Сонгууль дөхөхөөр “сэрдэг” 1910 хэсгийн ахлагч

Сонгууль дөхөхөөр “сэрдэг” 1910 хэсгийн ахлагч

 

Улаанбаатар хот засаг захиргааны хувьд есөн дүүрэг, 204 хороонд хуваагддаг. 2025 оны арванхоёрдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 1910 хэсгийн ахлагч ажиллаж байна. Тоо нь чамлахааргүй. Нэг ахлагч гэр хороололд дунджаар 200–250, орон сууцны хороололд 250–300 өрх “хариуцна”.

Дүүргийн болон хорооны засаг дарга нарын гурвалсан гэрээгээр ажилладаг гэрээт энэ албан тушаал бол Хууль, шийдвэрийг иргэдэд хүргэнэ, оролцоог нэмэгдүүлнэ, хамтын ажиллагааг бэхжүүлэх үүрэгтэй.

Гэвч ийслэлийн олон айл өрх өөрийнх нь хэсгийн ахлагч хэн болохыг мэдэхгүй хэвээр. Ялангуяа ажил хөдөлмөр эрхэлдэг, залуу иргэдийн хувьд хэсгийн ахлагчтайгаа бараг харьцаж үзээгүй байх нь түгээмэл. Харин нийгмийн эмзэг бүлгийнхэн тэднийг “хорооны хүн” гэдэг ерөнхий ойлголтоор л танина.

Чиг үүрэгт нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах зэрэг чухал заалтууд багтдаг. Гэхдээ эдгээрийг бодит ажил болгох нь ховор. “Хэрэг төвөгт орооцолдсон айлд л анхаарал хандуулдаг болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгааг огт харж байгаагүй” хэмээн оршин суугчид ярьдаг.

Үндсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлдэггүй атлаа хэсгийн ахлагч нар сонгууль, жагсаал цуглааны үеэр гэнэт идэвхждэг дүр зураг олонтаа. Зарим тохиолдолд ахмад настнуудыг олноор нь цуглуулж, ямар зорилго, шаардлагын төлөө жагсаж байгааг нь бүрэн ойлгуулахгүйгээр оролцуулдаг гэх шүүмжлэл иргэдийн дунд бий.

Зарим тохиолдолд ахмад настнуудыг олноор нь цуглуулж, ямар зорилгоор жагсаж байгааг нь бүрэн ойлгуулахгүй оролцуулдаг гэх шүүмжлэл ч бий. Жагсаалд зогсож буй хүмүүс “юуны төлөө” гэдгээ мэдэхгүй байх нь хэний дохиогоор хөдөлж байгааг илтгэнэ. Энэ бол оролцоо биш, зохион байгуулалт. Төр иргэний гүүр биш, жагсаал цуглааны “зуучлагч” мэт дүр зураг.

Үүгээр ч зогсохгүй, төсөл хөтөлбөр, хандив тусламжийг танил тал, хамаарал бүхий хүрээнд хуваарилдаг гэх хардлага тасардаггүй. “Цалин бага ч хангалт сайтай” гэх яриа зүгээр ч нэг үг биш бололтой. Албан ёсоор бол хэсгийн ахлагч сар бүр дунджаар 1.2 сая төгрөгийн цалин авна. Үүнийг 1910 ахлагчид үржүүлбэл жилд улсын төсвөөс урсах мөнгө бага биш. Харин энэ зардалтай дүйцэхүйц бодит үр дүн иргэдийн амьдралд мэдрэгдэж байна уу гэвэл хариулт нь бүрхэг.

2025 оны нийслэлийн ИТХ-ын ээлжит бус тавдугаар хуралдаанаар тэдний урамшууллыг 20 хувь буюу 200 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрийг баталчихсан. Иргэддээ танигдаагүй, үүргээ бүрэн хэрэгжүүлдэггүй тогтолцоог шагнаж урамшуулна гэдэг нь гүйцэтгэлийг дэмжсэн үү, эсвэл “идэвхжил”-ийг урамшуулсан уу гэдэг асуултыг өөрийн эрхгүй төрүүлнэ.

Үүнээс гадна илүү ноцтой асуудлууд ч яригддаг. Сонгуулийн үеэр иргэдийн харьяаллыг мэдэгдэлгүй өөрчлөх, хувийн мэдээллийг задруулах, эмзэг бүлгийг ашиглах зэрэг нь зүгээр нэг ёс зүйн асуудал биш хүний эрхийн зөрчил. Гэтэл хяналт сул, хариуцлага бараг үгүй.

Анх төр, иргэний хоорондын гүүр байх ёстой байсан энэ тогтолцоо өнөөдөр улирлын чанартай идэвхждэг, улс төржсөн, үр ашиг багатай бүтэц болон хувирсан нь илт. Асуудал нь ганц нэг ахлагчид биш, харин бүхэл системдээ байна.

Мэдээж, энэ тогтолцоог бүрэн үгүйсгэж болохгүй. Хэрэв үнэхээр үүргээ биелүүлж чадвал ахмад настан, мэдээллээс хол иргэдэд бодит дэмжлэг үзүүлэх, онцгой нөхцөлд зохион байгуулалт хийх боломж бий. Гэхдээ “боломж” ба “бодит байдал” хоёрын зөрүү хэтэрхий их байна.

Хэрэв энэ тогтолцоог цаашид хадгалах гэж үзвэл ил тод, нээлттэй шалгуур тогтоож, гүйцэтгэлийг бодит үр дүнгээр хэмждэг, хариуцлага тооцдог хатуу механизм зайлшгүй хэрэгтэй. Үгүй бол “нэр төдий” үүрэгтэй, улирлын чанартай идэвхждэг бүтэц хэвээр үлдэнэ.

Харин шинэчлэх боломжгүй гэж үзвэл зоригтой шийдвэр гаргаж, татан буулгах нь илүү оновчтой хувилбар байж мэднэ. Түүний оронд иргэд төрийн байгууллагатай шууд холбогдох, мэдээлэл авах, үйлчилгээ хүртэх боломжийг бүрэн хангах цахим, ил тод, шуурхай системийг хөгжүүлэх шаардлага нэгэнт бий болсон. Ингэснээр төсвийн зардлыг бууруулаад зогсохгүй, иргэн–төрийн харилцааг зуучлагчгүй, илүү хариуцлагатай, ил тод түвшинд хүргэх боломж нээгдэнэ.

 

Ч.Юмчирдулам

www.BOLOD.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen