Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ

 

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

“Шүгэл үлээгч мэдээллээ баримт, эх сурвалж, шалгаж тогтоох боломжтой нөхцөлд тулгуурлан гаргасан бөгөөд тухайн үедээ үнэн гэж үзэх хангалттай үндэслэлтэй байсан бол мэдээлэл гаргасных нь төлөө иргэний, захиргааны болон сахилгын хариуцлага хүлээлгэхгүй. Шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол хамгаалалтын арга хэмжээг нэн даруй авна” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдээллээ.

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн төсөл нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдээлсэн хүн, хуулийн этгээдийг дэмжих, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, дарамт, өс хонзон, ялгаварлан гадуурхалт болон эрх зүйн байдлыг дордуулах үйлдлээс хамгаалах харилцааг зохицуулна. Төсөл 26 зүйлтэй бөгөөд шүгэл үлээх, мэдээлэх сувгууд, хамгаалалтын баталгаа, нөхөн төлбөр, урамшуулал, санхүүжилт, хариуцлагыг хамарна.

Мөн дагалдуулан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулна. 

Хуулийн төсөл батлагдсанаар, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч иргэдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, төрийн үйл ажиллагаанд итгэх олон нийтийн итгэл дээшилнэ. Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн, авлигаас ангижирсан улс болох зорилтдоо хүрэх, олон улс дахь авлигын индексийн үзүүлэлтэд эергээр нөлөөлнө гэж үзлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen