190 хүүхдийн аминд хүрсэн шашны тэргүүнд 200 жилийн ял оноов

190 хүүхдийн аминд хүрсэн шашны тэргүүнд 200 жилийн ял оноов

 

Кенийн шүүх хүүхдүүдийг өлсгөлөнгөөр амиа алдахад хүргэсэн шашны бүлэглэлийн тэргүүн Пол Маккензид арваннэгдүгээр сарын 6-ны өдөр 200 жилийн хорих ял оноолоо. Энэхүү хэрэг нь орчин үеийн түүхэн дэх шашны бүлэглэлтэй холбоотой хамгийн аймшигтай үйл явдлуудын нэг болж байна. Пол Маккензи өлсгөлөнд нэрвэгдэж амиа алдсан 190 хүүхдийн цогцсыг ойд булсан байжээ.

Нийт 500 орчим хүн энэ хэргийн хохирогч болсон байж болзошгүй байна. Тодруулбал, шүүх хурлаар 190 хүүхэд, нэг насанд хүрсэн хохирогчийн хэргийг л хэлэлцсэн боловч Кенийн Хүний эрхийн үндэсний комиссын мэдээлснээр, тус ойгоос нийт 448 хүний цогцос олджээ. 30 км зайд орших өөр нэг тосгоноос олдсон 52 хүний үхэлд мөн Маккензиг буруутгаж байгаа юм. Ингээд нийт хохирогчдын тоо 500 дөхөж байна.

Шүүхийн шийдвэрт дурдсанаар, түүнд өлсгөлөнгөөр хүн хөнөөсөн хэрэгт 100 жил, шууд аллага үйлдсэн хэрэгт 100 жилийн ял тус тус оноосон аж. Шүүгч ялыг уншиж танилцуулах үед Пол Маккензи ямар ч сэтгэл хөдлөл үзүүлээгүй байна. Мөн тэрбээр өөрийгөө өмгөөлж, хохирогчдыг өлс гэж албадаагүй гэж мэдэгджээ.

Пол Маккензи Кенийн зүүн хэсэгт, Энэтхэгийн далайн эрэг орчмын ойд ертөнцийн төгсгөлийг номлодог Христэд итгэгчдийн бүлэглэлийг удирдаж байжээ. Тэрбээр дагалдагчиддаа дэлхийн төгсгөл болохоос өмнө диваажинд хүрэхийн тулд өөрсдийгөө болон хүүхдүүдээ өлсгөж амиа хорлохыг тушаажээ.

Түүний 28 хамсаатанд 10-160 жилийн хорих ял оноожээ. Тэд бүгд өнгөрсөн сард болсон шүүх хурлаар гэм буруутай нь тогтоогдсон байна.

Пол Маккензи "YouTube" увгаараа дамжуулан олон мянган дагагчдад номлол айлддаг байжээ. Түүнийг сэтгэл татам зан чанар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүмүүсийн итгэлийг олж аваад, улмаар хамгаалалтгүй, эмзэг бүлгийн хүмүүсийг, ялангуяа хүүхдүүдийг онилсон гэж шүүгч мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen