Цахим үнэмлэхгүй бол санал өгөхгүй гэсэн шалтгаанаар иргэдийг буцааж бухимдуулав

 

Монгол Улсын иргэд сонгогчид өнөөдөр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж төрийн тэргүүнээ сонгохоор саналаа өгч эхэллээ. Сонгогч та эрхээ эдэлж, иргэний үүргээ биелүүлэх учиртай тул өглөө 07 цагаас эхэлсэн санал хураалтад иргэд идэвхтэй оролцож байна.

Ингээд Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороо болох 32 дугаар хорооны сонгуулийн хэсгээс сурвалжлага хийлээ.

Өглөө 08.30 цагийн үед СХД-ийн 1847 дугаар хэсэг дэхь санал авах байранд очиход иргэд олон цугларч, оочер дараалал үүсгэсэн байдалтай хоёр цагдаа зохицуулж, гадаах ажиглагч нар бөөн хэл ам хийсэн зогсч байв. Ихэвчлэн өндөр настангууд өнгө өнгийн гоё дээлээрээ гангарч ирсэн нь наадамд ирсэн аятай л харагдаж байна билээ. Бие биенийхээ мэнд усыг мэдэлцэж, сонгуулийн сонин хачин хуучилсан шиг зогсч байв. Хөл муутай хөгшүүлээ сандал дээр суулгачихаад, орох оочер нь болохоор дуудъя гэнэ. Санал авах байр руу хүмүүсийг 10 10-аар нь тасдаж оруулж байв.

Харин гадаа ажиглагч нар яагаад цагдаатай муудалцаж хэл ам хийсэн учир шалтгааныг нь гаднаас тодруулахад "Бичиг баримтгүй хүмүүсийг санал өгүүлэхгүй гээд буцаачихаад байна. Уг нь хурууны хээг нь таньж хэн болохыг нь мэдэж байгаа учир санал өгүүлж байна болно биз дээ, өмнө ч тэгж санал өгдөг байсан. Энэ удаад Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс бичиг баримтгүй хүн санал өгөх боломжгүй гэсэн хариуг цаанаас нь хэлсэн гээд оруулахгүй байна” хэмээн нэг ажиглагч ихэд ууртай ундууцаж хэлсэн юм.

Тэгтэл төд удалгүй "Нөгөө буцаасан хүмүүсийг санал өгүүлэхээр болчихжээ, ашгүй дээ, ороо араас нь явж авчирахаас” гэв.

Санал авах байрын дотор байгаа ахлах зохион байгуулагч эмэгтэй Сонгуулийн ерөнхий хороо руу утасдаж, бичиг баримтгүй хүмүүс санал өгч чадахгүй буцлаа. Одоогоор таван хүн буцаачихлаа, яах вэ гэж учир явдлаа асуухад, цаанаас нь "Хурууны хээгээр нь хэн болохыг таниулаад саналыг нь өгүүл” гэж үүрэгджээ. Сонгуулийн ерөнхий хороо, Иргэний бүртгэл мэдээллийн төвийн хоёрын хоорондын зөрүүтэй ойлголтоос болж иргэний үүргээ биелүүлэхээр ирсэн таван иргэн саналаа өгч чадалгүй их ууртай бухимдалтай буцсан юм. Ядаж байхад тэр хавьд нь ТҮЦ машин байдаггүй гэнэ.

Тэгвэл дээрх  үүсээд байсан жижиг асуудлыг тэр даруй зохион байгуулагчид шийдчихэв.

Ингээд санал авах байр руу орж, саналаа өгөнгүүтээ ахлах зохион байгуулагчтай нь уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.

Тэрбээр "Өглөө 08.40 цагийн байдлаар энэ санал авах байранд 217 хүн саналаа өгсөн байна. Энд нийт 2660 хүн санал өгнө. Бичиг баримтгүй санал өгөх боломжгүй гэсэн асуудал үүссэн ч тэр даруй шийдчихсэн. Тэр хүмүүс санал өгөхөөр болсон. Одоогоор ямар нэгэн зөрчил алга байна. Гурван намын нийт 10 ажиглагч ажиллаж байна. 3 нь энэ дотор, 7 нь гадаа. Гэхдээ дотор сууж байгаа ажиглагчид 2 цаг болоод солигдоно.

Өчигдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 18 хүн саналаа өгсөн. Санал авах цаг 22.00 цаг хүртэл үргэлжилнэ” гэлээ.

М.Энхболдоо ялуулахын тулд гандан гарч ном уншуулна аа

Гадаа оочер дараалалаа хүлээгээд сууж байгаа хөгшид өөр зуураа намын ухуулга хийж, байна. Нэр дэвшигчдийг төрөөс төрсөн тэрбумтан, авлигачид, хулгайчид хэмээн харааж байна. Зарим нь энхрий хайртай Ардын нам эрх барьж байгаа юм. Тэгэхээр М.Энхболдыг л дэмжинэ. Тэрбээр их зүйл хийнэ ээ,  буурь суурьтай тогтвортой, төлөв боловсролтой хүн төрийн тэргүүн болоход юу нь болохгүй гэж хэмээн өмөөрнө. Харин нэг настай өвөө "Би одоо саналаа өгчихөөд гандан гарч Энхболддоо ном уншуулна. Тэнгэр хангай ч сайхан байна. Харж үзэх байхаа, надтай ханьсаж гандан хийд гарах хүн байна уу” гэж үнэн сэтгэлээсээ асууна. Гэтэл хажуугаас нь нэг эмээ "За яршиг байгаа даа, хар халуунд чамайг дагаад явж байхуу, хэн ч гарсан ялгаагүй ээ, олигтой нэр дэвшигч байхгүй шүү дээ, үнэнийг хэлэхэд” хэмээн намжирдана.

Тэгтэл тэндээс нэг сахалтай өвөө  тэс хөндлөн орж ирснээ "Хоёр намын хулгайчууд хэдэн жил л идэж ууж, улс орныг минь цөлмөж хоосолсон. Өнөөдөр өөрчлөлт хэрэгтэй. Тиймээс тэмцэгч Ганбаатарыг гаргах нь зөв шүү, бид ч сайн цагийг үзэж чадахгүй, бидний үр хүүхэд, ач гуч, хойд үе минь сайхан цагийг үзэх хэрэгтэй, тиймээс бид сонголтоо зөв хийнэ шүү” гэж том том дуугарна. Настайчууд шаагилдаж "Хар халуунд ухуулга сурталчилгаа хийлээ, настай хүмүүс байж намбатай бай л даа” хэмээн идэрчүүд нь томорно.

Ийм л сонгууль явагдаж байна. Харин дотор нь ажиллаж байгаа ажилчид сонгогчидтой аятайхан харилцан дэмжиж байгаа нэр дэвшигчийн нэрийг хэрхэн дугуйлж будах талаар сайн тайлбарлаж өгөөд амжилт хүсч байна билээ.

Ингээд саналаа дугуйлсан сонгогчид саналын хавтсанд хуудсаа хийгээд хар машинд саналаа хийхдээ хавтасаа авч үлдэж байна. Харин хуруун дээр бэхээр тэмдэглэгээ хийж өгөөд гаргаж байна билээ.

Сонгуулийн санал хураалт эхлээд таван цаг өнгөрч байна. Улсын хэмжээнд ирц хэдэн хувьтай явагдаж байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооноос цаг тутамд мэдээлэл хийнэ гэдгээ мэдэгдсэн байгаа.

Ингээд төрийн сонгууль түвшин, түмний оролцоо өргөн байх болтугай.

О.Сайхан

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen