ОРИЕНТАЛИЗМЫН ТУХАЙ

ОРИЕНТАЛИЗМЫН ТУХАЙ

 

 Эдвард Саид 1978 онд гарсан “Ориентализм” гэх бүтээлээрээ одоогийн өрнийн ертөнцөд одоо ч хэвээр буй нэг стереотипч үзлийг сөрөн зогссон билээ.
Саид өрнийн дорнын тухай үзэл бодлоо гарган тавих зорилгоор ориентализм гэсэн илэрхийллийг хэрэглэжээ.
     Европ дахинд 18 дугаар зуунаас эхлэн хөгжүүлсэн шинжлэх ухааны салбар дискурсын хэв маяг улс төрийн үзэл суртал ертөнцийг үзэх үзэл гэж тооцогдох ориентализм угтаа бид нар, тэд нар, өрнө, дорно гэсэн эсрэгцэлд тулгуурлана. Энэ хүрээнд ориентализм нь дорныг судлан сэдэв болгож буй байгууллагууд, байр суурь, адилтгалууд, нэг төрөл сургаал, удирдах хэлбэр, захирах хэлбэр юм.
Саид  өрнө дахинаас дорныг сонирхох сонирхлыг Жак Лаканы “нөгөөх“ гэх ойлголтоор авч үзжээ. Нөгөөх гэдэг нь хүний хөгжлийн тольч үед хүүхэд өөрийн ахуйгаа өөрийнхөө толины дүр төсөөс амжилттай ялгаж өөрийн адилслаа мэдэхийг хэлнэ. Мөн энэ хам эхийн хүрээнд нөгөөхтэй эсрэгцүүлж байж ямар нэг санааголж авдаг бидний  ахуйн хүсэл хүлээлтүүд энэхүү нөгөөхөд тусна. Дорно өрнийн соёлын өрсөлдөгч нөгөөхийн тухай хамгийн том дүрийн нэг ажээ. Дорно өрнийн үгүйсгэл болохдоо рациональжилт,шинжлэх ухаан хөгжил, эдийн засгийн өсөлт, хөгжин цэцэглэлт тэргүүтний нөгөөх буюу  нөгөө тал юм. Эшкрофт ориентализм нь дорныг нөгөөх гэж бүтээсэн өрнийн бүтээл мэдлэг юм гэжээ.
Ориентализмын үр дүн нь ийнхүү өрнө дорнын хооронд хос эсрэгцлийг бий болгох явдал байжээ.  Дерридагийнхаар өрнийн сэтгэлгээ, өрнийн үнэлэмж, өрнийн соёл, метафизик хос эсрэгцлээс хамаардаг. Жак Дерридагийн  энэхүү хос эсрэгцэл иерархи шатлалтай ба нэг гишүүн нь илүү чухалд тооцогдоно. Гишүүн бүрийн утга нь нөгөөхийнхөө ул мөрөөс/trace/хамаарна.Платоноос хойш үеийн философи сэтгэхүй бие /mind body/, оюун санаа матери /spirit matter/, ухаан тэмүүлэл /reason passion/, субъект объект /subject object/, хүртэгдэх ойлгогдох /sensible intelligible/, бодит төсөөллийн /real imaginary/, мэдлэг санал /episteme doxa/, байгаль соёл /nature culture/, яриа бичиг /speech writing/, ахуй юу ч биш /being nothingness/, уугуул дууриал /origin imitation/, өөрөө нөгөөх /self other/, адилсал ялгарал /identity difference/, тэмдэглэгдэгч тэмдэглэгч /signified signifier/, сайн муу /good evil/, байх байхгүй /presence absence/, амьдрал үхэл/life death/, зөв буруу /truth error/гэх зэрэг эсрэгцсэн хос ойлголтоор бүтэх бөгөөд энэхүү хос эсрэгцлээс нэг гишүүн нөгөөгөө эзэрхийлэн давамгайлна. Деррида өрнийн метафизикийг ахуйг байх /presence/ хэмээн тодорхойлсны түүх, бичгийн аюул заналын эсрэг үлгэр жишээ хамгааллын тогтолцоо фонологизм гэсэн бөгөөд бичиг нь яриа боломжгүй үед үүсэх нөхвөр гэсэн үг юм. Дерридагийн үзлээр байхгүй гэдэг нь байх нь үгүй байх,муу гэдэг нь сайнаас холдох буруу гэдэг нь зөвөөс гажих, ялгарал гэдэг нь адилсал биш хэмээх утгатай ажээ. Энэ нь гэрэлтэй харанхуй, цагаан хар гэсэн ерөнхий хослогоос илүү нийлмэл соёлын утгатай эр эм, колоничлогч колоничлогдсон,өөрөө нөгөөх гэж үргэлжилнэ.  “Өөрөө” нь эрэгтэй, цагаан арьстан, европийн гэсэн эсрэгцлийн эерэг  утгатай гишүүд байх бол “нөгөөх” нь эмэгтэй, хар арьстан, европын бус гэсэн сөрөг утгатай гишүүд байх ажээ. Энд “өөрөө” бол танил, европ, баруун, бид байх бол “нөгөөх” нь үл таних, дорно, зүүн, тэд байх юм. Цаашдаа энэхүү эсрэгцэл өрнө бусад, төв хязгаар, метрополитан колонийн субъект гэж үргэлжилнэ.
        Мишель Фукогийн үзэхээр дискурс гэдэг нь хэлбэршлийн дангаар тогтолцоонд хамаарах өгүүлэмжүүдийн /statement/ бүлэгбөгөөд энэхүү тогтолцоо нь эл өгүүлэмжүүдийн хуваагдал бие биенээсээ хамаарах зэргийг, мөн өгүүлэмжүүд нэг нь нөгөөтэйгээ холбогдох эсвэл үгүйсгэх арга, тэдний хувирал өөрчлөлт, тэдний байршил, цэгцрээ, орлуулгыг удирдана. Мөн Фукогийн хувьд дискурс нь бүх бичих ярих өгүүлэмжүүдийн ерөнхий хүрээ, анагаах ухаан шинжлэх ухаан хууль гэх мэтээр тусгай салбарт хамаарах хэсэгчлэн тогтоож болох өгүүлэмжүүдийн бүлэг, тодорхой тооны өгүүлэмжийг тайлбарлах дэг журамтай практик болох юм.
       Ийнхүү тусгайжсан мэдлэгийг үнэн гэж тооцохын тулд зохицон дагах ёстой тусгай хэлний төрлийг дискурс гэж болно. Дискурс нь дэлхий дээр хэлний тогтолцоог тулгах арга замаар хүчирхийллийн хэлбэрийг шаарддаг ажээ. Мэдлэг хууль ёсны гэж тооцогдохын тулд дискурсын парадигмыг дагалдах ёстой. Угтаа Фукогийнхоор дискурст эрх мэдэл, мэдлэг  нэг нь нөгөөтэйгээ холбогддог ажээ. Фуко “эрх мэдэл ба мэдлэг шууд бие биенээ битүү илэрхийлдэг ба мэдлэгийн харилцан хамаарах талбарыг бүтээн байгуулахгүйгээр эрх мэдлийн харилцаа гэж байхгүй ба үүнтэй нэгэн зэрэг хүчний харилцааг таамаглан бүтээхгүй мэдлэг гэж үгүй юм” гэжээ. Ийнхүү Фуко эрх мэдэл мэдлэгийг бүтээдэг гэж байна. Эрх мэдэл мэдлэгт үйлчлэх тогтолцооний үргэлжлэлийг хадгалан баталгаа болохын тулд энэ хоёр нь бие биенээ шаардана. Ийнхүү оюун ухааны ялалт нь эрх мэдэл мэдлэгийн холбооны ялалт ажээ. Тернерийн хэлснээр гэмт хэрэгтэн солиотой гажуу гэх айнууд ижил ялгаатай гэсэн тогтолцоот хуваалтын дагуу хэвийн эрүүл нь эрх мэдлийг хэрэгжүүлсэн шинжлэх ухааны дискурсын нотолгоо юм. Эрх мэдэл мэдлэгийн холбоо нөгөөхийг бүтээх ажээ. Энэхүү нөгөөх нь солиотой гэмт хэрэгтэн гажуу эсвэл дорно байж болно. Саид дорно, дорнын хүн гэж байхгүй бөгөөд өрнийнхөн дорныг бүтээж хуурамчиаар үйлдсэн юм. Мэдлэг Луумбагийн хэлснээр гэм буруугүй зүйл бус эрх мэдлийн үйл ажиллагаатай гүнзгийгээр холбогддог ажээ. Саид дорнын тухай мэдлэг, эрх мэдлийн бүтцийг бүрдүүлдгийг харуулсан ба дорнын тухай мэдлэг өрнийхний хяналтад байх юм.
   Саид ориентализмыг тодорхойлохдоо ойлголтын бүтэц нь өрнөөс дорныг ойлгох аргыг тодорхойлох дискурсын байгууламж гэжээ. Өрнөдөд үнэн гэж тооцогдох ч ориентализм нь тухайн соёлтой зайлшгүй харилцаагүй үзэл суртлын фантазын хэлбэр байсан ба дорно нь ориенталист зохиол байжээ. Ориентализм бол эрх мэдэл соёлын эрхшээлийн харилцаа, түүнийг дагалдах колоничлолын соёлын дүйцэл юм.
Өөрөөр хэлбэл, Фукогоос ургуулан бодоход, ориентализм бол эрх мэдэл мэдлэг цугтаа холбогдсон дискурсюм. Эдвард Саидын хувьд дискурс нь дорнын тухаймэдлэг эрх мэдлийн харилцааг тодруулахад тусалсан ажээ. Саид Фукогийн “Мэдлэгийн археологи” “Сахилга бат ба шийтгэл” гэх бүтээлдээ авч ярьсан дискурс хэмээх ойлголтыг ориентализмыг тодруулахад авч ашигласнаа дурдаад ориентализмыг дискурс болгон судлахгүйгээр гэгээрлийн дараах үеийн туршид дорныг улс төр, нийгэм, цэрэг, үзэл суртал, шинжлэх ухаан, төсөөллийн хувьд европын соёл удирдсан тэр бүү хэл бүтээсэн агуу том тогтолцоот салбарыг ойлгох боломжгүй юм  гэжээ.
Грамши дэлхийн нэгдүгээр дайны дараах өрнийн капиталист нийгмүүдийн эрх мэдлийн бүтцийг судлаад эдгээр нийгэмд эрхшээлт ангийн улс төрийн эрх мэдэл явцуу утгаар төрийн эрх мэдэл юм уу дарамтлах хүчийг хянах, бусад нийгмийн бүлгүүдийг албадлага хэрэглэх чадвар буюу эрхшээл болон, оюун сэхээ ёс суртахууны манлайлал юм уу хегемони хоёрын хослолд тулгуурладаг хэмээжээ. Грамши хегемони нь албадлагын хуяг дуулгаар хамгаалагдах тухай яриад, дарангуй төрийн аппаратын гадаад хамгаалалтан дундах боловсрол, ажил, гэр бүл, чөлөөт цаг гэх мэт иргэний нийгмийн институцийг эрхшээлт анги хегемониор хянах нь орчин үеийн капиталист нийгмүүдэд гарах хувьсгалт өөрчлөлтийг хүнд төвөгтэй болгодог гэсэн байна.
Антонио Грамшигийн хегемони гэх ойлголтоос үндэслэн үзэхэд, ориентализм нь дорнын тухай тодорхой үзэл санаанууд бусдынхаа дээр давамгайлж буйг илтгэнэ.

Карл Маркс удирдах анги эдийн засгийн суурийг хянаж ажилчин ангийг эрхшээх институци нийгмийн харилцааг бий болгодог гэсэн бол Грамши ангийн эрхшээл соёлын хувьд илэрч ажилчин анги захирах ангийн үзэл суртлын иллюзийн субъект болдог өөрөөр хэлбэл, удирдах элитүүд өөрийн ертөнцийг үзэх үзлээ эрүүл ухаан гэж маргаан мөргөлдөөний гадуур түгээдэг хэмээжээ.
Тодорхой үзэл санааны өргөн нөлөө тоталитар бус нийгэмд хүч, бүдүүлгээр    бус зөвшилцлөөр хэрэгжиж  далд битүүлгээр, бичигдээгүй зохицол  цаг үргэлж эрүүл ухаан мэргэн оюун гэж тооцогдохыг, өөрөөр хэлбэл, тоталитар бус нийгмийн аливаа хэлбэрт тодорхой соёлын хэв маяг илүү хөгжихийг хегемони гэнэ. Грамши иргэний улс төрийн нийгмийн тухай ашигтай аналитик ялгааг гаргасан бөгөөд  иргэний нийгэм нь  сургууль, гэр бүл, эвлэл холбоо гэх мэт сайн дурын ойр харилцаагаар үүсдэг бол улс төрийн нийгэм нь арми, цагдаа, төвийн түшмэл ёс  гэх мэт улс төр дэх үүрэг нь  шууд эрхшээл байдаг төрийн институциуд болно. Соёл бол мэдээжээр санаа институци бусад хүмүүсийн нөлөө эрхшээлээр бус Грамшийнхаар зөвшилцлөөр хэрэгжих иргэний нийгмийн дунд  илэрдгээрээ хегемони гэх ойлголттой холбогдоно. 

