Инфляц 13.4 хувьд хүрч, Монголбанкны зорилтот түвшнээс 5.4 нэгж хувиар давлаа
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр аравдугаар сард инфляц 13.4 хувьд хүрчээ. Энэ нь Монголбанкны 2026 онд баримтлах инфляцын зорилтот интервалын дээд хязгаар болох 8 хувиас 5.4 нэгж хувиар өндөр үзүүлэлт юм.
Инфляцын өсөлтөд мах, шатахууны үнийн нэмэгдэл голлон нөлөөлжээ. Тодруулбал, аравдугаар сарын инфляцын түвшинд махны үнийн өсөлт 4 нэгж хувь, бензин, түлшний үнийн өсөлт 2.8 нэгж хувийн нөлөө үзүүлсэн байна.
Мөн импортын барааны үнийн өсөлт инфляцад 2.1 нэгж хувь, дотоодын барааны үнийн өсөлт 4.4 нэгж хувийн нөлөө үзүүлжээ.
Инфляц өнгөрсөн оны мөн үед 9.2 хувь байсан бол энэ оны аравдугаар сард 13.4 хувьд хүрч, жилийн хугацаанд 4.2 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Ийнхүү сүүлийн гурван жилийн хугацаанд инфляц тасралтгүй өсөж, Монголбанкны зорилтот түвшнээс давсан хэвээр байна.
Инфляцын түвшин 2026 оны нэгдүгээр сард 7.5 хувьтай байсан бол аравдугаар сард 13.4 хувьд хүрч, оны эхнээс 5.9 нэгж хувиар өсжээ. Өөрөөр хэлбэл, он гарснаас хойш инфляцын түвшин эрчимжсэн байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо


