УУЛ УУРХАЙГААС БОЛЖ ЭВДЭРСЭН ГАЗРУУДЫГ ДАХИН ТООЛНО
Завханд нийт таван сумын нутагт 20.2 га газар, уул уурхайн ашиглалт болон түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас эвдрэлд орж эзэнгүй орхигдсоныг уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэнийг газрын тооллогын үеэр баримтжуулжээ.
Өнгөрсөн жилийн 10 дугаар сард хийсэн тус тооллогод Завханы 10 сумын 102 нэгж талбарын 241.17 га талбайг хамруулжээ. Үүнээс хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагаагаар гурван сумын гурван багийн найман газрын 13.4 га талбай, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас хоёр сумын гурван нэгж талбайн 6.8 га талбай эвдрэлд орсон байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/71 тоот тушаал, БОАЖЯ-ны мөн оны 06/1651 тоот “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого хийх ажлын удирдамж”-ийн дагуу Завхан аймгийн Засаг даргын 2017 оны А/180 тоот захирамжаар уул уурхайн улмаас эвдэрсэн газрын тооллогыг жил бүр зохион байгуулах ажлын хэсгийг томилж ажиллуулдаг байна.
Тэд ажиллах үеэрээ БОАЖ-ын сайдын тушаалаар баталсан тооллого хийх хүснэгтийн дагуу эвдэрсэн газруудад очиж өнөөгийн ерөнхий төлөв, төрх байдлыг тодорхойлох, хэмжилт хийж талбайн хэмжээ, солбицлыг тогтоох, эвдэрсэн газрын фото болон сансрын зураг авч баримтжуулах, амьтан, ургамлын төрөл зүйлийн бүрэлдэхүүнийг тодорхойлох, Эвдэрсэн газруудын зураглал хийх, судалгааны үр дүнг мэдээллийн нэгдсэн санд оруулах, нөхөн сэргээлтийн ажлыг шат дараалалтайгаар хийлгэх, тооллогын ажлыг эвдэрсэн газрын хөрс, ургамлын бүрхэвчийг тодорхойлж, урт, өргөн, гүн, талбайн эзэлхүүнийг тооцоолон, GPS багаж ашиглан байр зүйн солбицлыг тодорхойлж, газарзүйн мэдээллийн системийн ARCGIS программ ашиглан явуулжээ.
Энэ жил дахин тооллого, хяналтын ажлыг хийнэ, иргэдэд мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тухай бүр өгч байна хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
О.Гэрэл
Оллоо.mn