С.Бямбацогт: Хоосон таамгаар, холыг харсан бодлого зорилтгүйгээр хол явахгүй


С.Бямбацогт: Хоосон таамгаар, холыг харсан бодлого зорилтгүйгээр хол явахгүй

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онол, практик”  олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд ХЗДХ-ийн сайд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөлийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар нар оролцлоо.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хурлыг  нээж хэлсэн үгэндээ "Гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэдэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлын гол цөм нь байх учиртай. Аливаа өвчнийг туссан хойно нь эмчилж эдгэрүүлнэ гэдэг эрсдэл ихтэй, их цаг зардал, тэсвэр тэвчээр шаарддагтай адил гэмт хэрэг гарсан хойно нь түүнийг таслан зогсоож, олж илрүүлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх, угтаж сэрэмжлэх нь юу юунаас чухал билээ.

Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил бол зөвхөн цагдаа, хууль сахиулагчдын ажил мэтээр ойлгох нь өрөөсгөл. Энэ ажилд өргөн олны оролцоог хангаж, тэдний дэмжлэг туслалцааг авч байж сая бүрэн үр дүнд хүрнэ. Мөн хоосон таамгаар, холыг харсан бодлого зорилтгүйгээр хол явахгүй.

Монгол Улсын Засгийн газраас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрүүдийг тус  тус батлан гаргаж, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ ажлын үр дүн ч эхнээсээ гарч эхэлж байна. Урьдчилан сэргийлэх ажил гэмт хэрэгтэй тэмцэх үйлсэд ямар чухал ач холбогдолтой болох нь ч харагдаж байна. Ганцхан жишээ хэлэхэд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд 1993  хэргээр буюу 13,3  хувиар, нийслэлийн хэмжээнд 1761 хэргээр буюу 17,5 хувиар буурсан байна” гэлээ.

Мөн энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Өмгөөлөгчдийн танхим, ӨМӨЗО-ны Өмгөөлөгчдийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан, санал солилцлоо. Уг хуралд БНХАУ, ОХУ-ын төлөөлөгчид оролцож, өөрсдийн оронд гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлж байгаа талаар арга, туршлагаа хуваалцаж буйгаараа онцлогтой юм. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа төлөөлөгчид харилцан мэдээлэл солилцож, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагууд хамтран ажиллах, уялдаа холбоог бэхжүүлэх үр дүнтэй арга хэмжээ болж буйг онцолж байлаа.

 "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онол, практик” олон улсын эрдэм шинжилгээний хуралд "Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааны төлөв байдал, чиг хандлага” сэдэвт илтгэлийг хууль зүйн доктор, профессор Д.Зүмбэрэллхам, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онол: Орчин үеийн чиг хандлага, туршлага” сэдвээр ОХУ-ын Эрхүүгийн өмгөөлөгчдийн танхимын өмгөөлөгч Фалеева Ирина Викторовна,  БНХАУ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогын тухай” сэдвээр ӨМӨЗО-ны Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч А.Бавуу,  "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд өмгөөлөгчдийн оролцоо” сэдвээр Хууль зүйн доктор З.Сүхбаатар,  ОХУ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааны туршлага, чиг хандлага” сэдвээр ОХУ-ын Кемеровогийн Өмгөөлөгчдийн холбооны  Хууль зүйн шинжлэх ухааны доктор Большаков Илья Владимирович, "Криминологид суурилсан Эрүүгийн  эрх зүйн шинэчлэл” сэдвээр Прокурорын хорооны гишүүн Г.Оюунболд нар илтгэл тавилаа.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen