Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөхөд Б.Махбалын асуудал хөндөгдлөө
Т.БАТСАЙХАН
УИХ-ын чуулганаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжлээ. ЗТХЯ-нд өнгөрсөн наймдугаар сарын 9-ний өдөр нэгнийхээ амь насыг хохироосон гэмт хэрэг, мөн сарын 12-нд төмөр замын ноцтой осол гарсан. Үүнтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж, сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг. Түүний хүсэлтийг ийнхүү өчигдөр УИХ ёсоор болгов. Сайдын асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд байр сууриа илэрхийлсэн. Энэ чуулган дээр хамгийн их яригдсан асуудал нь Ж.Бат-Эрдэнэ ажлаа өгөх гэхээсээ илүүтэй яаманд гарсан хүн амины хэрэг байв. Ялангуяа талийгаачийн амь насанд хүрсэн Б.Махбалтай холбоотой баримтыг зарим гишүүн дэлгэсэн. УИХ-ын гишүүд ЗТХ-ийн Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга асан Б.Махбалын талаар юу гэснийг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: ТАЛИЙГААЧИЙГ ДУУДАЖ УДАА ДАРАА ДАРАМТАЛЖ БАЙСАН НЬ ҮНЭН
-Өнөөдөр мэргэжлийн дагуу, ажлаа мэддэг, чаддаг гэж хэлж болохуйц хариуцсан яамаа мэргэжлийн түвшинд сайн удирдаж байсан Ж.Бат-Эрдэнэ сайд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгч байгаа нь харамсалтай байна. Төрийн албаныхны, яам тамгын газарт байдаг бугшсан байдлын золиос болж ажлаа өгч байна гэж ойлгож байна. Яаманд болсон гэмт хэргийн асуудал бол яамны газар хэлтсийн дарга нарын хоорондын хэрүүл, тэмцэл албан тушаал булаалцалддаг ийм байдлын шууд үр нөлөө. Үүнийг санамсаргүй болсон хэрэг гэж бодож болохгүй. Б.Махбал Дорждагвыг газрын даргаар томилох гэж талийгаачийг өрөөндөө 6-7 удаа өрөөндөө дуудаж дарамталж, АТГ-аас Дорждагвыг газрын даргад тохирохгүй гэж бичиг ирснийг нь сайдаасаа хүртэл нуусан байдаг. Хууль хүчний шударга ёс хаана байна вэ гэж Хуульзүйн сайд Ц.Нямдоржоос асуумаар байна. Энэ хэрэг бол санаатай зохион байгуулалттай гэмт хэргийн бүрэлдэхүүн.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: БҮХ ЭРХ МЭДЭЛ НЬ ПРОКУРОРТ БИЙ
-Энэ хэргийг одоохондоо прокурор хянаад, цагдаа шалгаж дуусах шатруугаа явж байгаа байх. Хохирогчийн ар гэр надад өргөдөл өгч, бас уулзсан. Түүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагад өгч, нэг бүрчлэн шалгах анхаарал татсан асуудал байна гэж хэлсэн. Гишүүдийн яриад байгаа зарим асуудлыг шалгах нь зүйтэй. Зүйл ангийн хувьд цагдаа, прокурорын байгууллага мэдэх асуудал. Нэг зүйлийг хэлэхэд, Эрүүгийн хэрэг дээр ширхэг дараалан шийдвэр гаргадаг байгууллага бол прокурор. Бүх эрх мэдэл нь прокурорт бий. Цаашид ийм асуудлыг прокуророос асуух ёстой. Ер нь гэмт хэргийн нууц гэж зүйл бий, нууц алдагдахад хэрэг төөрөх асуудал бий болох тохиолдол бий.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Б.МАХБАЛ 4-5 КОМПАНИ, АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗТЭЙ БАЙНА
-Талийгаач Гомбосүрэнг ажлын байрандаа архи уудаг мэт нийгэмд буруу ойлголт өгсөн. Гэтэл бодит байдал огт ийм зүйл болоогүй. Энэ асуудал нэг өдөр үүсээгүй гэдэгтэй Г.Занданшатар сайдтай санал нийлж байна. Энэ бол нэг өдөр, нэг шөнө үүссэн асуудал биш. Зам тээврийн яаманд болсон аймшигт хэрэг зүгээр нэг золгүй явдал биш, албан тушаалын төлөөх ноцтой гэмт хэрэг болсон. Б.Махбалын талаар мэдээлэл авахад түүний эзэмшил 4-5 компани, ашигт малтмалын лицензтэй, төрсөн хүү нь найман үл хөдлөх хөрөнгөтэй гээд ямар ч их эд хөрөнгөтэй юм бэ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: ӨНӨӨДӨР ТӨРИЙН ОРДОНД БИЕНЭЭ АЛАХАД БЭЛЭН БАЙНА
-Төрийн яамны байранд ард түмнийг цочроосон аймшигт хэрэг гарлаа. Миний ойлгосноор хэт намчирхал талцалтай шууд холбоотой. Монголд үйл ажиллагаа явуулж буй намуудын үйл ажиллагаатай шууд холбоотой. Мөнгөний хамааралтай болчихсон. Мөнгөтэй хүн байвал түүний хэн байх нь хамаагүй л намдаа авдаг болсноос үүдэж төрийн алба, боловсон хүчинд ийм сөргөөр нөлөөлж байна. Өнөөдөр бусад яам тамгын газар, тэр ч бүү хэл төрийн ордонд биенээ алахад бэлэн ийм л байна. Асуудал ийм байхад улс төрийн намууд бие бие рүүгээ бурууг чихэж суухын оронд дүгнэлт хиймээр байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨХ ЗӨРЧИЛДӨӨНИЙ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН
-Салбарт нь асуудал үүсэх юм бол салбарын сайд нь хариуцлага хүлээдэг улстөрийн жишиг тогтож байна. Гишүүдийн хэлсэн үгтэй санал нийлж байна. Дунд шатны удирдах албан тушаалтнуудын эрх мэдлийн төлөөх зөрчилдөөний үр дүн ийм байдалд хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: ЭМГЭНЭЛТ ЯВДАЛ ГАРСАНД ДАХИН УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА
-Улс төрийн хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар шийдвэрлэж ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө. Сайдаар ажиллаж байх хугацаанд болсон энэ харамсалтай явдлаас болж монгол төрийн албаны нэр хүнд унаж, нэгэн сайхан залуугийн маань эхнэр, аав ээж, гэр бүл дөрвөн хөөрхөн хүүхэд, ах дүү анд нөхөд нь өнчирч үлдсэн эмгэнэлт явдалд дахин уучлал гуйж байна. Сайдын үүрэгт ажлаа өгсөн ч УИХ-ын гишүүний хувьд төрийн албыг цаашид эрүүлжүүлж цэвэршүүлэх, чадваржуулахын төлөө чадах бүхнээ хийх болно.
Ийнхүү УИХ-ын чуулганаар Б.Махбалын асуудал хөндөгдлөө. Сэжигтэн Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа.
Түүнийг цагдан хорих хугацаа есдүгээр сарын 10-нд дуусч прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байдаг. Шүүхээс мөн үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин