Д.Гантулгын тойрог дахь нөхөн сонгуулийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар боллоо

Д.Гантулгын тойрог дахь нөхөн сонгуулийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар боллоо

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.02.02) нэгдсэн хуралдаан эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Ардын хувьсгалыг үндэслэгч, Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрийн мэндийг гишүүдэд хүргээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Засгийн газар өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.
Улсын Их Хурлаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Уг хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заасан.
Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлд зорчих эрхийг хязгаарлах ялын шинэ төрлийг нэмж, уг ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар хуульчилж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэм, хамт олноос нь тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх, дахин хүмүүжүүлэх боломжийг ийнхүү бүрдүүлжээ.
Уг ялыг хэрэгжүүлэхдээ цахим хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавихаар төлөвлөсөн бөгөөд "Цахим хяналт, удирдлагын төв”-ийг 9.5 сая ам.долларын өртгөөр байгуулах эдийн засгийн тооцоо, судалгаа гаргаж, улмаар уг төслийг БНСУ-ын "Эксим” банкны хөнгөлөлттэй зээлд хамруулахаар шийдвэрлэсэн байна. Энэ үндсэн дээр тус төвийг байгуулах төслийг БНСУ-аас тавьсан шаардлагын дагуу 9 үе шаттай боловсруулж, техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийн хамт солонгосын талд хүргүүлжээ. Харин "Эксим” банкнаас "Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах төслийн төсөвт өртөг болох 9.5 сая ам.долларыг 16.1 сая ам.доллар болгох санал ирүүлсэн бөгөөд манай тал энэ зардлыг багасгаж 10.4 сая ам.долларт багтаан хэрэгжүүлэх зээлийн хүсэлтээ солонгосын талд дахин хүргүүлээд байгаа аж.
"Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим бугуйвч, түүний техникийн үзүүлэлт, дагалдах тоног төхөөрөмжүүдийн төрөл тодорхой болоогүй байгаа учраас хуулийн хэрэгжилттэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах шаардлагын үүднээс Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан "зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ” гэж заасныг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгож өөрчлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна. 
Хууль зүйн байнгын хороо уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хуралдаанаараа хэлэлцээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав, О.Батнасан, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил нар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, А.Сүхбат, Ш.Раднаасэд, Б.Пүрэвдорж нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.0 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.    
Нөхөн сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг баталлаа 
Дараа нь "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зарлуулах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн тус Байнгын хорооноос уг тогтоолын төслийг боловсруулан хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна.
"Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар тусгажээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Эрдэнэ нар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.0 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжив. 
Үргэлжлүүлэн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна. 
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж нар Байнгын хорооны дарга болон Сонгуулийн ерөнхий хорооны даргаас асуулт асууж тодруулсан юм. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувийн саналаар "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав. 
Хаврын ээлжит чуулганаар 29 хууль тогтоомжийн төсөл хэлэлцэнэ 
Дараа нь "Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын Д.Лүндээжанцан танилцуулав.
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 5, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс 32, Байнгын хороодоос 28, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас 5, Засгийн газраас 49, давхардсан тоогоор нийтдээ 119 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Тогтоолын төслийг боловсруулахдаа хуулиар хэлэлцэхийг нь тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдийг нэр зааж тусгах, харин хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байх зарчим баримталсан. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчдаас өргөн мэдүүлбэл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнийг Байнгын хорооны дарга танилцуулгадаа дурдав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.0 хувийн саналаар "Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав. 
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд: 
1.        Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, 
2.        "Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, 
3.    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт, 
4.     "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 
5.    "Засгийн газрын өрийн удирдлагын стратеги шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 
6.    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, 
7.    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, 
8.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, 
9.    Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, 
10. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 
11. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 
12. Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл, 
13. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 
14. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 
15. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 
16. Өрсөлдөөний тухай хуулийн төсөл, 
17. Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл, 
18. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 
19. Өмгөөллийн тухай хуулийн төсөл, 
20. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 
21. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, 
22. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 
23. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 
24. Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, 
25. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, 
26. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 
27. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 
28. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл, 
29. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 
30. Бусад. 
Үүгээр Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар зарим Байнгын хороод хуралдсаны дараа нэгдсэн хуралдаан үргэлжилнэ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen