
Ираны Дээд удирдагч агсан Аятолла Али Хаменей агаарын цохилтод өртөж амиа алдсанаас хойш долоо гаруй хоногийн дараа түүний хүү Можтаба Хаменейг залгамжлагчаар сонгосон талаар Ираны хэвлэлүүд мэдээлжээ.
Ираны шашны дээд байгууллага болох Мэргэдийн зөвлөл 56 настай, дунд шатны шашны зүтгэлтэн Можтабыг шинэ дээд удирдагчаар томилсон байна. Энэхүү шийдвэр нь Ираны улс төрд хатуу чиг шугам баримтлагчид хэвээр ноёрхож байгааг харуулж байна гэж ажиглагчид үзэж байна.
Ассамблейн гишүүн Аятолла Мохсен Хейдари Алекесир ням гарагт нийтэлсэн бичлэгтээ “Ираны дээд удирдагч нь дайснуудад үзэн ядагдах хүн байх ёстой” гэсэн Али Хаменейн зааврыг үндэслэн нэр дэвшигчийг сонгосон гэж тайлбарлажээ. Тэрээр сонгогдсон хүнийг нэрлээгүй ч “Их Сатан (АНУ) хүртэл түүний нэрийг дурдсан” гэж хэлсэн байна. Энэ нь хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Можтабыг “хүлээн зөвшөөрөх боломжгүй сонголт” гэж мэдэгдсэнтэй холбоотой юм.
Эцгийнхээ “хаалгач” гэгдэж байсан нөлөө бүхий хүн
Можтаба Хаменей эцгийнхээ засаглалын үед улс төр, аюулгүй байдлын хүрээнд ихээхэн нөлөөтэй хүн болж чадсан юм. Тэрээр аюулгүй байдлын байгууллагууд болон тэдний хяналтанд байдаг томоохон бизнесийн сүлжээтэй ойр харилцаатай байжээ. Мөн Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах зорилгоор Барууны орнуудтай харилцаагаа сайжруулахыг дэмждэг улстөрчдийг тэрээр эсэргүүцдэг байсан гэж эх сурвалжууд мэдээлдэг.
Ираны элит цэргийн байгууллага болох Хувьсгалт гвардийн корпустой ойр холбоотой нь түүний улс төр, аюулгүй байдлын хүрээнд нөлөө үзүүлэх боломжийг улам нэмэгдүүлжээ. Зарим эх сурвалжийн хэлснээр тэрээр эцгийнхээ “хаалгач” болж, бодит эрх мэдлийг олон жил далд байдлаар төвлөрүүлсэн байна.
АНУ-д төвтэй бодлогын байгууллага болох Ираны цөмийн эсрэг нэгдлийн судлаач Касра Аараби “Тэрээр ИЦЭН-ийн дотор, ялангуяа илүү залуу, радикал үзэлтэй бүлгүүдийн дунд хүчтэй дэмжлэгтэй” гэж хэлжээ.
Ираны дээд удирдагч нь төрийн бодлогын эцсийн шийдвэрийг гаргадаг бөгөөд гадаад бодлого, цөмийн хөтөлбөр зэрэг чухал асуудлыг шийдэх эрх мэдэлтэй байдаг. Барууны орнууд Тегераныг цөмийн зэвсэг хөгжүүлэхээс сэргийлэхийг зорьж байгаа бол Иран өөрийн цөмийн хөтөлбөрийг зөвхөн энхийн зориулалттай гэж мэдэгдсээр ирсэн.
Дотоодын эсэргүүцэлтэй тулгарах магадлал
Можтаба Хаменей Ираны доторх эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй. Сүүлийн жилүүдэд иранчууд илүү эрх чөлөө шаардан олон нийтийн томоохон жагсаал зохион байгуулж байсан бөгөөд засгийн газар тэднийг хүчээр тарааж байв.
Можтабагийн хувьд 1969 онд Ираны шиит шашны ариун хот Машхад хотод төрсөн. Түүний эцэг шахын засаглалын эсрэг тэмцэлд оролцож байсан үед Можтаба өсөж торнижээ. Залуу байхдаа тэрээр Иран-Иракийн дайнд оролцож байсан байна. Можтаба Ираны шиит шашны гол сургалтын төв болох Кум хотын шашны сургуульд консерватив шашны багш нарын удирдлага дор суралцаж, Хожжатол-Ислам зэрэгтэй болжээ.
Тэрээр Исламын Бүгд Найрамдах улсын засгийн газарт албан ёсны өндөр албан тушаал хашиж байгаагүй. Хааяа засгийн газрыг дэмжсэн жагсаалд оролцдог ч олон нийтийн өмнө маш ховор үг хэлдэг байв. Түүний улс төрийн нөлөө Иранд олон жилийн турш маргаан дагуулж ирсэн.
АНУ-ын Сангийн яам 2019 онд Можтаба Хаменейд хориг арга хэмжээ авсан. Түүнийг төрийн албан тушаалд сонгогдоогүй, томилогдоогүй атлаа дээд удирдагчийг төлөөлөн албан ёсны нөлөө үзүүлдэг гэж үзжээ. АНУ-ын мэдэгдэлд дурдсанаар, Али Хаменей зарим эрх мэдлээ хүүдээ шилжүүлж байсан бөгөөд Можтаба нь ИЦЭН-ийн Кудсын хүчний командлагч болон Басиж нэртэй шашны зэвсэгт бүлэглэлтэй нягт хамтран ажиллаж, эцгийнхээ бүс нутгийн нөлөөг тэлэх болон дотоодын хатуу бодлогыг хэрэгжүүлэхэд оролцсон гэжээ.
2022 онд цагдаагийн баривчилгаанд нас барсан залуу эмэгтэйн хэрэгтэй холбоотой эсэргүүцлийн жагсаалын үеэр Можтаба жагсагчдын шүүмжлэлийн гол бай болж байв. 2024 онд Кум хотод зааж байсан исламын эрх зүйн хичээлээ зогсоож байгаагаа мэдэгдсэн бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, үүний шалтгааны талаар янз бүрийн таамаг дэвшиж байжээ.
2007 онд бичигдэж, дараа нь WikiLeaks-ээр ил болсон АНУ-ын дипломат цахилгаан мэдээнд Можтаба Хаменейг эцэгтэй нь холбогдох чухал суваг гэж гурван иран эх сурвалж тодорхойлсон байдаг. Түүнийг хатуу чиг баримтлагч улстөрч Махмуд Ахмадинежад 2005 онд гэнэт улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхэд нөлөөлсөн гэж олон хүн үздэг.
2009 оны маргаантай сонгуулиар Ахмадинежад дахин ерөнхийлөгчөөр сонгогдоход Можтаба түүнийг дэмжиж байсан бөгөөд энэ сонгуулийн дараа гарсан засгийн газрын эсрэг жагсаалуудыг Басиж болон аюулгүй байдлын хүчнийхэн хүчээр дарсан юм. Тухайн үед сонгуульд өрсөлдсөн дунд зэргийн байр суурьтай шашны зүтгэлтэн Мехди Карруби Али Хаменейд захидал бичиж, Можтаба Ахмадинежадыг дэмжсэн гэж буруутгасан ч Хаменей уг мэдэгдлийг няцааж байв.
Можтаба Хаменейн эхнэр өнгөрсөн бямба гарагт болсон агаарын цохилтын үеэр амиа алдсан байна. Тэрээр Ираны хатуу чиг баримтлагч улс төрч, парламентын дарга асан Голамали Хаддаделийн охин байжээ.
https://itoim.mn/a/2026/03/09/world/ckl?1b9e0e0ca65cd052a6e0345da786ffa0