Орон нутгийн соёл урлагийн салбарынхан цалингаа нэмүүлэхийг шаардаж байна

Орон нутгийн соёл урлагийн салбарынхан цалингаа нэмүүлэхийг шаардаж байна

 

Орон нутгийн соёл урлагийн салбарын­хан цалингаа нэмүүлэх, хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэхийн төлөө нэгдэж, “Соёлын салбарт хүн ажилладаг” акц өрнүүлж эхэллээ. Тодруулбал, Хэнтий аймгийн бүх сум, тосгоны Соёлын төвийн ажилтнууд ажлын байрандаа эсэргүүцэл илэрхийлэн, уриа лоозон барьж нэгджээ. Засгийн газраас өнгөрсөн онд Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Үүнтэй холбоотойгоор соёл урлагийн салбарын албан хаагчдын цалин хөлсийг улс орны инфляцын түвшинтэй уялдуулан нэмээгүй нь хүний хөдөлмөрлөх эрх зөрчсөн үйлдэл гэж тэд үзэж байна. “Монгол Улсад боловсрол, эрүүл мэндийн салбараас бусдад нь хүн ажилладаггүй биш шүү дээ. Гэхдээ тэдэнтэй барьцаж тэмцсэнгүй, өргөн хэрэглээний барааны үнэ хэд дахин өсчихөөд бай­хад бидний цалинг нэмээгүй, бүр урамшууллыг хассаныг эсэргүүцэж байна” хэмээв. Энэ нь Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг тус тус зөрчиж буйг илэрхийлсэн юм.

Энэ талаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Соёлын төвийн дарга Т.Мөнх­­төрөөс тодруулахад “Цалин нэмүүлэх арга хэмжээнд манай аймгийн 18 сум, таван тосгоны соёлын төвийнхөн бүгд нэгдсэн. Хүн бүрд хууль эрх тэгш үйлчлэх ёстой. Улс орны гол үнэт зүйл болсон соёл урлагийнхныг бусад салбарынх­наас дорд үзсэн мэт цалин хөлсийг нэмсэнгүй. Тэр бүү хэл, энэ сарын цалин нэг хүнийхийг гэхэд 800 мянган төгрөгөөр дутуу бодсон байна. Ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшууллыг хассан. Соёлын төвд 5-6 хүн л ажилладаг ч архив хөтлөхөөс эх­лээд бичиг цаасны ажил маш их. Нэг ажилтан 3-4 хүний ажил хийдэг. Номын санч дуулж, бүжиглээд явж байна. Бидний үнд­­сэн цалин 1.4 сая төгрөг. Ийм цалингаар шинэ, залуу боловсон хүчин хөдөө ирж ажиллах уу” гэв.

Цалингаа үе шаттай нэмүүлэх, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх зорилгоор эх­лүүлсэн эл акцад Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн соёл урлагийн ажилтнууд нэгджээ.

Ч.Болор

https://www.unuudur.mn/a/279939

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen