42 сая төгрөгөөр 100 грамм алт захиалж, залилуулжээ
Цахим орчинд алт, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд үнээр худалдах, гадаад улсаас захиалгаар нийлүүлэх, шууд дамжуулалтаар сугалаа зохион байгуулах нэрийдлээр иргэдийг залилан мэхлэх тохиолдол гарсаар байна. Тухайлбал, энэ сарын 11 дүгээр сарын 7-ны өдөр цагдаагийн байгууллагад “Алтны захиалга өгөхөөр залилуулсан” гэх гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Шалгалтын явцад иргэн Б нь энэ оны долдугаар сарын 3-ны өдөр Facebook орчинд 100 грамм алт захиалахаар 42 сая төгрөг шилжүүлсэн боловч захиалсан бараагаа авч чадаагүй, залилуулсан болох нь тогтоогдсон байна.
Залилагчид иргэдийн анхаарлыг татахын тулд алт, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд үнээр санал болгож, урьдчилгаа төлбөр авдаг байна. Мөн өмнөх захиалгыг амжилттай биелүүлсэн мэт сэтгэгдэл, зураг, бичлэг нийтэлж, иргэдийн итгэлийг олж авдаг аж.
Шууд дамжуулалтаар сугалаа зохион байгуулж, азтан болсон гэх нэрийдлээр мөнгө шилжүүлэхийг шаардах тохиолдол ч бүртгэгджээ. Төлбөрөө авсны дараа захиалсан барааг нийлүүлэхгүй, холбоо тасалдаг болохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Иймд иргэд цахим орчинд алт, үнэт эдлэл худалдан авахдаа худалдаалагчийн найдвартай байдлыг сайтар нягталж, зах зээлийн үнээс хэт хямд саналд болгоомжтой хандахыг анхааруулж байна.



