"НАТО" Хүйтэн дайнаас хойших хамгийн том цэргийн сургуулилтаа эхлүүллээ
НАТО-ийн бүрэлдэхүүнд багтдаг 31 улсын зэвсэгт хүчин хамтран Балтын тэнгисээс Исланд хүртэлх нутаг дэвсгэрт сүүлийн хэдэн арван жилд болоогүй том хэмжээний цэргийн сургуулилтыг хийж эхэлсэн байна. Одоогоор төв Норвегийн бэлтгэлийн бааз бүхий бүст, хасах температуртай цаг агаарт 50,000 гаруй албан хаагч, 250 онгоц, 10,000 танк болон бусад байлдааны машин, техник хэрэгслүүд бэлэн байдалд ороод байгаа ажээ.
"НАТО-ийн гэрээний тавдугаар зүйлтэй холбогдох асуудлуудыг том хэмжээний зэвсэгт хүчнээр хэрхэн шийдвэрлэж болохоо харуулахын тулд бид энд ирээд байна. Усан дээр ч, газар дээр ч, байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд ч бид дараагийн хэдэн долоо хоногийн турш ажиллана" гэж АНУ-ын адмирал, сургуулилтын ерөнхий командлагч Жэймс Фогго (James Foggo) ярьжээ. Гэрээний тавдугаар зүйл дээр НАТО-ийн гишүүн орнууд тус бүр батлан хамгаалах ажиллагаанд нэгэндээ харилцан туслалцах үүрэгтэйг заасан байдаг аж.
80-аад оноос хойш Норвегийн нутагт болсон сургуулилтуудаас хамгийн томд тооцогдож байгаа уг сургуулилт нь холбоотнууд төсвөө танаж, далайн чанадын ажиллагаануудад оролцох болсны дараа дахин батлан хамгаалах асуудалдаа анхаарал хандуулж эхэлсний шинж гэж ажиглагчид үзэж байна.
2014 онд ОХУ Крымийг нэгтгэсний дараа Норвегид сургуулилт хийх Америкийн тэнгисийн цэргийн хүчнийхний тоо даруй хоёр дахин нэмэгдсэн байв. Оросууд өнгөрсөн сард Хятадын хилийн ойролцоо "Восток-2018" нэртэй цэргийн сургуулилтыг хийж, Орос, Хятад болон Монголын армийнхнаас бүрдсэн 300,000 орчим цэргүүд, албан хаагчдыг цуглуулсан нь 1981 оноос хойших тус улсын зохион байгуулсан хамгийн том цэргийн сургуулилт болсон юм.
Хэдийгээр Норвегичуудын ихэнх нь НАТО-д талтай байдаг ч тус улсын зүүний талын үзэлтэй зарим намууд улсаа холбооноос гаргаж, Скандинавын бусад хөршүүдтэйгээ хамтарсан цэрэг зэвсгийн өөр нэгэн холбоог байгуулах сонирхолтой байдаг ажээ. "Энэ сургуулилтаас болж Норвеги, Оросын хоорондох зөрчил улам хурцадна" гэж социалист намаас сонгогдсон парламентын гишүүн Торгейр Наг Филкеснес (Torgeir Knag Fylkesnes) "Ройтерс" агентлагт ярьсан байна.