МУИС-ийн гарааны компанийн хөгжлийн хөтөлбөр, инновацийн хамтын ажиллагаа өргөжиж байна

2018 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд хэрэгжүүлсэн “Багш, оюутны стартап-2018” (NUM STARTUP 2.0) хөтөлбөрийн шилдэг гарааны компанийн төслийн шалгаруулалт, гарааны тэтгэлэг гардуулах арга хэмжээг 2018.12.01-ний өдөр  МУИС-ийн 1-р байрны “Эрдмийн өргөө” –д амжилттай зохион байгууллаа. 

Тус арга хэмжээг нээж МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг хэлсэн үгэндээ: “МУИС-ийг 2016-2024 онд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд МУИС-ийн алсын хараа нь дэлхийн түвшн ий их сургууль болоход оршино гэж тодорхойлсон байдаг. Дэлхийн түвшний их сургууль болоход бодлогын түвшинд, хэрэгжилтийн хүрээнд олон ажлуудыг хийж байгаа билээ.

МУИС-аас Эрдэм шинжилгээ, судалгаа, гэрээт ажил, технологи дамжуулалт, инновацийн орлогыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд үндэсний болоод гадаад хамтын ажиллагааны хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд нийт 3, 9 тэрбум төгрөгийн өртөгтэй судалгаа, хөгжлийн нийт 175 ажлыг хэрэгжүүлсэн ба өмнөх оноос 1,2 хувиар өссөн үзүүлэлттэй байлаа. 2018 оны 6-р сарын байдлаар МУИС нэр дээр нийт 20 патент, 14 барааны тэмдэг, 2 ашигтай загвар бүртгэгдсэн. Цаашид их сургуулийн эрдэмтэн судлаачдын бий болгосон технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, тэдгээр технологийн бэлэн байдлыг дээшлүүлэх, хагас үйлдвэрлэлийн туршилт хийх, үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэй технологийн лицензийн гэрээ байгуулах, хамтарсан гарааны компани байгуулах зэрэг тодорхой үйл ажиллагааг дэмжих механизмыг бүрдүүлэх чиглэлээр олон ажлуудыг МУИС-ийн Инноваци, технологи дамжуулах төвөөс төлөвлөн ажиллаж байна. Түүний нэг нь энэхүү “Багш, оюутны стартап-2018” (NUM STARTUP 2.0)” хөтөлбөр юм.

Түүнчлэн их сургуулийн зүгээс судалгаанд чиглэсэн төслийн санхүүжилтын төрөлжилтийг нэмэгдүүлэх, тэр тусмаа их сургууль аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, инноваци, технологи дамжуулалтыг дэмжихэд ихээхэн анхаарч ирлээ. Энэ оноос эхлүүлэн МУИС-ийн судалгааны санхүүжилтын журмыг шинэчлэн, аж үйлдвэр байгууллагуудтай хамтран өртөг хуваалцах болон инновацийн төслийн санхүүжилтыг шинээр нэмж батлуулаад байна. Ингэснээр өнөөдөр Та бидний эхлүүлж байгаа энэхүү хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

БСШУС-ийн Сайдын зөвлөх Б.Ганбат тус арга хэмжээнд оролцогчдод амжилт хүсч мэдчилгээ дэвшүүлсэн ба “Сүүлийн жилүүдэд эрдэм шинжилгээний байгууллагуудаас инновацийн бүтээгдэхүүн бий болгох, гарааны компани байгуулах үйл явц ихээхэн эрчимжиж байна. Нөгөө талаас төрийн байгууллагууд, тодорхой салбарууд болон чиглэлээр инновац ийг дэмжиж эрчимжтэй ажилладаг болсон байна. Мөн эдгээр салбаруудын цаана байгаа хувийн хэвшлүүд, бизнесийн оролцоо өргөжиж, энэ чиглэлд оруулдаг хөрөнгө бас нэмэгдэж байна.

БСШУСЯ-ны зүгээс энэ жил гарааны бизнес, инновацийг дэмжих чиглэлээр нилээд олон ажлууд хэрэгжүүлсэн. Юуны өмнө гарааны компаниудыг аж ахуйн нэгжийн орлогын болон гаалийн татвараас чөлөөлөх бодлого, зохицуулалтын хэрэгжилтийг хангаж, нийтдээ 30 гаруй компани энэ хөнгөлөлтөд хамрагдсан. Дөнгөж шинээр бий болж байгаа гарааны компаниудад татварын дэмжлэг маш чухал байдаг, өөрөөр хэлбэл гарааны бизнесийн эхний 2-3 жилд тоног төхөөрөмж, урвалж бодис зэргийг импортоор оруулж ирэхэд гаалийн татвараас, үйлдвэрлэгдэн гарч байгаа инновацийн бүтээгдэхүүн нь орлогын татвараас чөлөөлөгдөж байгаа. Мөн БСШУС-ын Сайдын багцаас гарааны компани, инновацийн төслүүдэд зориулж грант олгодог болсон. Энэ жил 600 сая төгрөгийг зарцуулсан ба ирэх 1,2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Засгийн газраас өнгөрсөн 7 хоногт шилдэг инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарын инновацийн шагналд 2 компани шалгарч Ерөнхий сайд тус шагналыг гардуулсан. Хамгийн гол ач холбогдол нь шинэ бүтээгдэхүүнүүдийг сурталчлах, гарааны компаниулыг танилцуулах, инновацийн үйл ажиллагааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа юм. Гарааны бизнес, инновацийн төсөл гэдэг нь бусад төслүүдээс  маш их онцлогтой, шинжлэх ухааны төслөөс өөр, нөгөө талаас цэвэр хөрөнгө оруулалтын бизнесийн төслөөс ялгаатай байдаг. Мөн дэлхийн түүхэнд гарсан том том технологийн компаниудын дийлэнх нь их сургуулиас, судалгааны байгууллагаас төрөн гарсан байдаг. Шинжлэх ухааны салбарт судалгаа хийдэг эрдэмтдээс дараагийн үеийн мэдлэг, шинэ бүтээгдэхүүн, шинэ санаачлага судлаач болон оюутнуудаас гардаг гэж боддог. Цаашдаа энэ их сургуулиас төрөн гарч буй компаниуд нь эргээд сургуулийхаа нэр хүнд болоод санхүүгийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэлээ.

“Багш оюутны старт ап-2018” хөтөлбөрийн эцсийн шатны шалгаруулалтад Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль (ХШУИС)-ийн Ургамлын биотехнологийн лабораторийн ахлах багш, доктор  Б.Даваапүрэв, Шинэ материалын лабораторийн доктор  Б.Цэрэнханд, Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн дэд проф. А.Амарбаяр, Хүрээлэн буй орчин, химийн инженерчлэлийн тэнхмийн дэд проф. Т.Энхдөл, Шинжлэх ухааны сургууль (ШУС)-ын БУС-ын Эмчилгээний хүнс ба байгалийн нэгдлийн химийн лабораторийн дэд проф. Б.Мөнхжаргал, доктор Б.Туяагэрэл, Байгалийн нэгдлийн химийн лабораторийн дэд проф. Ш.Наранмандах, Бизнесийн сургууль (БС)-ийн Менежментийн тэнхмийн багш магистр Д.Батцэцэг, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль (ОУХНУС)-ийн дэд проф. С.Энхцэцэг нараар ахлуулсан магистр, бакалаврын оюутнууд хамтран гарааны компани байгуулах төслийн баг бүрдүүлж оролцлоо.

