“Бриллиант апартмент-1” төслийн 60 гаруй захиалагч ₮5 тэрбумын хохирол учирсан гэж мэдэгдлээ
“Бриллиант апартмент-1” төслийн захиалагчид өнөөдөр хэвлэлийн хурал хийж, орон сууцны төслийн барилгын ажил зогссоноос болж олон жил хохирч байгаагаа мэдэгдлээ.
Тэдний мэдээлснээр, ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эзэмшлийн газар дээр 2018 оноос баригдаж эхэлсэн 160 айлын орон сууцны төслийг “Бриллиант партнер” ХХК хэрэгжүүлж байгаа аж. Тус компанийн төрийн байгууллагатай холбоотой гэх мэдээлэлд итгэж байр захиалсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй гэж захиалагчид ярьжээ.
Одоогоор 60 гаруй айл нэгдэж байгуулсан ТББ-д бүртгүүлсэн бөгөөд тэдний нэгтгэсэн мэдээллээр таван тэрбум орчим төгрөгийг төсөлд төлсөн байна. Үлдсэн захиалагчдыг оруулж тооцвол хохирлын хэмжээ 10 тэрбум төгрөгт хүрч болзошгүй гэж мэдэгдэв.
Иргэд ХЗДХЯ болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс төслийн гүйцэтгэгчийг хэрхэн сонгосон, барилгын ажил яагаад зогссон талаар тайлбар өгөхийг шаардаж, хохирлоо барагдуулахад анхаарахыг хүсжээ.



