Тэрбумаар тохижуулсан шөнийн гудамж үгүй болох уу?
Аялал жуулчлал өндөр хөгжсөн дэлхийн хотуудад шөнө нь өдөр мэт гэрэлтэх үзвэр, худалдаа үйлчилгээ төвлөрсөн шөнийн гудамжууд бий. Тухайлбал Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг.
Энэ жишгээр улсын нийслэл Улаанбаатар хот шөнийн гэрэлт гудамжтай /2017.06.08/ болж байв. Тодруулбал Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулж “АСА” циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх талбайг “Шөнийн гэрэлт гудамж” хэмээн нэрлэсэн.
Гэвч нийслэлчүүд эргээд “Шөнийн гудамж”-гүй болох бололтой. Учир нь ажлаа аваад удаагүй байгаа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр тавьсан илтгэлдээ “Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго” хэмээсэн юм.
Хотын өмнөх удирдлага том хотуудыг дуурайж, "Анхны шөнийн гудамж"-ыг төсвийн тэрбум төгрөгөөр тохижуулсан. Анхандаа шөнийн гудамжны тохижилт залуусийн сэтгэлд нийцээгүй. Гэвч их хотын залуус тэнд цагийг зугаатай өнгөрүүлэх нь олширсон байв.
Уг нь Улаанбаатар хотод шөнийн гудамж хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Үүнийг зуны үдэш бүрийд шөнийн гудамжинд ирсэн залуусын цугларалтаас харж болно. Залуус том талбайд хөлөө жийж суугаад тоглолт үзэж, гартаа лаазтай пиво барин хөл нүцгэн бүжиглэх европ хэв маягийг дор бүрнээ төсөөлж тэнд очдог.
Саяхан л цэнгээний газрыг үүрийн дөрвөн цаг хүртэл ажиллуулах үгүй талаар маргалдаж байсан бид өнөөдөр өнийн дурсамжаа сэтгэл зүрхнийхээ хаа нэгтэйгээс эрж хайсан шиг автомашин ирээд шүргэчих вий ч гэж болгоомжлох айдасгүй тааваар гэлдрүүлж алхах гудамжтай болсон нь сайн хэрэг байв. “Энд шөнийн гудамж бий” гэж хэн нэгнээ уруу татаад алхах талбайтай болсондоо хувьдаа талархаж суусан юм.
Гэсэн ч тэрбумаар боссон шөнийн гудамжийг шинэ дарга үгүй хийх бололтой. Хайран төсвийн хөрөнгө, хайран тэрбум төгрөг....
Эх сурвалж www.wikimon.mn
Г.Сүрэн