Газрын тос Талын судас, Гүний ус Талын цус гэлтэй

 

Хэдэн зуун бээрээс алган дээр тодрох тунгалаг наранг газрынхаа элгэнээс мандаах тэнүүн Дорнын тал минь. 
Ногоон хамба дэлгэсэн мэт дэлгэр улиралд туниартан байх Халх Мэнэнгийн тал, өрлөг жанжины өлгий, Өүлэн ижийн хүйст орон, Талын түмний тоонот нутаг минь.
Газар өөрөө судсаараа олон олон баялагаар тэжээгдэн гайхамшигт амьдралыг үүсгэн буй гэдэгтэй маргах нэгэн үгүй буйзаа. Түүн дотроо сая жилээр тоологдон бүрэлдэн бий болсон Газрын тос Талын судас, Гүний ус талын минь цус гэж миний бие бодох болов.
Хэдэн мянганаас сайхан монгол хэлээрээ нэршин заншсан нутгийн маань нэрс солигдож 17, 19, 21-р талбай гэсэн тоон дугаартай болчихсон нь хорих лагерийн хоригдлыг дугааржуулж нэрийг нь мартаж орхигдогтой агаар нэг мэт таньд санагдахгүй байна уу Дорнодчуудаа.
Талын амь Газрын тос хэмээх судсанд байгаа ч юм бил үү. Талын шим Гүний ус гэх чандмань эрдэнэд оршин буй ч юм бил үү.
Тосыг шавхаж аваад оронд нь мөн л талын эмзэг хөрсний гүнээс усыг нь соруулж, шавхсан тосныхоо оронд дүүргэхээр олон хэлийн, олон бодлын улс язагнаж байх болжээ тал нутагт маань. Байгаль эхийн баялагийг хүртэж болох ч цөлмөж болохгүй, бусад хүмүүний амьдралыг ч бас хохироож болохгүй буйзаа.
Судаснаас нь цусыг нь соруулчихаад оронд нь ямар нэгэн шингэн хийчихвэл Хүн ер нь яах бол гэж нэгэнтээ Та эргэцүүлж үзээрэй Мэдээж үхэх нь дамжиггүй.
Талын хөрсний шимт бүтэц 20-40см л байдаг гэсэн эрдэмтдийн судалгааг Халхголын чөлөөт бүсийг эсэргүүцэж, тэмцэж явахдаа сонсож байсан. 
Ийм эмзэг хөрсний бүтэцтэй газрын судас нь Газрын тос, цус нь Гүний ус хоёр биш гэж үү.
Түүхнээ алдартай нутгийн минь нэрсүүд тоогоор дугаарлагдсан цөлийн дугаар төдийхөн бүү болоосой билээ.
Тэмцэж үлдээсэн Өвгөдийн нутгаа Тэмцэж хамгаалах хэрэгтэй болсон бол гараа хумхиад зүгээр суух ганц ч хором Дорнодчууд бидэнд байхгүй шүү.
Газрын тос Талын минь судас, Гүний ус талын минь цус гэлтэй. 
Нутгаа Хамгаалж Нутагтаа Эзэн нь байцгаая Дорнодчуудаа.
2019.04.03 Дорнод
ХУУЛЬЧ Ч.ЭРДЭНЭБАТ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen