анги засвар, цэвэрлэгээ, хуримтлалын мөнгө хэмээн 3500 сурагчаасаа толгой дараалан мөнгө татаж, жилд 100-120 сая төгрөгийг хураасан байна. Хачирхалтай нь, коронавирусаас шалтгаалан танхимын сургалт 2019 онд гурван сар, 2020 онд 50 хоног үргэлжлэн, хөл хорио тогтоосон билээ. Тэгвэл танхимын сургалт явагдаагүй өнгөрсөн хоёр жилд сурагчдаасаа “татсан” 200 гаруй сая төгрөг юунд зарцуулагдсан нь тодорхойгүй байна. Мөн энэ хичээлийн жилд ч сурагч бүрээс хуримтлалын мөнгөө татахыг багш нартаа одооноос үүрэг болгож эхэлжээ.  

Тус сургуулийн багш нарын дунд хардлага дагуулан яригдаж байгаа бас нэгэн асуудал бол “Гүнзгийрүүлсэн сургалттай ангид элсэлт авах” үйл явц. “Шалтгалтанд тэнцээгүй ч 3000 доллар төлөхөд тус ангид хүүхдээ оруулж болдог” гэх ханш багш нарынх нь дунд болоод эцэг эхчүүдэд нэгэнт тогтсон тоо болжээ. Ийм байдлаар тус ангид элсэн орсон сурагчид ч цөөн биш байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Өнгөрсөн хичээлийн жил буюу 2020 оны есдүгээр сард “математикийн сонгоны ангид оруулж өгнө “ хэмээн 120 хүүхдийг тус бүрийн  290 мянган төгрөг буюу нийт 34.8 сая төгрөгөөр давтлага хийлгэсэн үйлдэл ч тус сургууль дээр болсон байна. Уг асуудлыг сурагчдын эцэг эхийн төлөөлөл Мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гарган шалгуулсан ч тэгсгээд замхарчээ. Энэ бүх мөнгөтэй холбоотой үйл явдлууд үе үеийн захирлуудын зохион байгуулалт, үүрэг даалгавраар л явагддаг гэх.

Багш нартаа хүлээн зөвшөөрөгддөггүй, мөнгө төгрөгний асуудалд удаа дараа холбогдон яригдаж буй Р.Энхбат захиралтай зэрэгцүүлэн, тус сургуулийн захирлын орон тоон дээр цалинжуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нь төлж байгаа хүн бол тус сургуулийн хуучин захирал Б.Төгсжаргал. Тэрбээр 2018 онд ажлаасаа халагдаад шүүхэд гомдол гаргасан бөгөөд гурван шатны шүүх түүнийг үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан болохыг нь тогтоон, “Нэгдүгээр сургуулийн захирлын албан тушаалд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан үеийн эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нь төлөх” шийдвэр гаргажээ. Ийнхүү шүүхийн шийдвэрийн дагуу тэрбээр цалин хангамжаа авч яваа ч ажилдаа эргэн орж чадалгүй ийнхүү гурван жилийн нүүрийг үзэж байгаа юм байна.

 

Эндээс ард түмний хөдөлмөрийн үр шимээр бүрэлддэг төсвийн мөнгө хэрхэн дарга нарын гарын салаагаар урсдаг нь харагдаж байгаа юм. Шүүхийн шийдвэрээр ажилдаа орох ёстой хүнийг ажилд нь оруулахгүй,  өөр ажлын байр санал болгож, сул цалинжуулж,  ажлын байрандаа тэнцэхгүй нэгнийг захирлаар байлгасаар байгаагийн ашиг чухам юу вэ, Ж.Гантулга дарга аа?

 

Цахиур.мн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen