Ном албан ёсоор "high fashion"-д тооцогдох боллоо
Ном албан ёсоор "high fashion"-д тооцогдох боллоо. Тодруулбал, тансаг зэрэглэлийн "Coach" брэнд өнгөрсөн долоо хоногт номын сэдэвтэй цүнхний зүүлтнүүдээ танилцуулав. Ингэхдээ Жэйн Остины "Sense and Sensibility", Маяа Ангелоугийн "I Know Why the Caged Bird Sings" зэрэг олны таашаалд нийцсэн номуудыг бяцхан зүүлт болгон гаргажээ. Нийт 12 төрлийн зүүлт гаргасан ба нэг бүр нь 95 ам.долларын үнэтэй. Эдгээрийн зарим нь худалдаанд гарсан даруйдаа хэдийнэ зарагдаж дуусчээ.
"Coach" брэнд энэ хавар "Explore Your Story" буюу "Өөрийн түүхээ нээ" сэдэвт кампанит ажил зарласан. Энэхүү кампанит ажилдаа "Z" үеийнхний хүсэл сонирхол, дуу хоолойг нэгтгэсэн аж.
Залуус сүүлийн жилүүдэд ном унших нь нэмэгдсээр соёлын нэгээхэн хэсэг болсон. "Z" болон миллениал үеийнхэн ном уншдаг, номын клубт харьяалагддагаараа бахархаж амьдардаг болж. Олны дунд ном тэвэрч яваа догь залуус ч түгээмэл харагдах болж. Түүнчлэн "BookTok", "Bookstagram", "BookThreads" зэргээр цахим орчинд номын хэлэлцүүлэг өрнүүлэх орон зай ч элбэг болсон байна. Опра Уинфри, Риз Уизерспун, Натали Портман нарын олон алдартан цахим номын клубээр амжилтын гараагаа эхэлж байв.
"Coach" брэнд шинэ бүтээгдэхүүнээ гаргахдаа АНУ дахь "Penguin Random House" хэвлэлийн газар болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын бие даасан хэвлэн нийтлэгчидтэй хамтарсан байна.
Номын сэдэвтэй дагалдах хэрэгсэл гаргасан тансаг зэрэглэлийн брэнд ганц "Coach"-аар тогтохгүй. Өнгөрсөн сард "Dior" брэнд ном загвартай цүнхнүүдээ гаргажээ. Тэдгээр нь энгийн нэг ном биш 19-20 дугаар зуунд хамаарах ховор номуудын анхны хэвлэлийг харуулсан байснаараа онцлог. Үүнд 3550 ам.долларын үнэтэй "Dracula" цүнх, 2600 ам.долларын үнэтэй "Les Liaisons Dangereuses" цүнх багтжээ. Түүнчлэн "Miu Miu" брэнд 2024 онд “Summer Reads” нэртэй кампанит ажил зохион байгуулж, зочдодоо сонгодог зохиолуудаас бэлэглэсэн билээ. Тус брэнд Алерамо, де Сеспедес нарын бүтээлүүдийг онцолсон утга зохиолын клуб үүсгэн байгуулсныхаа дараа энэ кампанит ажлыг эхлүүлжээ. Мөн онд "Saint Laurent" брэнд Парис хотод номын дэлгүүр хүртэл нээсэн юм.




