Хятад: Засгийн газрын барилга руу экскаватороор халдсан эрийг баривчилжээ
Хятадын Шаньси мужийн Шиань хот дахь засгийн газрын барилга руу нэгэн эр экскаватороор халдсан хэрэг арваннэгдүгээр сарын 9-ний Даваа гаригт гарчээ. Тус барилга нь Шишянь шинэ бүсийн Фэндун шинэ хотын засгийн газрын үйлчилгээний төв аж.
Уг хэргийг үйлдсэн 47 настай эрийг баривчлаад байна. Ху овогт гэхээс өөрөөр тухайн хүний нэр болон бусад мэдээллийг хараахан ил тод болгоогүй байна.
Бичлэгээс харвал шар өнгийн экскаватороор барилгын үүдний хэсэг, шат, шилэн хаалга болон гадна фасадын зарим хэсгийг эвдэлж, сүйтгэх аж. Гэрчийн мэдүүлснээр, халдлага бараг нэг цаг үргэлжилсэн бөгөөд ажилтнууд болон үйлчлүүлэгчид барилгыг орхиж гарахаас өөр аргагүй болсон байна. Гэхдээ азаар хүн бэртэж гэмтээгүй ажээ. Уг хэргээс хойш удалгүй тус барилгын зарим хэсэгт төрийн үйлчилгээг сэргээсэн байна.