Гарааны компанийн багийн нэр – “Эрдэмт хүнс” Хөгжүүлэх технологийн чиглэл – “Жангар” ундаа Багийн ахлагч: Дэд проф Б.Мөнхжаргал, ШУС, БУС, Эмчилгээний хүнс, байгалийн нэгдлийн судалгааны лабораториГарааны компанийн багийн нэр – “Warm data” Хөгжүүлэх технологийн чиглэл – Дулаан алдагдлын хэмжилт Багийн ахлагч: Дэд проф А.Амарбаяр, ХШУИС, Сэргээгдэх эрчим хүчГарааны компанийн багийн нэр – “Энх Тунх” Хөгжүүлэх технологийн чиглэл – “Увдист шавар” Эмчилгээний зохиомол шавар Дэд проф Б. Цэрэнханд, ХШУИС, Хими биологи инжерчлэлийн лабораториГарааны компанийн багийн нэр – “ICB” Хөгжүүлэх технологийн чиглэл – NUM Skill Багийн ахлагч: Дэд проф С.Энхцэцэг, ОУХНУС, ОУХ-ны тэнхимГарааны компанийн багийн нэр – “ECO PUZZLE” Хөгжүүлэх технологийн чиглэл– Дахин боловсруулсан цаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл “STEM puzzle” Багийн ахлагч: Доктор Т. Энхдөл, ХШУИС, Хүрээлэн буй орчин инженерчлэлийн лабораториГарааны компанийн багийн нэр – “Мон Био Про” Хөгжүүлэх технологийн чиглэл – Нүүрний шавар маск Багийн ахлагч: Дэд проф Ш. Наранмандах, ШУС, БУС, Биологийн идэвхт байгалийн нэгдлийн химиГарааны компанийн багийн нэр – “Mongolian Bio Future” Хөгжүүлэх технологийн чиглэл –Цомцогт бэр цэцгээс гарган авсан бактерийн эсрэг идэвхитэй ам зайлагч Багийн ахлагч: Доктор Б.Даваапүрэв , ХШУИС, Ургамлын биотехнологийн лаборатори Багийн гишүүд: 7Гарааны компанийн багийн нэр – “Active now” Хөгжүүлэх технологийн чиглэл – Ideax үүрдэг цамц Багийн ахлагч: Магистр Д. Батцэцэг, БС, Менежментийн тэнхим

Шалгаруулалтыг шүүгчдийн бүрэлдэхүүнд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирлаар ахлуулсан МУИС-ийн эрдэмтэн багш болон  БСШУСЯ, ОӨГ, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Зээлийн батлан даалтын сан, Үндэсний Стартап Фанд ХХК, Стартап Терминал ХХК-ийн төлөөллүүд шүүгчээр ажиллалаа.

Энэхүү арга хэмжээг тохиолдуулан манай улсын хэмжээнд инновацийн  экосистемийг бүрдүүлэн инноваци, гарааны компанийн хөгжлийг түүчээлэн ажиллаж байгаа Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Зээлийн батлан даалтын сан, Үндэсний Стартап Фанд ХХК, Стартап Терминал ХХК-уудтай инноваци, технологи дамжуулалтыг эрчимжүүлэх, МУИС-ийн дэргэд байгуулагдаж буй гарааны компани, шинэ технологийг бойжуулах, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын түншлэлийг хөгжүүлэхэд хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэгт харилцан ашигтай, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол зохион байгууллаа.

МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын Дарга Б.Бат-ЭрдэнэМУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Б.БатбаярМУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг Үндэсний Стартап Фанд ХХК-ийн Дэд захирал Н.ХүлгэнМУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг Стартап Терминал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Одсүрэн

Хөтөлбөрийн шалгаруулалтын нэгдсэн дүнгээр Доктор Б.Даваапүрэв ахлагчтай “Mongolian Bio Future” гарааны компанийн багийн  “Цомцогт бэр цэцгээс гарган авсан бактерийн эсрэг идэвхитэй ам зайлагч” төсөл ТЭРГҮҮН байранд шалгарч, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг гарааны компанийн төслийн 10 сая төгрөгийн тэтгэлэг (seed grant) олгох батламжийг  гардуулав.

Шалгаруулалтын ДЭД байранд Дэд проф А.Амарбаяр ахлагчтай “Warm data” гарааны компанийн багийн  “Дулаан алдагдлын хэмжилт” төсөл шалгарч, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг гарааны компанийн төслийн 8 сая төгрөгийн тэтгэлэг (seed grant) олгох батламжийг  гардуулав.


Шалгаруулалтын ГУРАВДУГААР байранд Дэд проф Б.Мөнхжаргал ахлагчтай “Эрдэмт хүнс” гарааны компанийн багийн “Жангар” ундаа төсөл шалгарч, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг гарааны компанийн төслийн 5 сая төгрөгийн тэтгэлэг (seed grant) олгох батламжийг  гардуулав.

Инноваци, технологи дамжуулалтын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байгууллагуудын зүгээс “Багш оюутны старт ап-2018” хөтөлбөрийн шалгаруулалтад оролцсон багуудад амжилт хүсч, цаашид МУИС-аас төрөн гарч байгаа бизнес санаа, шинэ технологи, гарааны компаниудыг хөгжүүлэхэд харилцан идэвхтэй хамтран ажиллах бүрэн боломжтой байгаагаа илэрхийллээ.

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас шалгаруулалтад Тэргүүн байр эзлэсэн “Mongolian Bio Future” гарааны компанийн багт “HUB Innovation center”- т 3 сар үйлчлүүлэх үнэгүй үйлчлүүлэх эрхийн бичиг, Үндэсний Стартап Фанд ХХК, Стартап Терминал ХХК-аас Гарааны компанийн “Active now” буюу үүрдэг цамцны дизайн хөгжүүлэлтийн баг болон “ICB” буюу багш, оюутны хамтарсан нийгмийн инновацийн үйлчилгээг хөгжүүлэхээр ажиллаж буй багуудад Старт ап терминалд 1 сарын хугацаанд үйлчлүүлэх эрхээр тус тус шагналаа. Энэхүү эрхийг тус терминалд ажилладаг мэргэжлийн 15 менторын үйлчилгээ дагалдаж байгаа тул цаашид эдгээр төслүүд улам бүр боловсронгуй болж хөгжих юм.

 “Багш оюутны старт ап-2018” хөтөлбөрийн шалгаруулалтад гарааны компанийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд бодитой хувь нэмэр үзүүлж, монголын эдийн засаг, бүтээлч үйлдвэрлэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй компаниудын төлөөлөл болох “Мон Цемент” ХХК-ийн чанарын менежер Б.Болд-Эрдэнэ, “Монос-косметик” ХХК-ийн  ерөнхий технологич Л. Хишигсүрэн, “Монгол базальт” ХК-ийн дэд захирал Г.Ганзориг, “Value United Partners” ХХК-ийн захирал Б.Нандин-Эрдэнэ, “Витафит”  ХХК-ийн  Чанарын албаны газрын дарга  Х. Оюун-Эрдэнэ, “Инару” ХХК-ийн төлөөлөгч Буянцэцэг, “Одь тан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам, “Ecopack” ХХК-ийн менежер Алтанзүчи,  “Боловсролын цонх”  ХХК-ийн менежер Б.Билгүүдэй нар болон Геологийн төв лабораториийн  Стандартчилсан загвар боловсруулалтын инженер Г.Эрдэнэчимэг, Оточ Манрамба их сургуулийн Төгсөлтийн дараах албаны дарга Н.Мөнхжаргал, АШУҮИС-ийн Химийн тэнхимийн багш Э.Тэгшжаргал,  Монгол-Данийн нийгэмлэг,  ННТС ТББ-ын  тэргүүн Н.Тунгалаг нар хүрэлцэн ирж, манай эрдэмтэн багш, судлаачдын боловсруулсан шинэ технологи, бизнес санал, гарааны компанийн төслүүдтэй танилцаж, санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар олон санал санаачлага дэвшүүллээ.

Цаашид манай эрдэмтэн багш, судлаачид, оюутнууд болон үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн бүтээлч хамтын ажиллагаа өргөжиж, Монгол улсын хөгжилд бодит үр дүн өгөх өргөн боломж бий гэдэгт итгэж байна.

Багш, оюутны старт ап-2018 хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулга видеог үзнэ үү.

 

Гарааны компанийн багууд болон технологийн дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

Татах (PDF, 11.48MB)

 

ИННОВАЦИ, ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen