Шинэ журам хэрэгжсэнээр Тайландад 7000 каннабисын дэлгүүр хаагдав

Шинэ журам хэрэгжсэнээр Тайландад 7000 каннабисын дэлгүүр хаагдав

 

Тайланд даяар 7,000 гаруй каннабисын дэлгүүр лицензээ сунгахгүй байхаар шийдэж, үйл ажиллагаагаа зогсоожээ. Энэ нь марихуаны бодлого чангарч, шинэ журам мөрдөгдсөнтэй холбоотой. Тайланд улсад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны байдлаар нийт 18,433 каннабисын дэлгүүр ажиллаж байсан. Харин 2025 онд 8,636 дэлгүүрийн лицензийн хугацаа дууссанаас ердөө 1,339 нь лицензээ сунгасан бол 7,297 дэлгүүр хаагдсан байна. Ингэснээр одоогоор 11,136 каннабисын дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, хаагдсан 7,297 дэлгүүрийн улмаас түрээс, засвар, тоног төхөөрөмж, ажиллах хүч зэрэгт оруулсан хэдэн арван сая баттай тэнцэх хөрөнгө алдагдсан байж болзошгүй байна. Эдгээр бизнесийн ихэнх нь 2022 оны зургадугаар сарын 9-нд каннабисыг гэмт хэрэгт тооцохоо больсны дараа нээгдсэн юм.

Гэхдээ Пхеу Тай намын тэргүүлсэн засгийн газар бодлогоо өөрчилж, зугаа цэнгэлийн зориулалтаар хэрэглэхийг хориглон, зөвхөн эмнэлгийн болон судалгааны зориулалтаар ашиглахыг зөвшөөрснөөр нөхцөл байдал эрс өөрчлөгдөж байна.

Шинэ сайдын тушаалаар каннабисын бизнес эрхлэгчдэд тавигдах шаардлага ихээхэн чангарав. Үүний хамгийн хүндрэлтэй заалтын нэг нь дэлгүүр бүр хууль ёсоор ажиллахын тулд лицензтэй эсвэл бүртгэлтэй уламжлалт анагаах ухааны мэргэжилтэн байлгах ёстой болсон явдал юм. Улмаар энэ сараас эхлэн Тайландын Эрүүл мэндийн яам каннабисын салбарт тавих хяналтаа эрс чангатгаж, 2022 оны “чөлөөтэй” байсан үеэс татгалзсан байна.

Засгийн газар албан ёсоор “зөвхөн эмнэлгийн хэрэглээ” гэсэн бодлогод шилжиж, зугаа цэнгэлийн хэрэглээг дахин гэмт хэрэгт тооцож байна.

Каннабисын цэцгийг одоо “хяналттай ургамал” гэж ангилж, зөвхөн лицензтэй эмчийн жороор худалдахыг зөвшөөрдөг болсон байна. Каннабис худалдан авахад хүчинтэй жор заавал шаардлагатай бөгөөд нэг удаад 30 хоногийн хэрэгцээнээс илүүг олгохгүй. Жуулчид Тайландын эмчид үзүүлж, эмнэлгийн гэрчилгээ авсны дараа л эмнэлгийн зориулалттай каннабис хэрэглэх боломжтой. Мөн дэлгүүрүүд лицензтэй эмнэлгийн ажилтан ажиллуулах үүрэгтэй бөгөөд каннабисыг онлайнаар эсвэл тодорхой олон нийтийн газруудад худалдахыг хоригложээ. Каннабисын бүх төрлийн сурталчилгааг хориглосон бөгөөд олон нийтийн газар татахыг хууль бус гэж үзэж, 700 ам.доллар хүртэлх торгууль ногдуулна.

 

https://news.mn/r/2847367/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen