ОХУ-ын томоохон шатахуун түгээх сүлжээ дампуурчээ

ОХУ-ын томоохон шатахуун түгээх сүлжээ дампуурчээ

 

ОХУ-ын томоохон шатахуун түгээх сүлжээнүүдийн нэг болох "Trassa" энэ долоо хоногт үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. Тус сүлжээг ажиллуулдаг "EuroTrans" компани шатахууны хомсдолын улмаас санхүүгийн хүндрэлд орсон гэж мэдэгдсан бөгөөд “Trassa” төрийн мэдэлд шилжих төлөвтэй байна.

“EuroTrans” компани Москва мужид нийт 57 шатахуун түгээх станц ажиллуулдаг байсан. Гэвч өнгөрсөн есдүгээр сард бондын төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй аж. Улмаар тус компанийн эсрэг төрийн өмчит Сбербанк өнгөрсөн аравдугаар сарын 12-нд дампуурлын хэрэг үүсгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Мөн есдүгээр сард компанийн хэд хэдэн удирдах ажилтан болон цагдаагийн өндөр албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагад зориулагдсан шатахууныг завшсан хэрэгт сэжиглэн баривчилсан байна.

ОХУ-ын Эрчим хүчний яам Ням гаригт “Trassa” компанийн хөрөнгийг төрийн мэдэлд шилжүүлэх ажиллагаа эхэлснийг "Interfax” агентлагт мэдээлэл өгөхдөө баталгаажуулжээ. Үүний улмаас тус компанийн 1,400 орчим ажилтныг түр хугацаанд ажлаас нь чөлөөлсөн байна.

Энэ үйл явдал ОХУ-д шатахууны хомсдол дахин хурцдаж буй үед тохиож байна. Украины нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсөөр байна. Үүний үр дүнд тус улсын газрын тос боловсруулах хүчин чадлын гуравны нэг орчим нь доголдсон гэж салбарын эх сурвалжууд мэдээлжээ. Мөн ОХУ-ын газрын тосны томоохон компани “Роснефть”  ШТС-уудын борлуулалтад дахин хязгаарлалт тогтоож эхэлжээ.

Тухайлбал, зарим бүс нутагт нэг автомашин хот доторх ШТС-аас 30 литр, авто зам дагуух станцаас 50 литр хүртэлх бензин худалдаж авахаар хязгаарлалт тогтоосон.

Харин Өвөр Байгалийн хязгаарт нэг автомашинд 50 литрээс илүү шатахуун худалдахгүй бөгөөд саванд түлш олгохыг хоригложээ. Буриадад мөн хот доторх станцаас 30 литр бензин, 50 литр дизель түлш, авто зам дагуух станцаас 50 литр бензин, 200 литр дизель түлш олгож байна. Үүнтэй төстэй хязгаарлалтыг Красноярск, Новосибирск болон Карелид нэвтрүүлжээ.

Украин улс аравдугаар сарын 30-наас ОХУ-ын түлш, эрчим хүчний байгууламжуудад цохилтоо эрчимжүүлсэн. Үүнээс хойш долоо хоногийн дотор дор хаяж долоон ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэр халдлагад өртсөн байна. Үүний улмаас түр хугацаанд сайжраад байсан шатахууны нийлүүлэлт дахин доголдож, зарим бүс нутагт хомсдол үүсжээ. Өнгөрсөн зунаас хойш Украины цохилтын улмаас ОХУ-ын газрын тос боловсруулах хүчин чадлын гуравны нэг орчим нь доголдсон гэж салбарын эх сурвалжууд мэдээлсэн юм. Шатахууны хомсдолтой холбоотойгоор ОХУ-ын засгийн газар бензин, дизель түлшний экспортыг түр хугацаагаар хориглох арга хэмжээ авчээ.

Энэ хугацаанд ОХУ-д бензиний үнэ он гарснаас хойш 16 орчим хувиар өсөж, арваннэгдүгээр сарын 2-ны байдлаар литр нь дунджаар 98 рубльд хүрсэн бол дизель түлшний үнэ 99.9 рубль орчим болсон байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen