“Цемент шохой” ХХК-д 558.3 тэрбумын зөрчил илэрчээ

“Цемент шохой” ХХК-д 558.3 тэрбумын зөрчил илэрчээ

 

Үндэсний аудитын газраас “Цемент шохой” ХХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд аудит хийж, сөрөг дүгнэлт гаргажээ. Аудитаар нийт 558.3 тэрбум төгрөгийн материаллаг алдаа, зөрчил илэрсэн.

Эдгээр нь бараа материал, авлага, өр төлбөр, үндсэн хөрөнгө болон худалдан авах ажиллагаатай холбоотой байна.

Тухайн аудитын дүгнэлтийг 2026 оны гуравдугаар сарын 16-нд гаргасан байна. “Цемент шохой” ХК-ийн санхүүгийн тайлан нь холбогдох стандарт, хууль, журмын шаардлагыг хангаагүй гэж үзжээ.

Тус компани хэрэгцээ шаардлагаас илүү 10 тэрбум төгрөгийн бараа материал худалдан авсан байна. Мөн агуулахад удаан хугацаанд хадгалагдсан 3046 нэр төрлийн 1,027,173 ширхэг бараа материалын үлдэгдэлтэй байжээ. Түүнчлэн 65.9 тэрбум төгрөгийн найдваргүй авлагад холбогдох нөөц байгуулаагүйгээс авлагын цэвэр үлдэгдлийг 30.2 тэрбум төгрөгөөр илүү тайлагнасан байна.

Тайлант оны эцэст 216 харилцагч байгууллагатай холбоотой 20.9 тэрбум төгрөгийн өр төлбөр, 8.2 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй зөрчил мөн илэрчээ.

Худалдан авах ажиллагааны хүрээнд нээлттэй тендер шалгаруулалтаар сонгогдоогүй 10 харилцагчтай 5.1 тэрбум төгрөгийн худалдан авалтыг шууд гэрээ байгуулан гүйцэтгэсэн байна.

Мөн 16 харилцагчаас байгуулсан гэрээний үнийн дүнгээс хэтрүүлэн нийт 5.9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ.

Үүнээс гадна борлуулалтын орлоготой холбоотой 40.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Тодруулбал, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бүртгэх ёстой борлуулалтын орлогыг борлуулалтын авлагын дансанд тусгаагүй байжээ.

Компанийн тээврийн хэрэгслийн ашиглалт, бүртгэлд шалгалт хийхэд нийт 95 тээврийн хэрэгслийг тооллогод хамруулсан байна.

Үүнээс 22 нь эвдэрч ашиглалтгүй болсон, 25 нь тоногдсон, хоёр нь осолд орсны улмаас ашиглах боломжгүй байжээ.

Мөн долоон тээврийн хэрэгслийн байршлыг тогтоох боломжгүй байсан бөгөөд нийт 56 тээврийн хэрэгслийг 4.6 тэрбум төгрөгөөр санхүүгийн бүртгэлд тусгаагүй зөрчил илэрсэн байна.

Өмнөх онуудын худалдан авалтын төлбөрөө барагдуулаагүй 36 харилцагчид цемент нийлүүлсээр байсны улмаас 12.3 тэрбум төгрөгийн авлага хуримтлагджээ. Үндэсний аудитын газраас дээрх зөрчлүүдийг нягтлан бодох бүртгэл, худалдан авах ажиллагаа болон санхүүгийн тайлагналтай холбоотой хууль, журмын шаардлага зөрчсөн гэж дүгнэсэн байна.

Харин аудитын тайланд компанийн тайлант онд дотоод нөөц бололцоогоо ашиглан шохойн зуух болон цементийн үйлдвэрийн нэгдүгээр, хоёрдугаар тээрмийн засвар, шинэчлэлийн ажлыг хийж, үүнд 1.7 тэрбум төгрөг зарцуулсныг дурджээ.

Онцлоход, аудитын дүгнэлтэд дурдсан 558.3 тэрбум төгрөг нь санхүүгийн тайланд илэрсэн материаллаг алдаа, зөрчлийн нийт дүн юм.

Энэ нь бүхэлдээ мөнгө завшсан, эсвэл компанийн хөрөнгө ийм хэмжээгээр алдагдсан гэсэн үг биш. Харин санхүүгийн тайланг бодит байдалд нийцүүлэн, үнэн зөв илэрхийлээгүй гэж үзсэн учраас аудитын байгууллага сөрөг дүгнэлт гаргажээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen