ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ
Сүүлийн үед хүүхдийн эсрэг гэмт хэрэг хүчирхийлэл үйлдэгдэж байгаа талаар ам болгон уралдаж ярьж бичиж байна.
Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хэргийг төрийн бодлогоор даруй шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж саналаа хэлж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Удахгүй хүүхдийн баяр болно. Гэтэл хүүхдийн эсрэг гэмт хэрэг гамшгийн хэмжээнд очсон байна. Энэ асуудлаар хэлэлцүүлэг хиймээр байна. Эрүүгийн хууль шинэчлэгдсэнээр 14-16 насны хүүхдүүд хүчирхийллийн хохирогч болж байна.
Тэгэхээр хүүхдийн хүчирхийллийн асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Ерөнхий прокурорыг дуудаж УИХ дээр мэдээлэл сонсмоор байна. Үр хүүхдийнхээ эсрэг хийж байгаа гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа төлөвлөгөөг сонсмоор байна” гэж байр сууриа илэрхийлжээ.
Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн түр хамгаалах байранд өнгөрсөн 2017 онд 324 хүүхэд ирж байсан бол өнгөрсөн 2018 онд энэ тоо 1000-д хүрчээ. Энэ бол зөвхөн 108 утсанд хандаж, түр хамгаалах байраар үйлчлүүлсэн хүүхдүүдийн тоо юм.
Үүний цаана хэчнээн бяцхан зүрх хаалттай хаалганы цаана хүчирхийлэлд өртөж бие сэтгэл санаа болон эрүүл мэнд амь насаараа хохирч байгаа бол гэж бодохоор үнэхээр аймшигтай санагдана.
О.Гэрэл
Оллоо.mn