Монголчууд ялсан
АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 66 дахь удаагийн "Дэлхийн мисс” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж титмийн эзнээ шалгаруулаад байна.
Титмийн төлөө дэлхийн 120 орны гоо бүсгүй өрсөлдлөө. Монгол Улсыг төлөөлөн "Торго модель” агентлагийн загвар өмсөгч А.Баярцэцэг оролцож, шилдэг 11 миссийн нэгээр тодорч, түүхэн амжилтын эзэн болов. Дэлхийн миссийн тэмцээнд манай улс 2005 оноос гоо бүсгүйгээ оролцуулж эхэлсэн. Үүнээс хойших 11 жилийн хугацаанд оролцсон миссүүд шилдэг 25-д шалгарч байв. Энэ удаад Монгол бүсгүй шилдэг 11 миссийн нэгэн болж амжилтаа ахиуллаа.
Хэдий дэлхийн миссийн титмийг авч чадаагүй ч монголчууд нэгдэж чадлаа. Шилдэг 10 гоо бүсгүйг тодруулсны дараа "People’s choice” буюу олон нийтийн санал асуулгаар тэргүүлсэн дахин нэг миссийг нэрлэх байсан бөгөөд энэхүү шалгаруулалтад А.Баярцэцэг шалгарсан юм. Гуравхан сая хүн амтай ч "Олон нийтийн санал асуулга буюу масс хандалт”-аар тэргүүлж 120 гаруй орны миссээс шилдэг 11-т шалгаран үлдэхэд чухал түлхэц болов. Мөн авьяасын шалгуурын шилдэг 10-т үлдээд байсан миссээ ялагч болтол нь монголчууд саналаа өгч, шилдэг 20 миссийн нэгд багтаав.
Ийнхүү Монголын ард түмэн цөөхүүлээ ч цөс нэгтэй, хөөрлөөрөө нэгдвээс тэрбум хүнээс хол дутахааргүй гэдгээ харууллаа. Тиймдээ ч монголчууд ялсан.
Ердөө 365 хоногийн дараа 67 дахь удаагийн гоо сайхан, энх тайвны элчийг тодруулна. Монгол хүн олимпийн аварга болж чаддагийг харсан, харуулсан. Дэлхийн миссийн тэмцээнд ч монгол охин гялалзлаа гэх чимээ дэлхийг "сортойлгох”-ыг хэн байг гэх вэ.
Г.Тэгшсүрэн
http://www.shuud.mn/content/read/477328.htm