“Нөмрөгийн байгаль сүйдсэнийг хараад бид дуугүй сууж чадсангүй”
Дорнод аймгийн иргэдийн төлөөлөл "Аравдугаар сард Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймэртэй холбогдуулан Дорнод нутгаас гаралтай, Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй бизнес эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгч залуусын төлөөлөл нэгдэж, иргэдийн дуу хоолойг нэгтгэн, байгаль орчинд тусламжийн гараа сунгах зорилгоор төрийн бус байгууллага байгуулсан.
Манай ТББ-ын эрхэм зорилго бол “Байгальд хүн хэрэггүй. Хүнд байгаль хэрэгтэй” гэсэн уриан дор нэгдэж, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа.
Өнөөдөр Халхголын Нөмрөг нутагт өвс, тэжээлийн хэрэгцээ нэн тулгамдаж байна. Үүний зэрэгцээ түймрийн улмаас байгаль орчин, ан амьтан, экосистемд учирсан хохирлыг бодитой тогтоохын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай байна. Мөн хууль хүн бүрд тэгш, шударга үйлчлэх ёстой гэж бид үзэж байгаа.
Сүүлийн сар гаруйн хугацаанд түймэрт өртсөн талбайн хэмжээг тогтоох судалгаа, шинжилгээний ажил хийгдэж байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар албан ёсны тайлан, дүгнэлт гараагүй байна.
Хуульд заасан 30 хоногийн хугацаанд холбогдох дүгнэлтийг гаргах ёстой гэж үзэж байгаа тул иргэдийн зүгээс судалгааны дүнг хуульд заасан хугацаанд гаргаж, олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардаж байна.
Тал хээрийн түймэр жил бүр гардаг ч Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан энэ удаагийн түймэр нь ой, хээрийн бүсийг хамарсан ноцтой хэмжээний түймэр байлаа. Тус газарт 2023 онд мөн түймэр гарч байсан. Гэтэл удалгүй дахин хариуцлагагүй байдлын улмаас ийм хэмжээний түймэр гарсан нь анхаарал татаж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түймэрт 500 мянга орчим га талбай өртсөн гэх мэдээлэл гарч байгаа ч эцсийн албан ёсны тоо хараахан гараагүй байна. Мөн дархан цаазат газрын 70-80 орчим хувь нь түймэрт өртсөн гэх мэдээлэл бий. Гэвч тухайн бүс нутагт амьдарч байсан хөхтөн амьтад болон бусад зэрлэг амьтдын хэд нь үлдсэн, хэд нь өөр газар нутаг руу шилжин нүүдэллэсэн зэрэг бодитой, нэгдсэн мэдээлэл олон нийтэд хүрэхгүй байна. Судалгааны баг ажиллаж байгаа гэх мэдээлэл байгаа ч судалгааны явц, үр дүн, тайлангийн талаар тодорхой мэдээлэл шаардлагатай байна.
Арваннэгдүгээр сарын 15-наас хойш тус бүс нутагт их хэмжээний цас ордог. Цас орж, хүйтний эрч чангарах үед түймэрт өртсөн бүс нутагт үлдсэн зэрлэг амьтдад идэш тэжээл хүргэх, тэдгээрийн амьдрах нөхцөлийг хамгаалах ажил улам хүндрэх эрсдэлтэй.
Дорнод аймгийн Матад сумын малчид, тариаланчидтай хамтран 2,000 боодол өвсийг Халхгол сум руу хүргэхээр ажиллаж байна. Энэ бол зөвхөн нэг нутгийн асуудал биш. Нөмрөгийн дархан цаазат газар бол нийт монголчуудын байгалийн өв, бид бүгдийн хамгаалах ёстой үнэт баялаг юм.
Мөн бид эрдэмтэн, судлаачид, багш нар болон экологийн судалгаа, ан амьтны чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдтэй холбогдон санал бодлыг нь сонсож байна. Тэдний зүгээс Нөмрөгийн дархан цаазат газарт судалгаа хийх зөвшөөрөл, нэвтрэх боломж хязгаарлагдмал байдаг тул тухайн бүс нутгийн экосистем, ан амьтны төрөл зүйл, тархац, тоо толгойн талаар бүрэн судалгаа хийгдээгүй, яг ямар амьтад амьдарч байсан талаарх мэдээлэл ч хангалтгүй байгааг онцолж байна.
Цаашид байгуулагдах ажлын хэсэгт иргэдийн төлөөллийг заавал оролцуулах шаардлагатай гэж бид үзэж байна. Байгаль орчны хохирлыг үнэн зөв тогтоох, судалгааны ажлыг ил тод явуулах, хариуцлага алдсан этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцох, нөхөн сэргээх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал юм гэлээ.



