Ерөнхий сайдын өгсөн үүрэг ёс төдий болж, томоохон цэнгээний газрууд төрийн байгууллагуудын захиалгад дарагджээ

Ерөнхий сайдын өгсөн үүрэг ёс төдий болж, томоохон цэнгээний газрууд төрийн байгууллагуудын захиалгад дарагджээ

Их хотод шинэ жилийн уур амьсгал аль хэдийнээ оржээ.  Энэ жилийн хувьд эдийн засгийн нөхцөл байдал тун хүнд байгаа. Энэ ч үүднээс  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нэгэн үүрэг даалгаврыг төрийн болон төсвийн байгууллагуудад өгсөн. Тэрбээр эдийн засгийн хүндрэлтэй байгаа учир татвар төлөгчдийн мөнгө, улсын төсвийн хөрөнгөөр аливаа баяр ёслол тэмдэглэхгүй байхыг чиг үүрэг болгосон.

 

Гэтэл дээрх хэрэгжилт нь зөвхөн "үүрэг” төдийхнөөр хэрэгжиж буй нь тун харамсалтай. Учир  гэвэл нийслэл Улаанбаатарт зэрэглэл, үнэ өртөгөөрөө толгой цохидог нэр бүхий томоохон ресторан цэнгээний газрууд  бүгд төрийн байгууллагуудын захиалгад дарагдаад дууссан сурагтай.

Өдгөө дөнгөж 12 сарын эхний долоо хоногтой золгож байна. Гэтэл төр болон төсвийн байгууллагууд бүр 11 сард захиалгаа өгсөн гэж байгаа.

Үүнээс харахад нөгөө засгаас өгсөн үүрэг даалгавар ёс төдий болж хурирав бололтой. Эдийн засгаа хүндрэлээс аварч, үргүй зардал гаргахгүй байгаагийн илрэл ийм байж болох уу. Юун хэмнэлт, юун эдийн засгийн хүндрэл. Үнэндээ төсвийн байгууллагын шинэ жил харин ч тансаг болох нь.

Төрийн албан хаагчид шинэ жилийн арга хэмжээний зардлаа халааснаасаа гаргах нь юу л бол. Тэд зардлаа хувиасаа гаргаагүй гэж бодохоор хаанаас гарах нь ойлгомжтой. Татвар төлөгч бидний мөнгө, улсын төсөвт оруулсан хөрөнгө.

Төрийн нэг байгууллага шинэ жилийнхээ баярыг гурван цаг тэмдэглэхэд 80-150 сая төгрөгийн тооцоо гардаг гэсэн судалгаа байдаг.

5613

Мөн баярын арга хэмжээндээ өндөр үнэтэй урлагийнхныг хөлслөдөг. Аль ч төсвийн байгууллагын шинэ жилд очиход өндөр үнэтэй урлагийн тоглолт явж л байдаг. Үнэхээр л хэмнэлт хийх сэтгэл байвал аль ч байгууллагад сайхан дуулчихдаг, аятайхан урлагийн номер үзүүлдэг авьяастан бий л байх. Тэдэнд даанч сэтгэл дутаж байна. Тэдний хэдхэн цагийн зугаанд татвар төлөгч бидний мөнгө урсаж байна.

Харин сүүлд нь хариулт сонсвол төсвөөс шинэ жилийн баярын арга хэмжээний зардлыг гаргаагүй гэсэн тайлбарыг өгөх байх.

Уг нь "Шинэ жил гэдэг бол гэр бүл, найз нөхдийн хүрээний баяр. Гэхдээ манайд байгууллага, хамт олноороо ололт, амжилт, бүтээлээ дүгнэн шинэ оноо хийсээр ирсэн. Нэгэнт байгууллага, хамт олны шинэ жил нийтлэг болсон хойно  гэр бүл, найз нөхдийн хүрээнд яриад яахав.

Гэхдээ нөхцөл байдал ийм байгаа энэ цаг үед төрийн байгууллагынхан маань нэг удаа хэмнэлт хийгээд тэвчиж болдоггүй юм болов уу.

Түүнчлэн хэмнэлт  хэмээн уриалж буй засгийн толгойд байгаа МАН-ынхан эдийн засгийн хүндрэлд төдийлөн санаа чилээхгүй байгаа бололтой. Харин ч эсэргээрээ хувийн ашиг орлогоо бодож төрийн албаныхныг шинэ жилийн баяраа өөрийн эзэмшлийн бааранд тэмдэглэхийг уриалж байгаа сурагтай.

Учир нь Минт баар МАН-ын Ц.Сандуйгийнх юм.
МАН сонгуульд ялалт байгуулснаар Ц.Сандуйгийн баар ашиг орлого өндөртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжүүлсээр байна.

Өчнөөн ноцтой хэрэг зөрчил гардаг ч МАН-ын М.Энхболд болон Ц.Сандуй зэрэг томоохон ар талтай уг баар ямар ч хууль хяналтыг уландаа гишгэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр бий. Замын цагдаагийн газрын урд байрлах "Home Plaza”-д "Mint” баар үйл ажиллагаагаа явуулдаг.

Тэгвэл "Home Plaza”-нь М.Энхболдын эзэмшлийнх аж. Тэгвэл МАН-ынхан энд тэндэхийн төрийн албанд даргаар томилсон хүмүүстээ МИНТ бааранд орлого оруулах үүрэг өгчээ. Өөрөөр хэлбэл доод албан тушаалын бүх дарга нартай үүрэг чиглэл өгөхдөө шинэ жил, баяр ёслол зохион байгуулах бол баяраа МИНТ-д тэмдэглэ гэж байгаа юм байна.

Ийнхүү МАН-ынхан хэмнэлт гэж уриалсан хэдий ч цаагуураа өөрсдийнхөө ашиг орлогыг нэмэгдүүлэхээ мартсангүй. Төрийн албаныхныг хувийн эзэмшлийн өндөр үнэтэй баарандаа шинэ жилээ хийхийг тулгаж буй нь хямралд санаа зовниж байгаагийн илрэл мөн үү.

Ямартай ч шинэ жил болдгоороо болно. Харин ХЭМНЭЛТИЙН ШИНЭ ЖИЛ байх уу гэдэг нь юу л бол.

У.Сайхан

Эх сурвалж: Bolod.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen