Улсын хэмжээнд инфляцын түвшин хоёр дахин нэмэгдэж 13.4 хувьд хүрэв
Үнийн өсөлт ч сүүлийн саруудад гэрлийн хурдаар өсөж байна гэхэд хол зөрөхгүй нь ээ. Инфляцын түвшин 2024 оны аравдугаар сард 6.6 хувьтай байсан бол өнгөрсөн жил 9.2 хувь, энэ оны аравдугаар сард 13.4 хувь болж тасралтгүй өссөөр байна.
2026 оны 10 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувь, хүнсний бүлгийн үнэ 19.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 11.0 хувиар тус тус өссөн байна. 2026 оны 10 дугаар сард Баруун бүсэд барааны бүлгийн үнэ 17.2 хувь, Хангайн бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 11.5 хувь, Баруун бүсэд хүнсний бүлгийн үнэ 25.1 хувь, Хангайн бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 13.4 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 10 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өсжээ.
Инфляцын түвшин 2025 оны 10 дугаар сард 9.2 хувь байсан бол 2026 оны 10 дугаар сард 13.4 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.2 нэгж хувиар өссөн байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.1 нэгж хувиар (16.0%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (32.8%) тус тус нөлөөлжээ.
Инфляцын түвшин 2026 оны 10 дугаар сард улсын хэмжээнд 13.4 хувь гарсны 5.4 (40.1%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 2.8 (21.1%) нэгж хувь нь тээврийн бүлэг, 1.2 (8.7%) нэгж хувь нь боловсролын үйлчилгээний бүлэг, 1.1 (8.2%) нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалсан байна.



