"Ойрын хавьтлын хоёр хүүхдийг аймагт нь тусгаарласан"
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол Говь-Алтай аймагт бүртгэгдэж, 15 настай хүү сумын эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан гэсэн мэдээлэл гарсан байгаа. Энэ хүү 3 хоногийн өмнө хоёр найзтайгаа хамт тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэсэн гэсэн өгүүлэмжтэй байсан. Улмаар холбогдох албаныхан задлан шинжилгээ, сорьц авах зэрэг арга хэмжээнүүд авсан байна. Эхний задлан шинжилгээний дүнгээр өвчтөнд тарваган тахалтай төст савханцар гарчээ. Нарийн PCR шинжилгээ хийхээр дээжийг өнөөдөр онгоцоор нийслэлд авчирч байгаа аж.
Тэгэхээр энэ тохиолдол нь урьдчилсан байдлаар тарваган тахлын булчирхайн хэлбэр хүндэрч нас барсан гэсэн онош гарчээ.
Харин хавьтал болсон хоёр хүүхдийг аймагт нь тусгаарласан. 1-р хавьталын 15, 2-р хавьталын 11 хүн байгаа юм байна. 1-р хавьтлыг бүгдийг нь тусгаарлаж, антибиотек эмчилгээнд оруулжээ.
Албаныхны зүгээс тарваган тахлаас сэргийлэх зөвлөгөөг олон дахин өгсөөр байгаа боловч ийм харамсалтай хэргүүд долдугаар сард гарсаар байна гэдгийг ЭМЯ-ны зүгээс тодотгож байна.
Энэ жилийн хувьд БНХАУ, ОХУ, Монголын Алтай бүс нутгуудыг тарваган тахлын онц идэвхтэй бүс гэж гурван орны эрдэмтэдийн хамтарсан судалгаагаар гаргасан юм байна. Иймд тарваган тахлын онц идэвхжилтэй энэ жилийн хувьд тарвага агнахгүй байх, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг ийнхүү чухалчлан дурдсаар байгаа юм. Учир нь энэ тахал нь хоруу чанар өндөр, коронавирусын адил хурдан явцтай, харин ч илүү хурднаар хүний амь насанд хүрдэг учраас ард иргэд онцгойлон анхааралдаа авахыг албаныхны зүгээс хүсч байлаа.