Сая саяыг салхинд хийсгэхээс хамгаалах AI алгоритм
"The Lute Player" буюу "Пийпаачин" зургийн гурван өөр хувилбарын ялгааг энгийн нэг хүн олж харахад хэцүү. Бүгд дээр нь л цагаан даашинзтай, пийпаа хөгжим барьсан бүсгүй харагдах ба аль аль нь Италийн зураач Караваджогийн бүтээл мөн шиг.
Гэвч урлагийн түүхчдийн хувьд нэгэн нэгдмэл ойлголт бий. Оросын Эрмитаж болон Францын Вильденштейнд хадгалагдаж буй уран бүтээлүүдийг л барокко урсгалаар туурвигч Караваджо зурсан. Харин Их Британийн Бадминтон хауст байгаа бүтээл бол ердөө хуулбар нь гэж урлагийн түүхчид үздэг.
Тэгвэл хиймэл оюун ухаан үүнийг өөрөөр дүгнэжээ. Швейцарийн хиймэл оюун ухааны "Art Recognition" компани өнгөрсөн оны есдүгээр сард Бадминтон хаусын хувилбарыг жинхэнэ хувилбар байх магадлал бараг 86 хувьтай байна гэж мэдэгдсэн юм. Эсрэгээрээ Францын Вильденштейний хувилбарыг хуулбар байх магадлалтай гэжээ. Тэдний шинжилснээр Вильденштейн дэх хувилбарын харагдах байдал, шинж чанарууд нь Караваджогийн бусад бүтээлтэй мэдэгдэхүйц зөрүүтэй байжээ.

"Art Recognition" долоон жилийн өмнө байгуулагдсанаасаа хойш хэд хэдэн зоримог мэдэгдэл хийсний нэг нь энэ. Тус компани 2021 онд Лондоны Үндэсний галлерейд хадгалагддаг "Самсон ба Далила" зургийг Петер Паул Рубенс өөрөө зураагүй байх магадлал нь 91 хувь гэж тооцжээ. Мөн Винсент Ван Гогийнх гэж маргадаг нэгэн зургийг жинхэнэ байх магадлал нь 97 хувь гэж мэдэгдсэн байна. Эдгээрээс илүү төвөгтэй үр дүн үзүүлсэн зургууд ч бий. Тухайлбал, Рембрандтын "The Polish Rider" зургийн жинхэнэ байх магадлал 69-83 хувийн хооронд хэлбэлзэж байжээ.
Хиймэл оюун ухааны хийсэн дүгнэлт заримдаа уламжлалт судалгаатай яг таг таарах нь ч бий. Жишээлбэл, Ван Гогийн зураг дээр хийсэн дүгнэлтийг дараа нь мэргэжлийнхэн техникийн шинжилгээ болон бусад судалгаагаар баталжээ.
Гэсэн ч хиймэл оюун ухаанд эргэлзэгсэд байсаар байна. Оксфордын их сургуулийн судлаач Анжеламариа Ацето "Надад бол нэлээн асуудалтай санагддаг. Би шинэ технологид маш нээлттэй ханддаг. Энгийн нүдээр олж харахад хэцүү зүйлийг илрүүлэхэд туслах технологийг байнга ашигладаг. Аливаа өгөгдлийг шинжлэхэд хиймэл оюун ухаан тус болох нь дамжиггүй. Гэхдээ мэргэжлийн үнэлгээ гэдэг бол тусдаа зүйл. Энэ бол шүүмжлэлтэй сэтгэх тухай асуудал" гэжээ.
"Art Recognition" компани байгуулагдсанаасаа хойш 200 гаруй зураачийн хэв маягийг таних хиймэл оюун ухааны загварыг бүтээсэн байна. Тус компанийн загварыг ашиглаж тэдгээр уран бүтээлчийн зургийг жинхэнэ эсэхийг таних боломжтой гэсэн үг.

Хиймэл оюун ухаанд тухайн зураачийн жинхэнэ бүтээл буюу нэг эерэг өгөгдөл, нөгөө нь төстэй буюу жинхэнэ биш сөрөг өгөгдөл гэсэн хоёр өгөгдлийг бүрдүүлж өгснөөр ялгаж таних үйл явц явагддаг. Хоёр өгөгдлийн хооронд ялгаа бараг байхгүй тусмаа сайн. Яг адилхан зургаас ялгаа гаргаж ирэх нь эцсийн зорилго юм.
Платформыг хөгжүүлэгчид зургуудыг янз бүрийн гэрэлтүүлэгтэй болгож өөрчлөх, эргүүлэх, толин тусгал мэт харуулах зэргээр нэмэлт хувилбаруудыг үүсгэдэг. Мөн зургуудыг жижиг дөрвөлжин хэсгүүдэд хувааснаар хиймэл оюун ухаан тухайн бүтээлийг шинэ байдлаар судалж таньдаг аж. Зургийг илүү жижиг хэсэгт хувааж харснаар бийрийн нарийн ширхэгтэй зураасыг хүртэл таних боломж үүсдэг. Мөн өнгийг илүү нарийн ялгаж харах боломж үүсдэг.
Эцэст нь хэлэхэд, урлагийн зах зээлд итгэлцэл бол бүх зүйл гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс хиймэл оюун ухааны хөгжүүлэгчдэд тулгарч буй асуудал нь зөвхөн аргачлал бус итгэлцлийн асуудал.
Аливаа уран бүтээл жинхэнэ эсэхийг тогтоох нь өргөн хүрээний зөвшилцөл дээр суурилдаг ажил. Яагаад гэвэл түүхэн зургууд баталгааны гэрчилгээгүй байдаг. Шинжээчид ямар нэг байдлаар буруу дүгнэлт хийвэл шүүхийн маргаанд татагдаж, нэр хүндээ эрсдэлд оруулдаг учир бүрэн итгэлтэй мэдэгдэл хийхээс улам л зайлсхийдэг болжээ. Тиймээс худалдан авагчид эцсийн дүндээ музей, дуудлага худалдааны байгууллага, зах зээлд итгэхээс өөр аргагүй. Хүмүүс ганцхан зурагт хэчнээн сая ам.доллар төлөхөд бэлэн байгаа нь тухайн бүтээлийн үнэ цэнийг бүрэн илтгэх юм.