Хегемони гэх энэ нийгмийн үзэгдэл ориентализм буюу соёлын “нөгөөх”ийг сонирхохыг зайлшгүй болгодог ажээ.  Чухамдаа энэхүү хегемони аж үйлдвэржсэн өрнийн соёлын амьдралыг ухаарахад  чухал  ойлголт юм
Европын  бус үндэстнүүд соёлтой харьцуулахад европын дээд адилслын тухай санаа нь Европчууд Европчууд бус гэх европын сэтгэлгээ хамтын мэдрэмж болохын сацуу европын дотно болон гадна үүсгэсэн хегемонийи илэрхийлэл өөрсдийн соёлынх нь үндэс ажээ.


Саидын “Ориентализм” хэмээх зохиолоос иш татаж үзүүлэх нь сонирхолтой юм. 
“....Дорно бол зөвхөн европтой  хил залгаа төдийгүй европын хамгийн том колни хамгийн баян  хамгийн эртний колониуд тэдний иргэншил хэлнүүдийнх нь эх сурвалж европын соёлын өрсөлдөгч,  европын нөгөөхийн хамгийн гүнзгий хамгийн их давтагдах дүр төрхүүдийн нэг юм . Түүгээр ч зогсохгүй эсрэгцэх дүр төрх санаа бие хүн туршлага нь болохын хувьд Европ буюу өрнийн тодорхойлоход тусалсан юм. Үүнээс үл хамаараад  энэхүү дорнын ямар ч тал зөвхөн төсөөллийнх биш, дорно бол европын материаллаг иргэншил соёлын  үл салах хэсэг юм. Ориентализм энэ  иргэншлийн дэмжих институц, үгийн сан, сурган хүмүүжил, төсөөлөл, номлолоор дэмжигдэх дискурсын төлөв, тэр бүү хэл колонийн түшмэд, колонийн загвар маяг юм. Ориентализм бол дорно болон өрнийн хооронд хийгдсэн онтологийн эпистемологийн ялгаанд суурилсан сэтгэлгээний загвар маяг юм” “Ориентализм бол дорныг эрхшээх дахин бүтэцжүүлж ноёрхох барууны загвар маяг юм”. Энэ утгаараа ориентализм өрнийн давуу байдлаа хадгалах, дорныг ноёрхох оролдлого юм.
      Саид ориентализмыг дорныг колони болгоход чиглэх шинжлэх ухааны хөдөлгөөн бөгөөд дорныг өрнийн харилцагч бус харин дуугүй “нөгөөх” гэж үзэж байна. Ориентализмын сэтгэлгээний үндэс нь хүний сэтгэлгээ дэлхийг өрнө дорно гэж хоёр хуваах бөгөөд ориентализмын үндсэн махбод бол европын дорны тухай тогтолцоот хөгжингүй мэдлэгтэй болох хүсэл иймэрхүү мэдлэгтэй болох явдал юм. Азийн ертөнцийг хүссэнээрээ тайлбарлах Эсхил, дорнын үнэнийг таньсан ориенталистийн хооронд адил шинж байна. Хоёулаа битүүлэг Азийг таних гэж оролдохдоо энэрэх мэдрэмжээр эхлэхийн сацуу дээд гэх зан үйлдлээсээ ч холдохгүй юм.
 Саидаас цаашид иш татвал, “Дорнынхон буюу арабууд гэнэн эрчим хүч санаачлагагүй, хэтрүү зулгуй зан, явуулга, заль мэхэд ихэд дуртай, амьтдад харгис догшин юм. Дорнын хүмүүс зам явган замаар явж чаддаггүй/тэдний замбараагүй оюун ухаан, ухаалаг европ хүн зам явган замыг алхахад зориулагдсан гэж  шууд л  ухаардаг зүйлийг ойлгож чаддаггүй/дорнын хүмүүс засаршгүй худалч, үлбэгэр, сэжиг төрүүлэм, бүхий л зүйл нь англи саксон арьстны ил тод санваартан язгуурлаг чанартай эсрэгцэж байна. 
Дорнынхон иррациональ,ёс жудаггүй, хүүхэд шиг, ялгаатай бол өрнийнхөн рациональ, ёс суртахуунтай, нас биенд хүрсэн, хэвийн байх ажээ.
Арван есдүгээр зууны турш ямар нэг европ хүн ориентализм бол Ницщегийг үнэн гэх үгийн утгаар /Ницще үнэнийг ямар байсныг  нь мартсан зүйлийн тухай иллюзи гэжээ /үнэний тогтолцоо байсан гэж би бараг болзол нөхцөлгүйгээр хэлж чадна. Ийм учраас бараг европ хүн бүр дорнын тухай юуг хэлж чадах байсан гэдгээрээ арьс өнгөний үзэлт, империалист, бараг бүгдээрээ угсаатан төвт үзэлтэй байсан.
       Дорно угтаа өөрчлөгддөггүй түүхээрээ цул бол өрнө идэвхтэй түүхээрээ хөдөлгөөнт юм. Өрнө үйлдээч /actor/, дорно идэвгүй,эсрэг үйлдэгч /reactor/, өрнө  дорнын зан үйлдлийн бүх талд ажиглагч /spectator/, шинжээч, шүүгч юм.
Өрнө болон дорнын харилцаа эрх мэдэл эрхшээл цогц хегемонийн янз бүрийн зэрэг дэв болно
Дорнын хүн дорнодоо амьдарч дорнын чөлөөт амьдралаар дорнын хувь заяачлах үзлийн мэдрэмжээр зоригжсон, дорнын хэрцгий ёс, мэдрэмтгий зан авирын нөхцөлд амьдарна .
Одоо арван есдүгээр зууны  ориентализмын чухал хувьсал өөрчлөлтийн нэг нь  дорнын тухай чухал санааг гаргасан нь байв. Мэдрэмтгий, хэрцгий ёсонд эрмэлзэх, төөрч будилсан сэтгэлгээ, алдаж эндүүрэх зуршлыг тусгаар  эргэлзээ үл төрүүлэм холбоонд нь ялгаруулсан явдал байлаа
Гэхдээ дорно өөрөө өөртөө өөрийгөө дүгнэж ойлгох чадваргүй байв. Зарим талаараа европын тэдэнд хийсэн зүйлээс болж дорно шашнаа философио алдсан, муслуманчууд дотроо гүн ангалд унасан ба анархи, амиа хорлоход ойрхон байв. Тиймээс уламжлалт соёл овог удмын  амьдралынх нь дүрэм сүсэгтэн нарын өв хөрөнгийг хамгаалахын тулд муслуман нартай нягт хамтрах нь францчуудын хувьд үүрэг болжээ.”
“Дорнын тухай ерөнхийжүүлэлт бүх зүйлийг дорны хүний  гэх  таамагласан төсөөллөөс хүчийг олж авч байв. Дорнын гэх тодотгол нь эсэргүүцэх жишээг хүчингүй болгох хэмжээнд дорнын хэсэг бүр дорнын шинж гэж яригдаж байв” гэхчлэн бичжээ.
 Мөн Саид  “....Зөвхөн өрнийн хүн дорнын хүний  тухай ярьж болно. Жишээ нь өнгөт арьстан цагаан бус арьстны тухай зөвхөн цагаан арьстан хүн тодорхойлж нэрлэж болно. Ориенталист буюу цагаан арьстай хүний /энэ хоёр нь харилцан солигдож болно/  хэлсэн мэдэгдэл бүр цагаан арьстныг өнгөт арьстнаас салгах өрнийн хүнийг дорнын хүнээс ялгах томоохон холын зайн утгыг тээнэ. Үүнээс гадна мэдэгдэл бүрийн ард дорнын өнгөт арьстан хүнийг өрнийн цагаан арьстан хүний судалж буй объектийн байранд байлгах туршлага сургалт боловсролын уламжлал мэдрэгдэх ба үүний эсрэгээр байдаггүй юм “гэж бас бичсэн байна.


МУИС-ын багш М.Ууганбаяр

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen