Төрийн бодлогыг хэрэгжүүлдэггүй Төрийн албаны зөвлөл
Яг одоо нийслэлийн Хангарьд ордонд төрийн албаны 2026 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалт эхэлж байна. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл жилийн 53 тэрбум (2024 оны төсөв нь) төгрөгний төсөвтэй, 70 гаруй албан хаагчтай, 21 аймагт салбар зөвлөлтэй, 5 удирдах зөвлөлийн гишүүд нь сард 6-8 сая төгрөгний цалин авдаг байгууллага байдгийг тэр бүр хүн мэддэггүй.
Энэ байгууллага нь төрийн албанд мэдлэг, чадвартай иргэнийг шалгаруулж авдаг дорно дахины ард түмнүүдийн 1000 жилийн өмнөөс эхлүүлсэн төр барих уламжлалт тогтолцоог өнөө цагт хэрэгжүүлж, Монгол Улсын төрийн байгууллагуудыг чадварлаг хүний нөөцөөр хангах үүрэг хүлээсэн байдаг.
Үүнийгээ хэрэгжүүлэх гэж улирал бүр төрийн албаны ерөнхий, тусгай шалгалт зарлаж, иргэдийг бүртгэж, шалгалт авдаг болов уу. Гэтэл шалгалтад тэнцсэн иргэдийнхээ мэдээлэл, холбогдох утасны дугаарыг хав дарчихдаг. Байгууллагын хүний нөөцүүд суларсан ажлын байраа санал болгох гээд шалгалтад тэнцсэн иргэдийн мэдээллийг хүсэхэд өгдөггүй, ажил горилогчийн мэдээллийг нэгтгэсэн, олон нийтэд нээлттэй мэдээллийн сан ч байдаггүй. Гэсэн атлаа шалгалт зарлаад л, мөнгө хураагаад сууцгааж байдаг.
Бас нэг ойлгомжгүй ажил нь төрийн албанд тангараг өргүүлэх.Тусгай шалгалт өгөөд тэнцсэн иргэдийнхээ тангарагийг өргүүлэхгүй жил тойрдог. Энэ хугацаанд албан хаагч бүх болзлыг нь хангасан атлаа хуулиар авах ёстой цалингийн 20 хувийн нэмэгдлээ бүтэн жил авч чадахгүй хохирч байхад жишим ч үгүй байцгаадаг.
Энэ байгууллага хянаж, шалгаж байх ёстой өөр нэг ажил нь төрийн албан хаагчдын шилжилт хөдөлгөөний хяналт. Мэргэшсэн төрийн албан хаагч Төрийн албаны зөвлөлийн сайтад зарласан ажлын байранд өөрийн хүсэлтээр шилжих өргөдөл өгдөг. Өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэх эрхийг нь тухайн байгууллагын Тамгын газрын даргад олгосноос болж, Засгийн газрын төрийн албан хаагч орон нутагт шилжүүлэн ажиллах бодлого сүйрэн унаж байдаг.
Шалтгаан нь байгууллагуудын ялангуяа орон нутгийн Тамгын дарга нар нь нөгөө л улаан, цагаан намын талцлаасаа болоод таньдаг хүнээр л дамжуулахгүй бол 1000 шилжин ажиллах өргөдөл ирсэн ч хүлээн авдаггүй. Энийг Төрийн албаны зөвлөл өөгшүүлээд өргөдөл хүлээн авч байна уу?
Хуулийн дагуу шийдэж байна уу гэдгийг нь хянахгүй дураар нь дургиулж байдаг. Ийм нүсэр бүтэц, зардал чирэгдэлтэй байгууллагын оронд ганц гар утасны программ байхад л шалгалт аваад, тэнцсэнийг нь зарлаад, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг нь хянаад явчихна. Ийм программыг ШУТИС-ын хоёрдугаар дамжааны хүүхэд ч хийчихнэ. Төрийн албаны зөвлөлд олон л чухал ажил байдаг байх.Гэхдээ төрийн албыг чанаржуулах, шинэ хүний нөөцөөр сэлбэх үндсэн ажлаа ингэж хийж байгаагаас харахад таван цаас хурааж, шалгалт авах нь чухал болохоос тэнцсэн иргэд нь төрийн албанд орж байна уу, мэргэшсэн албан хаагчдаар сул орон тоогоор нөхөн сэлбэж байна уу, үгүй юу гэдэг нь тэдэнд огтоос хамаагүй бололтой. Ерөнхий сайдаас төрийн албыг цомхон чадварлаг болгох шийдвэр гарч, байгууллагуудын орон тоог 10 хувь хүртэл цомхтгож байна. Энэ мэт төсөв цөлмөхөөс өөр идгүй байгууллагуудаа нэг харчихаасай.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн
Ч.Ганцолмон



