Йемений хуситуудын хөөргөсөн пуужинг Саудын Араб тосон устгажээ
Өнгөрсөн амралтын өдөр Саудын Арабын үндэсний телевизийн мэдээлснээр, Йемений хусит зэвсэгт хүчин Саудын Арабын нийслэл Эр-Риядын олон улсын онгоцны буудал руу пуужин хөөргөсөн боловч Саудын Арабын агаарын довтолгооноос хамгаалах арми уг пуужинг тосон устгасан бөгөөд хүн эндэж шархдсангүй, эд хөрөнгө ч сүйдээгүй байна.
Эх сурвалжийн тэмдэглэснээр, Саудын Араб зэрэг улс хусит зэвсэгт хүчний эсрэг чиглэсэн цэрэг дайны ажиллагаа өрнүүлсэн хоёр жилийн турш, хусит зэвсэгт хүчин анх удаа Саудын Арабын нийслэл рүү пуужин хөөргөж байгаа нь энэ ажээ.
Саудын Арабын иргэний агаарын тээврийн газар мэдэгдэхдээ, одоо Эр-Риядын олон улсын онгоцны буудал хэвийн ажиллаж байгаа ба нислэгийн ажиллагаанд нөлөө болоогүй гэжээ.
Энэ сарын 1-нд, Саудын Арабын удирдсан олон орны нэгдсэн хүчин Йемений хойд биеийн Сада мужийн нэгэн объектыг агаараас довтолсон байна. Хусит зэвсэгт хүчин мэдэгдэхдээ, олон орны нэгдсэн хүчин нэгэн зочид буудлыг дэлбэлж, 26 эгэл иргэдийг хөнөөсөн гэжээ.
Харин Саудын Араб мэдэгдэхдээ, олон орны нэгдсэн хүчин хусит зэвсэгт хүчний төвлөрсөн газрыг дэлбэлсэн бөгөөд пуужингийн мэргэжилтнийг багтаасан олон зэвсэгт этгээдийг дэлбэлэн хөнөөсөн гэжээ.
М.Баяр