Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй

Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй

 

2040 он гэхэд дорвитой арга хэмжээ авахгүй бол дэлхий даяар 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй байгааг олон улсын шинэ тайланд анхааруулжээ.
Дэлхийн таргалалтын холбооны тооцоолсноор 2025 оны байдлаар дэлхий даяар ойролцоогоор 180 сая хүүхэд таргалалттай байна. Харин 2040 он гэхэд 5-19 насны 227 сая хүүхэд таргалалттай болж, 500 сая гаруй нь илүүдэл жинтэй ангилалд багтах төлөвтэй байгаа аж.
Тус байгууллагын 2026 оны “Дэлхийн таргалалтын атлас”-д дурдсанаар, ийм нөхцөл байдал үүсвэл сургуулийн насны дор хаяж 120 сая хүүхэд биеийн жингийн индекс (BMI) өндөр байснаас үүдэлтэй архаг өвчний эхний шинж тэмдэгтэй болно гэж тооцоолжээ. Биеийн жингийн индекс 30 ба түүнээс дээш бол таргалалт, 25-аас дээш бол илүүдэл жинтэйд тооцогддог.
Дэлхийн таргалалтын холбооны гүйцэтгэх захирал Йоханна Ралстон хүүхдийн таргалалт ийнхүү нэмэгдэж буй нь уг асуудлыг хангалттай нухацтай авч үзэхгүй байгаагийн илрэл гэж мэдэгджээ.
Тайланд дурдсанаар 5-19 насны өндөр BMI-тэй хүүхдийн тоогоор Хятад (62 сая), Энэтхэг (41 сая)-ын дараа АНУ 27 сая хүүхэдтэйгээр гуравдугаарт бичигджээ. Энэ нь АНУ-ын таван хүүхэд тутмын хоёр нь таргалалттай эсвэл илүүдэл жинтэй гэсэн үг юм.
Их Британид 3.8 сая орчим хүүхэд өндөр BMI-тэй байгаа нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт болж, Европ дахь харьцангуй тааруу үзүүлэлттэй орнуудын нэгт тооцогдож байна. Тус улсад илүүдэл жинтэй болон таргалалттай хүүхдийн тоо Франц, Италиас бараг хоёр дахин их байгаа аж.
Мөн 2040 он гэхэд Их Британид 5-19 насны 370 мянган хүүхэд зүрх судасны өвчний шинж тэмдэгтэй, 271 мянга нь даралт ихсэх өвчний илрэлтэй байх төлөвтэй байна.
Тайланд бүс нутгийн ялгаа их байгааг онцолжээ. Сургуулийн насны хүүхдийн талаас илүү хувь нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай байгаа 10 улс нь Номхон далайн баруун бүс болон Америк тивд багтаж байна. Харин таргалалтын өсөлт хамгийн хурдацтай явагдаж буй нь голчлон бага, дунд орлоготой орнууд аж.
Судлаачид илүү эрүүл орчин бүрдүүлэх бодлогыг эрчимжүүлэхийг уриалжээ. Үүнд чихэрлэг бүтээгдэхүүнд татвар ногдуулах, шим тэжээл багатай хүнсний сурталчилгааг хязгаарлах, хүүхдүүдийг илүү идэвхтэй амьдралын хэв маягт дэмжих бодлого хэрэгжүүлэх зэрэг багтаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европ дахь хоол тэжээл, хөдөлгөөн, таргалалтын асуудал хариуцсан бүсийн зөвлөх доктор Кремлин Викрамасингхе хүүхдийн таргалалтыг “эрүүл бус орчны үр дагавар” гэж тодорхойлжээ. Тэрбээр хүнсний сурталчилгаанд сайн дурын бус, заавал мөрдөх хязгаарлалт тогтоох, бүтээгдэхүүний савлагаан дээр анхааруулах шошгыг ил тод байрлуулах шаардлагатайг онцолсон байна.
https://itoim.mn/a/2026/03/05/world/ayy?4779aae9ed1f3a44f6ca7f928b2e75df
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen